Нийгэм


Наадмын талбайд засах хиймэл зүлэгжилтэд 1 тэрбум 200 сая төгрөг зарцуулна

4 жил, 3 сар TIMES.MN

Наадмын талбайд засах хиймэл зүлэгжилтэд 1 тэрбум 200 сая төгрөг зарцуулна

Өчигдөр 18 цаг 50 минут

Г.ЦЭВЭЛМАА

Улсын шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын комиссын ажилчидтай уулзаж, бэлтгэлийн явцтай танилцлаа. Наадмын бэлтгэл ажлыг энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөжээ.  Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд олон улсын томоохон тэмцээн зохион байгуулагддаг хөл бөмбөгийн талбайд хэрэглэгддэгтэй адил хиймэл зүлгийг суулгана гэдгийг албаныхан хэлж байв. Үүний давуу тал нь бороо орох үед доошоо шингэдэг учраас хальтрах, бэртэх асуудалгүй юм. Энэ үеэр наадмын комиссын ажилчид ажлын төлөвлөгөө тайлагналаа.

Наадмын талбайн зүлэгжилтийн ажил энэ сарын 20-нд  дуусна

“Дэрэн” компанийн захирал Г.Мөнхчулуун:

-Хиймэл зүлэг бол манай орны цаг агаарын байдлын хувьд хамгийн оновчтой. Байгалийн зүлгийг ашиглахад бороо орсоны дараа хальтрахаас авахуулаад асуудал ихтэй, эдэлгээ муутай байдаг. Тиймээс сүүлийн үед олон улсад хиймэл зүлгийг сонгож байна. Манай ихэнх сургуулийн талбайд зүлгийг дангаар нь тавиад орхичихдог учраас хатуу, стандарт бус байдаг. Хиймэл зүлэг нь 4-8 мм-ийн хотойлттой, доороо дүүргэлттэй байх ёстой. Тэгэхээр энэ жилийн наадмын талбайн зүлэг 8 мм хотойлттой байх ба доор нь 30 мм-ийн дүүргэлт хийх 120 тн дүүргэлтийн материал бэлтгэсэн. Хүлээлгэж өгөхдөө хэмжилтийн багаж ашиглаж, шалгаж өгнө. Цаашдаа хараат бус FIFA-гийн лаборатори урьж шалгуулаад сертификат авч олон улсын тэмцээн зохион байгуулах боломжтой болно. Наадмын талбайн зүлэгжилтийн ажил энэ сарын 20 гэхэд дуусна.

Шагай харвааны талбайг засна

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах албаны дарга, наадмын бэлтгэл ажлын туслах комиссор Б. Ганзориг:

-Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн гаднах талбайн ашиглалт, замын байдлыг масштаб зургаар харуулж танилцууллаа. Хүй долоон худгыг тойроод татдаг шуудууг эцсийн байдлаар долдугаар сарын найман гэхэд татсан байх шаардлагатай. Мөн наадмын талбай орчмын замын хоёр талын урсгалыг чөлөөтэй явуулах үүднээс замын голоор төмөр хайс тавих асуудлаар мөн чиглэл өгөх шаардлагатай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хэсэгт урлагийн тоглолтын талбайг байрлуулж, хойд хэсэгт хуушуурын талбай байна. Нэг сарын хугацаанд эргэн тойрны машины зогсоолыг зохион байгуулж, журамлаж, хог хаягдалаа цэвэрлэж моддоо янзлах шаардлагатай байна. Мөн сур харвааны ханын өндөрийг 1 метрээр өндөрлөж, шагай харвааны талбайн дээвэр болон ойр орчиныг засах ажлууд хийгдэнэ.

 

Төрийн их баяр наадмыг  гадаа талбайд  зохион байгуулна

Улсын шадар сайд У.Хүрэлсүх:  

Энэ сарын 20 гэхэд наадмын талбайг хүлээн авч, 25-наас эхлээд урлаг уран сайхны бэлтгэл эхлэх юм. Энэ жил хөрөнгө санхүүгийн асуудлыг хугацаанаас нь өмнө шийдсэн учир бэлтгэл ажлын хувьд хэвийн явагдаж байна гэж үзэж байна. Хиймэл зүлгийн ажилд 1 тэрбум 200 саяын хөрөнгө оруулалт хийгдсэн. Олон улсын стандартад нийцсэн зүлгийг тавьж байгаа нь манай улсын хувьд томоохон дэвшил гэж бодож байна. Хог хаягдал, зам харгуйгаа янзалж, будах гэх мэт ажлууд их байна. Төрийн их баяр наадмын концертийг гадаа талбайд зохион байгуулна. “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд долдугаар сарын 4-нээс 15-ныг хүртэл олон үйл ажиллагаа явагдана. Иймээс Монголын ард түмэн маань баяр наадмаараа үзэх харах юмтай сайхан баярлах нь зүй ёсны асуудал юм. Жилдээ ганц болдог улсынхаа баяр наадмыг сайтар зохион байгуулж, нэр төртэй, ёслол төгөлдөр хийх зорилготойгоор наадмын комисс ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.