Аналитик


ИТХ-ын сонгууль өрнөж, “Эрдэнэт”-ийн талаар дахин баримт дэлгэсэн өдрүүд

6 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль улс орон даяар явагдлаа. Гэвч сонгуульд иргэдийн идэвхи оролцоо муу, ирц бүрдээгүй дүүргүүдэд өчигдөр нэмэлт санал хураалт явууллаа. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Нийслэлийн гурван дүүрэгт АН илүүрхэж, үлдсэн тойрогт МАН ялалт байгуулсан гэсэн мэдээлэл байна.  Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал үргэлжлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээлэл хийж, үйлдвэртэй холбоотой дахин хоёр баримт дэлгэлээ. Тэрээр“ Эрдэнэт үйлдвэр хоёр үйлдвэртэй 100 тэрбумын гэрээ хийсэн ”гэв.

Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.

Нийгэм: Эрэн сурвалжлагдаж байсан гурав дахь этгээдийг баривчиллаа


 Сүхбаатар дүүргийн I хороонд энэ сарын 9-10-нд шилжих шөнө ноцтой дээрмийн хэрэгт холбоотой  гурван этгээдийг эрэн сурвалжилж хоёрыг нь цагдаа нар баривчилсан. Тэгвэл урд шөнө  сүүлчийнхийг  цагдаа нар олж баривчиллаа. Эрэн сурвалжлагдаж байсан Б.Насандэлгэр нь Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт нуугдаж байжээ. Цагдаа нар дээрх гурван этгээдийг баривчлах явцад дээрмийн хэрэг үйлдэхэд ашигласан буу болон бусад зүйлсийг олж тогтоон, эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин алдагдсан мөнгөний хэмжээг мөрдөн байцаалтаар тогтоох аж. 

 

Уг хэргийг эргэн сануулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нэгэн орон сууцанд байсан 10 хүн рүү хэсэг бүлэг этгээд дайран орж, буу зэвсэгээр далайлган, их хэмжээний мөнгө болон бусад эд зүйлийг дээрэмдсэн. Хэргийг зохион байгуулсан гэх дөрвөн хүнийг баривчлан саатуулсан бол гурван этгээдийг орон даяар эрэн сурвалжлаад байсан юм. Өмнө нь буюу энэ сарын 18-нд С.Галбадрахыг Булган аймгаас баривчилсан бол 19-ний өдөр Н.Билэгбаатарыг нийслэлээс баривчилсан байна. Ийнхүү эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг баривчилснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэллээ. 

 

Нийгэм: Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн талаар дахин баримт дэлгэлээ



УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Наймдугаар сарын 25-ны өдөр Эрдэнэт үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд нэг гэрээ байгуулагдсан байна. Гэрээнд 2017-2021 оны хооронд таван жил шохой нийлүүлнэ гэж заажээ. Энэгэрээний дөрөвдүгээр зүйлийн хоёрт нэг сонин заалт орсон  байгаа юм. Урьдчилгаа төлбөр 15 тэрбум 258 сая төгрөг гэсэн байна. Энэ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэсэн байна. 

 

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Үүнд урьдчилгаа 40 хувь болох 87 тэрбум 119 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногт шилжүүлэхээр заасан байна. Гэрээн дээр бүх захиралууд нь гарын үсэг зурсан байна. Тамга тэмдэг нь хүртэл байгаа. Тэгэхээр худлаа гэх аргагүй.  Ийм байдлаар дээрх хоёр гэрээнээс урьдчилгаа төлбөр нэрээр 100 тэрбум төгрөг алга болчихсон байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон гэдгийг би удаа дараа хэлж байсан. Энэ хоёр үйлдвэр лүүгээ “Эрдэнэт”-ийн мөнгийг хийх ажлыг зохион байгуулсан. Эдгээр гэрээг хуулийн дагуу байгуулсан эсэхийг шалгах ёстой гэв

 

Сонгууль: Нийслэлийн гурван дүүрэгт АН илүүрхэж, үлдсэн зургаан дүүрэгт МАН ялалт байгууллаа


Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Санал хураалт орон даяар 07:00-22:00 цагийн хооронд явагдлаа. Энэ удаагийн сонгуульд  15212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдлөө.

МАН, АН, Иргэний Зориг ногоон нам, Монголын ногоон нам, Бүгд Найрамдах нам, МАХН, АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл, Эх Орон нам, Монголын Үндэсний Ардчилсан нам, Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчид оролцлоо. Нийслэлийн хэмжээнд Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН ялалт байгуулсан бол төвийн зургаан дүүрэгт зарим тойрогт сонгогчдын ирц бүрдээгүй ч АН-ын нэр дэвшигчид илүүрхсэн гэх мэдээлэл байна. 

Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажилласан байна. Сонгогчдын ирцийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд орон нутагт 50 хувьдаа хүрсэн бол Нийслэлийн хэмжээнд энэ ням гарагт 79 хороонд дахин санал хураалт явуулахаар болжээ.

Мөн Сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд аль нам эвсэл ялалт байгуулагдсан тодорхойгүй байгаа ч урьдчилсан дүнгээр орон нутагт МАН ялалт байгуулсан мэдээлэл байна. 

Томилолт: “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар О.Одбаярыг томиллоо


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн дэд захиралаар томиллоо. О.Одбаяр нь “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм. Тэрбээр:

-       1988 онд ОХУ-ын Киев хотын Багшийн Их сургууль

-       1997 онд АНУ-ын Флоридагийн Техникийн Их сургуулийн ЭЗ-ийн сургууль

-       2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэсэн.

-       Багш, Олон Улсын эдийн засагч, Эрхзүйч мэргэжилтэй

-       2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

-       2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн дарга

-       “Алтай Холдинг” компанийн дэд ерөнхийлөгч

-       UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,

-       “Ард даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 

МУГЖ Г.Ариунбаатарт “Чингис хаан” одон хүртэхээр боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Цагдаагийн "Сүлд" чуулга, Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Маринский театрын гоцлол дуучин Ганбаатарын АРИУНБААТАР-т Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-"Чингис хаан" одон хүртээхээр боллоо. 

Их эзэн хааны мэндэлсөн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж. хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд суртачлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг шагнадаг уламжлалтай. 

Гоё монгол: Ч.Буянт: Монголын сийлбэрийн урлаг өөрөө гайхамшиг


Монголчуудын өв соёл, зан заншил, ахуйг шингээн модны ураар урлагийн бүтээл хийж, түүх соёлоо сурталчилж буй уран сийлбэрчин Ч.Буянтыг энэ удаагийн “Гоё Монгол” буландаа урьж ярилцлаа.

-Та аль нутгийн хүн бэ? Таны төрж өссөн нутаг усны талаар яриагаа эхэлье.

Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын хүн. Сумынхаа төвийн Тарган нуур хэмээх газар төрж өссөн. Би нутаг усаараа бахархан ярих дуртай. Яах аргагүй байгалийн үзэсгэлэн цогцолсон сайхан нутаг. Төрийн тахилагат Цагаан чулуутын овоондоо ажил амьдралаа даатгаж явдаг даа. Манай нутгийнхан үеийн үед энэ овоондоо сүү цагаан идээгээ өргөж тахиж ирсэн байдаг юм.

-Таны удамд сийлбэр урладаг хүн байсан уу?

Яг модны ураар сийлбэр урладаг хүн байгаагүй. Миний ээж Монгол гутлаа урлаад өмсчихдөг оёдолчин хүн байсан. Бага балчираасаа л ээжийнхээ урласан Монгол гутал, дээлийг өмсөж өссөн дөө. Харин миний аавын хувьд ердийн хөсгийн тоног төхөөрөмжөө өөрөө хийчихдэг байсан.

-Модон урлалын сийлбэрээ хэзээнээс хийж эхэлсэн бэ?

Монголын Сийлбэрийн урлаг гэдэг өөрөө гайхамшиг. Миний хувьд 1998 оноос эхлэн модны ураар сийлбэр хийж эхэлсэн. Өвлийн хүнд хэцүү бэрх цаг, зуд турханд мал хөрөнгөө алдах нь малчин хүн бүрт л тохиолддог хэлж биш, хийсч ирдэг зовлон. Надад ч бас энэ зүйл тохиолдсон. Тэр үеэс үр хүүхэд ар гэрээ авч явах үүрэг хүлээсэн эр хүний хувьд сийлбэрийн ур дүйгээ хөгжүүлэн бүтээлүүдээ урлаж эхэлсэн. 18 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим, оюун санаа, тэсвэр хатуужилын үр дүнд миний бүтээлүүд бий болсон доо. Дэлгэрэнгүйг ЭНДээс уншина уу.

 Л.Анхаа



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.