2017-01-21
TIMES Ярилцлага 8 сар, 3 долоо хоног


Б.Болдбаатар: Охинтойгоо дуулахдаа өөрийн эрхгүй уйлчих гээд байсан

2016-5-Р Сар-03 TIMES.MN

                       

Ай би нутгаа санахаараа

Аяар аяархан дуулан гэгэлздэг ээ

Аав л эжий хоёртоо очоод

Ярьж хөөрөөд ирмээр болдог оо

Нутгаа санаад уярдаг сэтгэл минь

Намар оройн бороо шиг зүсэрдэг ээ

Нутгаа санаад уйлдаг сэтгэл минь

Үүнээс илүү  нутгаа санах сэтгэлийг  илэрхийлэх  үг  байхгүй юм  шиг санагдаж  сэтгэл  минь гэгэлзэв.  Үнэндээ хүний нутгийн хатуу хөрсийг зөөллөж, хүйтэн жаврыг эерээж амьдралын урсгалыг сөрөхийн тэр дундаа эх орон, элгэн саднаа санахын  хэцүүг   харь   газар   ажиллаж   амьдарч  бие сэтгэлээрээ  мэдэрсэн  хэн   бүхэн   илүүтэй   мэдэх болов  уу. Тэр сэтгэлийг яг амьд бүтээл мэт хүний тархи зүрхэнд сийлж чадна гэдэг уран бүтээлч тэр дундаа дуучин хүний ур чадвар гэлтэй. “Нутгаа санасан сэтгэл” дуу  миний  эх  нутгаа санасан  сэтгэлийг  сэдрээсэн шиг хилийн чанадад байгаа олон мянган  элэг   нэгтнүүдэд маань  хүрсэн нь лавтай. Нийтийн дууны ертөнцөд нэгэн тод өнгө нь болж чадсан дуучин бол МУСТА Базарсадын Болдаатар. Түүнтэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.  Дашрамд дурдахад тэрбээр маргааш  ( 5 сарын 4-нд) “Зүрхэн нутаг” уран бүтээлийн ээлжит тоглолтоо үзэгч фэнүүддээ толилуулах гэж байгаа юм байна.



Урлагт  анх  хөл тавьж байсан үеэс  тань  яриагаа эхлэх үү. Хүүхэд байхын дуулдаг байв уу?

Багаасаа дуулах дуртай байсан. Гэхдээ дуулахаасаа өмнө сургуулийнхаа гар бөмбөгийн  тэмцээнд  их оролцдог  байлаа. Гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй. Эсвэл бүжгийн тэмцээнд орно. Хөгжим бас тоглодог байсан. Нэг удаа сумынхаа “Өвлийн хишиг” наадамд дуугаар оролцож  түрүүлээд тэрнээс хойш дуулдаг болсон. Яг дуулж эхэлсэн маань гэвэл 10 дугаар ангид орсон жилээ Хэнтий аймгийн хэмжээнд зохиогддог байсан "Яргуй” наадам, “Хүүхдийн урлагийн их наадам” –д  оролцоод түрүүлж  байсан. Голдуу “Никитон” хамтлагийн Бачкагийн  “Эгчмэд бүсгүй”, ”Никитон дуулж байна” гээд л нилээд хэдэн дууг нь дуулдаг байлаа. Урлагийн наадамд оролцохдоо алт, мөнгө, хүрэл гээд бүх  медалийг нь аваад уйгагүй явдаг байжээ. .  


Хэнтий нутгийн хүү гэдгийг тань анддаггүй. Нутгийнхаа тухай ярих бахархах зүйл бишгүй байгаа болов уу?

Эзэн Чингисийн өлгий нутагт төрсөндөө хамгийн их бахархдаг.  Хэнтий нутгийнх гэдгээрээ төдийгүй Чингисийн Монгол гэдгээрээ бахархдаг.  Монгол хүн бүр л ингэж боддог шүү дээ. ”Зүрхэн нутаг” тоглолт минь л гэхэд Монгол улс маань Азийн  зүрх  төдийгүй  дэлхийн зүрх нь байгаасай гэж бэлгэдэж нэрлэсэн байгаа. Миний хувьд үндсэрхэг үзэл маань их давамгайлдаг.


Дуучин болсон тань удмынх  уу? 

Аав маань алт мөнгөний дархан. Ээж  насаараа сурган хүмүүжүүлэх ажил хийсэн, хөгжимчин хүн. Соёлын тэргүүний ажилтан цолтой. Сайхан дуулчихна. Аавын маань талд нутаг олондоо алдаршсан бүжигчин, дуучин хүмүүс их бий. Тэдэн дотор дээр үеийн “Дүнжингарав “ чуулгын  дуучид ч бий.  Тэгэхээр миний хувьд удам залгаж яваа гэж боддог.


Аавынхаа  уран дарханы талын авьяас байдаг уу?

 Эцэг эхээс долуулаа.  Хамгийн бага нь би. Ганц эгчтэй. Олон ах нарынхаа бас эгчийнхээ гар дээр бөмбөрч өссөн жаахан эрх талдаа байсан. Яг аавынхаа авъяасыг дуурайсан нь ах нар маань. Миний  хувьд  дарханы талын авьяас маруухан. Хүүхэд байхдаа  хар лавыг нь хайлуулж өгөх зэргээр аавынхаа дарханы ажилд ойр зуурын ажилд бол тусалдаг байсан. Дарханы ажилдаа жаахан дөр суулгаж,  хэр явцтайг нь харъя  гэсэндээ тэр үү аав маань  жижигхэн майхан барьж өгөөд, баахан хөнгөн цагаан давтуулдаг байсан. Би  тэр  хөнгөн  цагааныг давтаад  бөгж  болгож зүүхээс хэтрээгүй. Аавынхаа хаана нь ч хүрэхгүй. Аав маань алдарт Тожил дархны шавь. Жинхэнэ Батноров хийцийг манай аав хийдэг. Харин шавь нар гэвэл  олон бий. Тэднээс нь улсдаа нэрээ гаргаж яваа нь ч цөөнгүй.


Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Дээр нь  хөдөлмөрч  зан чанарыг нь дэргэдээс нь бишгүй харж байсан байх?

Аав маань дуу цөөтэй тайван хүн. Би аавыгаа дуурайхсан гэж боддог. Нутаг усандаа их нэр хүндтэй. Цагаан сараар аавынд хонож байж золгохгүй бол манай нутгийнхан шавчихдаг. Одоо бэлэн хэв  нь гараад ирсэн болохоос биш дээр үед шавраар цохиж гаргахаас эхлээд бүгдийг гар аргаар хийдэг байсан.


Аавын тань бүтээсэн олон сайхан хийц байдаг байх даа?

Сад гуайн хийцийн эмээл гээд олон түмэндээ танигдсан байхыг харах сайхнаас гадна бахархах сэтгэл төрдөг. Их олон газраас захиалж хийлгүүлж байсан. Бас зарагдаж ч байсан. Аав маань Тожил дарханы хийцийг суралцсан тэр эрдмээрээ олон сайхан эмээлийн чимэг, их гарын хийцийг хийсэн байдаг юм.


Тэгэхээр  удам   судрынхаа    тухай  бахархах  олон сайхан  зүйл байгаа байх?

Авгууд  буюу  аавын  талынхан  маань Тоотынхон гэж явдагийн. Тоот гэж нутагтаа нэртэй  уртын  дуучин  хүн  байсан гэдэг. Нутаг усандаа жил бүр Тоотынхон гэж ургийн баяраа хийдэг уламжлалтай. Энэ баяр дэлгэр сайхан цагаар голдуу наадмын дараагаар манай БатНоров суманд болдог.  Мянга гаруй хүн цугладаг энэ ургийн баяраар гол нь ургийн хэлхээ холбоогоо хамаатан саднаа таньж мэдэх том уулзалт  болдог. Энэ үеэр Хэнтий аймгийн маань тал талаас  ирсэн хурдан морьдын уралдаан болдог. Дээр нь  бөхийн  барилдаан урлагийн тоглолт гээд сум даяар том үйл явдал болдог. Бүр хоёр гурван өдөр үргэлжилж наадам шиг байдаг.


Дуунууд чинь өөрийн гэсэн өвөрмөц онцлогоороо нийтийн дууны  ертөнцөд байр сууриа хэдийн олсон. Сайн уран бүтээл төрүүлэх уран бүтээлч бүрийн онцлог байдаг болов уу?

“Тогоруутай нуур”, ” Нутгаа санаад уярдаг сэтгэл” гээд олон сайхан дуу бий. Дуулж байгаа дуу бүртээ сэтгэлээ шингээж дуулах нь уран бүтээлч хүн бүрт байх зайлшгүй чанар. Нөгөө талаар дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч нарын хамтын бүтээл  гэдэг утгаараа үг , ая, тухайн дуучны  ур чадвар төгс зохицож , гоё тохироод ирэхээрээ олны хүртээл болж  байдаг.  Миний хувьд уран бүтээлээ  аль болох нэг хэвийн баригдмал байхаас зайлсхийж шинэлэг байхыг хичээдэг.



Охинтойгоо хамтарч дуулсан тань олны талархлыг ихэд хүлээсэн. Энэ дууг дуулахад чинь охин тань аавынхаа шийрийг хатаах нь ээ гэдэг бодол төрүүлээд  байсан?

“Ухаан цэцэг хоёр “ дууг анх хүүхдийн ордны хүүхдүүдтэй  дуулсан. Дараа нь сэдэв утга нь их хөөрхөн  ая нь наалдацтай энэ дууг  охинтойгоо дуулж үзье гэж шийдээд анх нэг кино концертон дээр дуулж байсан. Миний охин чинь аавынхаа тоглолтыг  зурагтаар үзэхдээ дагаж дуулдаг, намайг гэртээ бичлэг тавиад сургуулилалт хийж байхад урдуур хойгуур гүйгээд, заримдаа дууриаж дуулж  байгаад  ихэнх дууг маань сурчихсан  байсан. ”Ухаан цэцэг хоёр” дууг дуулснаас хойш энэ дуу  бид хоёроор овоглогдох болсон доо. Энэ дуу ямар ч клипгүй байж байгаад, кино концертоор  олонд  хүрсэн..


Охин тань тэр дууг хэдтэйдээ дууллаа?

Таван жилийн өмнө шүү дээ. Одоо охин маань 14 хүрч байна.


Охинтойгоо хамт дуулах мэдрэмж арай л өөр санагдсан уу?

Тийм ээ, нэг л тийм нандин өөриймсүү дотно илүү гоё мэдрэмж төрдөг юм байна лээ.  Охин маань дуулаад байгаа болохоор өөрийн эрхгүй самсаа шархирч, нулимс унагачихдаг юм билээ.


Аавтайгаа дуулсан нь охинд тань том бахархал бас урам болсон байх даа?

Тэгэлгүй яахав. Одоо болтол энэ дуугаа ярина. Бид хоёрын дуулсан энэ дуу телевиз, интернэтээр багагүй гарсан болохоор тэр үү охиныг  энд тэнд явахад нь хүмүүс анддаггүй. Бага байхдаа хүмүүстэй тааралдвал би дуучин Болдбаатарын охин шүү дээ гээд гүйгээд оччихно. Сүүлдээ заавал ингэж аавынхаа нэрийг дурдах хэрэггүй гээд  хэлчихгүй юу. Тэгтэл нэг өдөр хүмүүс асуухад нь манай хүн тэсэхгүй хэлсэн юм байна л даа. Тэгэнгүүтээ над руу гүйж ирээд “Ааваа хүмүүс намайг дуучин Болдбаатарын Марал уу гэнэ ээ” гэж байгаа юм. Өөрөө хэлчихээд худлаа хэлж байгаа нь тэр. Аавтайгаа хамт дуулсныхаа дараа хүмүүс бид хоёрыг их гоё хүлээж авсан. Дахиад нэг дуу хамт дуулъя гээд байгаа.


Гэхдээ охиныхоо хүслийг биелүүлнэ биз дээ?

Аливаа юм ганцхан байхдаа үнэ цэнэтэй  чамин байдаг шүү дээ. Одоохондоо хамт дуулах талаар төлөвлөсөн юм алга. Дууг  нь бичүүлж өгнө гээд л амлаад байгаа. Охин маань дуучин болох сонирхолтой юм шиг байгаа. Мэргэжлээ өөрийн хүслээр сонгоосой гэж боддог. Одоо манай  хүү  илүү хөөрхөн дуулаад байна. Эгч нь ингэж  хэлвэл жаахан гомдох байх даа. Охинтойгоо дуулсан юм чинь хүүтэйгээ дуулж болохгүй юм байхгүй.


Хүү тань бас л бүх дууг чинь мэддэг үү?

Мэднэ , мэднэ бүгдийг нь мэднэ. Нэг удаа гэр рүүгээ орж явтал  нэг л их цангинасан эвлэг хоолойтой хүү “Ухаан цэцэг хоёр “ дууг дуулж  байна аа. Ямар гоё дуулж байна аа гэж бодсоор хаалгаараа ортол хүү маань бичлэг тавьчихсан, микрофон бариад дуулж байдаг байгаа. Бас л нэг дуучин гарах юм шиг байна.


Гэртээ сургуулилалт хийдэг байдал бас нөлөөлдөг  байх?

Гэртээ сургуулилалт хийх  үе бишгүй. Ажил амжихгүй үедээ голдуу машиндаа шинэ дууныхаа бичлэгийг тавьчихаад сургуулилалт хийдэг.


 “ Халуун тангарагтай амь”, ”Нутгаа санаад уярдаг сэтгэл“, “Зүрхэн нутаг” зэргээс  харахад  эх орны сэдэв зонхилоод байна л даа. Дуучин хүний хувьд үзэл бодлоо уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог тал бий юу. Үндсэрхэг үзэлтэй гээд нэгэнтээ дурьдаад авсан?

 Дуучин хүн дуулах бүртээ суралцаж байдаг. Нэг дууг олон дуулах тусмаа дуу руугаа орж уусч байдаг. Мөн дууныхаа үг дээр илүү ажиллах  шаардлагатай байдаг. Миний мэргэжлийн багш МУАЖ  Жамьянжав. Долдой  гэдгээр нь мөн худалдаачны дүрээр нь хүмүүс анддаггүй. Одоо бурхны оронд одсон. Багш маань дуурийн дуулаачийн мэргэжлээр Болгарт төгссөн. Гавьяат агсан Ганбатаас эхлээд  дэлхийн түвшинд гарсан олон сайхан шавьтай. Багш маань байнга хэлдэг үг нь “Эхлээд дууныхаа үгийг сайн судал.Тэгээд дууныхаа утгыг бичсэний дараа дуулаад үз. Тэгсэн цагт дуундаа орж  өөрийн болгодог“ гэдэг байсан. Тэр зааснаар нь эхлээд дууныхаа үгэн дээр ажилладаг. Миний “Зүрхэн нутаг” дуунд л гэхэд

Зуун зууны түүхтэй

Зүрхэнд мөнхрөх нутаг минь

Зуун зууны ерөөлтэй

Зүрхний хайртай нутаг минь

гээд. Энэ дууг дуулахад эх орон минь бүхэлдээ нүдний минь өмнө зураглагддаг. Би Монгол орныхоо бүх аймаг сумаар явж тоглосон. Ингээд явж байхад газар шороогоо юу ч үгүй  сэндийлж   ухснаасаа  болоод гол мөрөн багасч, нуур ширгэж байна. Түүгээр зогсохгүй, цөлжих тал руугаа орсон байгааг хараад сэтгэл шимширдэг. Өмнөговь аймаг гэхэд шороон хуйн дунд байна. Одоо ийм байдалтай байхад бидний үр хүүхэд тэр орчинд яаж амьдрах вэ. Наад зах нь уух усгүй болвол яах вэ. С.Жавхлан гавьяат энэ талаар зөндөө их ярьж байна. Тэмцэж байна. Энэ хүн аль хэдийнэ  дуугаа мэдэрсэн,  үзэл  бодол нь уран бүтээлдээ суугаад өгчихсөн болохоор тэсч чадахгүй үгээ хэлээд яваад байна л даа. Зарим нь тэнэгтэж байна, бархирч байна, хэтэрхий улстөржиж байна гээд байгаа.  Энэ хүний хэлээд байгааг зарим төрийн түшээд эрх тушаалтангууд мэдэхгүй ойлгохгүй байж болно. Тэр бүхнийг залуу хүмүүс бид хэлж мэдрүүлж болох янз бүрийн эрсдэл аюулаас хамгаалахгүй бол  хэн ирээдүй хойчоо аврах юм бэ гэж хэлмээр байдаг. Тийм болохоор миний хийж чадах зүйл уран бүтээлээрээ, одоо дуулж буй эх орны сэдэвтэй дуунуудаараа үзэл бодлоо, хүсэл эрмэлзлээ  хүргэхийг зорьж яваа гэхэд болно.

 Оюутан гэж сонссон. Уран бүтээлийнхээ хажуугаар өөр алба хашдаг уу?

СУИС-иа төгсөөд, Удирдлагын академид  суралцсан. ”Их засаг” сургуульд  сураад, эрх зүйч  мэргэжлээр төгсөх гэж байна. Уран бүтээлийнхээ хажуугаар ”Мандал алтай” группт гүйцэтгэх захирал хийдэг. 


Сүүлийн үед шинээр ямар уран бүтээл хийв?

“Зүрхэн нутаг” нэртэй цомгоо гаргалаа. Энд аавынхаа багш Тожил дарханд зориулсан “Мөнгөн чимэгтэй  эмээл” дуунаас гадна “Боорчийн дуулал” “Тарнын яргай”,”Монгол адуу” охиндоо зориулсан “Айл цалгиасан охин үр“, мөн гэргийдээ зориулсан “Уучлаарай хань минь” гэдэг дуу байна. Бид амьдралын олон даваа нугачаанд алдаж, онож явдаг. Тэр дундаа голомтыг минь бадрааж яваа гэргийгээ гомдоож байсан бол уучлаарай гэж ханьдаа зориулж  энэ дуугаа дуулсан байгаа.  Уран бүтээлч хүний ар талын бүх ажлыг хань ижил нь амжуулж байдаг. Хань маань амьдралын минь ихэнх ачааг үүрч яваа. Гурван сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Эхнэр маань дөрөвдүгээр анги, би тавдугаар ангид байх үеэс эхэлж  үерхээд  дараа нь амьдралаа холбосон. Миний уран бүтээлийн хамгийн том шүүмжлжэгч. Сүүлдээ өөрөө урлагийн хүн шиг болчихсон. Манай хүн өөрөө бас сайхан дуулна. Их эмч мэргэжилтэй л дээ.

Түүнтэй цөөн хором ийн хөөрөлдөв. Үг дуу цөөтэй, асуусан асуултанд товчхон хариулдаг тэрбээр  дотоод уянга, нандин  чанар нь уран бүтээлдээ л тэсэрдэг байх гэмээр санагдаж байв. 

Б.Туул

                 


                 


                 




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.