Аналитик


АН-ын даргын сунгаанд дөрвөн нэр дэвшигч тунаж үлдэв үү

5 сар, 1 долоо хоног TIMES.MN

Ардчилсан намын хувьд эгзэгтэй сонголтын ирмэг дээр ирээд байна. Дотоод зөрчилдөө туйлдан,  фракцын талцалд нэрвэгдэн, ханцуй доторх тохиролцоогоор асуудлыг шийдвэл аврагдах биш арчигдахын  дохио. Харин шат шатныхаа байгууллагуудын байр суурийг анхаарч, гишүүдийнхээ үгийг сонсч, ялагдлаасаа сургамж авч,  шинэчлэл хийхийн төлөө  нэгдэж, шинэ цагийн өнгө аясыг мэдэрч  чадвал  хүчийг  төвлөрүүлж, түмний итгэлийг  сэргээж  эхэлнэ.  “Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монголын улс төрийн бодлогын шинэчлэл ” гэж  Ардчилсан намынхан тайлбарлаж байгаа шигээ байх уу гэдгийг олон түмэн  ажиглаж буй. Улстөрийн хүрээнд ч тэр ялгаагүй. Ардчиллагчдын үйл хөдлөл, үг яриаг сүрхүү сонжиж байна. Хэн намын дарга болох, дүрмийн шинэчлэлээ хэрхэн хийх  нь үү гээд л.

 Дарга  хэн байх нь хамаагүй, дүрэм чухал гэж онолдогчид олон бий. Гэхдээ айл өрхөөс эхлээд албан байгууллага, улстөрийн нам, улс орон  ч ялгаагүй  толгойлогчоос  их зүйл шалтгаална. Хэчнээн сайхан дүрэмтэй болсон ч дарангуйлагч, бусдыг дорд үзэгч,  басамжлагч, бардам нэгнийг даргаар сонговол шинэчлэл биш шийтгэл болж хувирах биз ээ.

 АН-ын ҮЗХ-ны хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 16-нд хуралдахаар зарлажээ.  УИХ-ын сонгуулийн дараа АН-ынхан ҮЗХ-гоо гурван удаа хуралдуулахаар тов зарласан ч  тодорхой шалтаг зааж  хойшлуулсаар ирсэн  учраас энэ удаад  булзахгүй байлгүй. 
Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдаанаар үндсэн зургаан асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.
Их хурлаа хийх хугацаагаа товлох. Үүнд нэг их ач холбогдол өгч, маргалгүй ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийнэ гэснээрээ  тогтчих биз. Харин УИХ-ын сонгуулийн дүнгийн талаар болон Хяналтын хорооны шийдвэрийг  хэлэлцэх нь ширүүхэн сэдэв болох магадлалтай байна. Учир нь  хүч тэнцвэргүй тойрогт дэвшүүлэн зайлуулсан, өөрсдийнхөө байгуулсан Засгийн газрыг огцруулах кпоп дарсан, намынхаа нэр хүндэд халдсан гээд дотоод нарийн, ширийн асуудлаа ярилцах бололтой. Мөн удахгүй болох Их хурлаар хэлэлцэх намын дүрмийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулах, Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг ҮЗХ-ны хурлаас томилох, намын даргын асуудлыг хэлэлцэх  юм байна.

Ардчилсан намын даргын гол сунгаа  дөрвөн хүний дунд болж магадгүй байна.

 

                        Ярихаасаа илүү хийхийг илүүд үздэг


Д.Эрдэнэбат Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор одоо болтол зарлаагүй байгаа . Түүнд нэг онцлог бий. Хийхээс өмнө чалчиж, бүтээхээсээ өмнө ярихыг чухалчилдаггүй. Их ярих тусам замхарч, улстөржих бүрт асуудал гацаж, дэвэргэх болгонд нурдаг гэдгийг мэддэг нэгэн. Тэрээр энэ хугацаанд намынхаа төлөө ажилласаар яваа. Орон нутгийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллалаа. Ямартай ч их хурлын сонгуулиар навс ялагдсан бол, орон нутгийн сонгуулиар нийт 330 сумаас 104-т нь,  есөн дүүргийн гуравт АН ялсан юм. Энэ бол чамлах үзүүлэлт  биш ээ. 2012 оны  сонгуулиар  намын генсек байсан хүний хувьд намынхаа дарга Н.Алтанхуяг болон багийнхантай  гар нийлж, хүчээ зузаатгаж ажилласны хүчинд АН  ялалтын туг өргөж байсан түүхтэй. Түүнд удирдах, зангидах, ажлын ард амжилттай гарах туршлага бий. Бас хэлсэн үгэндээ хүрдэг, за гэвэл ёогүй, фракцлаад байдаггүй гэж намынхан нь үнэлдэг юм билээ.

Ардчилсан намаас УИХ-д ялалт байгуулсан есөн гишүүний нэг.  Ч.Сайханбилэгийн танхимд буюу  Шийдлийн засагт Аж үйлдвэрийн сайд хийж байлаа. Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа аж үйлдвэрийн салбарыг өндийлгөх  олон ч бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийг богино хугацаанд батлуулж чадсан гэдэг.

УИХ-ын сонгуулийн дараа З.Энхболд өөрийн хүсэлтээр намын даргын ажлаа өгөхөд АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс түүнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Д.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа намынхаа шинэчлэлийн талаар “Арванхоёрдугаар сарын 6-нд бид шинэ дүрмээ өлгийдөж авна. 2017 он шинэчлэлийн он жил байх болно. 2020 онд Монгол Улсад төрийн зөв бодлогын  жишгийг эхлүүлнэ. Ардчилсан нам бол ард түмний дундаас буй болсон үндэсний хэмжээний нам. Нийт иргэдийн 35 хувь нь энэ намын гишүүн. Нам задарна, тарна гэсэн ойлголт байх ёсгүй. Фракцийг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа байсан. Одоо эрх ашгийн бус, бодлого нэгтэй фракц байх ёстой. Үүнийг шинэчлэл, дүрмийнхээ хүрээнд шийднэ” хэмээн онцолжээ.

 

Тууштай, сэтгэгч



П.Цагаан Ардчилсан намын даргад өрсөлдөнө гэдгээ хамгийн түрүүнд зарласан юм.  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар найман жил шахам ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр чөлөөлөгдсөн.  УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Боловсролын сайдаар ажиллаж байсан төрийн ажлын туршлага түүнд багагүй бий.  Тэрбээр Ардчилсан намыг өрсөлдөх чадвартай нам болгоно гэж зарлаад буй.

Түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэдэг. Тэр ч утгаар харддаг. Ц.Элбэгдорж Ардчилсан намын аврах нэрээр  П.Цагааныг  илгээлээ гэсэн таамаг хөвөрч буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  ярилцлагадаа  “Намаа сэхээнд ортол нурааж, тамласан хүн одоо эмчийн дүрээр аварна гэдэг юу л бол” гэсэн нь  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандсан үг бололтой. П.Цагаан байнга шинийг эрж, санаачилж явдаг уйгагүй нэгэн. Түүний санаачилсан ажлуудаас дурдвал “Ядууралтай дайн зарлая!”, “Хүнд суртлыг хогийн саванд чихэцгээе!” “Элсний нүүдлийг зогсоох нь!” зэрэг  хөтөлбөрүүдээс гадна ард түмэндээ шинэ жилээр архи биш сүү уулгаж сургах санаачлагыг анх гаргасан гэдэг.  Мөн Улаанбаатарыг дэлхийн хамгийн утаагүй хот болгон 2060 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар дээд хэмжээний уулзалтуудыг хүртэл хийжээ. АСЕМ ч гэсэн түүний санаа байсан гэх. Ерөөсөө Элбэгдорж ерөнхийлөгчийн санаачилсан зүйлүүдийн анхдагч сэдлүүдийг Цагаан дарга гаргаж өгдөг гэдэг юм билээ.

 

 

Завсарын хүн

 


Л.Гантөмөр Ардчилсан намын даргад өрсөлдөхөө илэрхийлчихээд байгаа. Нийслэл төдийгүй хөдөөгүүр ч шинэчлэл-шийдэл хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жил БСШУ-ны сайдаар ажилласан.  УИХ-д гурван удаа сонгогдож байсан. Түүний ард “Нэг-Ардчилал”-ынхан байгаа гэдэг ч  тус фракц саяхан албан ёсоор татан буугдсанаа зарласан.

Тэрбээр “Нэгд, үзэл бодолдоо үнэнч нам болох ёстой. Энэ нь бодлогын нам байхыг хэлнэ. Хоёрдугаарт, алсын хараатай нам болох ёстой. Гуравдугаарт, гишүүдийн, олон нийтийн нам болох шаардлагатай. Дөрөвдүгээрт ямар ч фракцгүй, нээлттэй нам болох хэрэгтэй. Тавдугаарт иргэдээ сонсдог нам болох хэрэгтэй” гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр намын дарга болсон тохиолдолд тарж бутран, хэрүүлийн бай талбай болсон намынхаа нөхдүүдийг хурааж хумьж, нэгтгэн атгасан гар шиг болгож чадах уу гэдэг асуулт ургана. Хэдийгээр 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан гэх туршлага бий боловч бүхэл бүтэн намыг авч явна гэдэг гишүүнээр, сайдаар ажиллахаас  илүү ярвигтай. "Намын шинэчлэлийг залуучууд хийнэ"гэж ярьдаг болсон өнөө цагт нас зүсээрээ намын даргад тэнцэж магадгүй хэдий ч түс тас шийдвэр гаргадаггүй түүнийг завсарын хүн гэж тодорхойлох нь ч бий. Тиймээс фракцуудын дунд хавчуулагдсан дарга ч биш, фракцийн толгойлогч ч биш завсарын нэг сааралхан дарга болох вий гэсэн болгоомжлол намын гишүүдийн дунд бий гэсэн.

 Фракцыг дэмжигч



Лу.Болд даргад өрсөлдөнө гэж түс тас мэдэгдээгүй ч тойруу замаар илэрхийлжээ. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа “АН-аа байр суурь нь унасан, эв дүйгээ олохгүй байгаа энэ цагт тулж түшиж аван бие, сэтгэлээрээ зүтгэхээс хойш суухгүй” хэмээн мэдэгдээд өөрийгөө “АН-ЫН БЭЛТГЭГДСЭН УЛСТӨРЧ ГЭЖ ҮЗДЭГ” гэж зарлалаа. Лу.Болд “Зөв бүтэцтэй  фракц харин ч намыг хойш татах биш урагшлуулна” гэсэн байр суурьтай аж. Тиймээс   ч тэрээр МоАН санаачилга гэгчийг эхлүүлэн нам дотроо нөлөө бүхий фракц болох ажлыг удирдаж буй.

Ардчилсан намын хамгийн сүүлд байгуулагдсан МоАН фракцаас  намын даргад Г.Батхүү эсвэл  Л.Болдыгоо  сойх нь ойлгомжтой. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явцаас харахад  Г.Батхүүг зүтгүүлбэл “АН-АПУ” болно гэсэн хандлага давамгайлна гэж болгоомжлоод Лу.Болд тунаж үлдсэн бололтой.   Тэрээр энэ фракцын тэргүүн. Батлах хамгаалах, Гадаад харилцааны сайдаар ч ажиллаж байсан. Өнөөгийн ҮЗХ дотроо МоАН олон гишүүнтэй болсон гэсэн мэдээлэл ч байгаа.

Тэрээр ярилцлагадаа “Эцсийн бүлэгтээ, АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу, хуралдсан ч өмнө тавьсан дэглэлт, зохиомжит захиалгаар хийгдэх үү зэрэг нь нэг их сонин биш юм. Хамгийн чухал нь энэ улс орныг хүнд байдлаас гаргаж, эдийн засгийн өсөлт, иргэдэд итгэл найдвар өгч чадах нам болох эсэхээ хэлэх учиртай цаг үе юм. Нам ийм үгээ хэлэхгүй бол би ч бас байдлыг улам дордохыг, намаа үхширч ялзрахыг ажаад дуугүй байх сонирхолгүй байна” гэжээ.  

Х.Тэргэл



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.