TIMES Ярилцлага


Т.БАТ-ОРГИЛ:БИД АЛДАХ ЭРХГҮЙ

4 жил, 1 сар TIMES.MN

Энэ 7 хоногийн зочин” буландаа ТӨРБОЛДЫН БАТ-ОРГИЛЫГ УРИЛАА. "Аж богдын харуул" хэмээх дууг гитар даран уянгалуулан дуулж залуусыг байлдан дагуулж байсан залуу өдгөө 40 нас хэдийнэ хэвийж, Монголоо хөгжүүлэхээр "шатаж" явна. Түүнтэй хөөрөлдснөө хүргэж байна.

               

      “ХЭН ДАРГА БАЙХААС ҮЛ ХАМААРСАН ИНСТИТУТИЙГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА"

-Та ямар ажил, алба эрхэлж байна вэ. Саяхан шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ?

-Тийм ээ. Хийж, эрхэлж байгаа ажил олон бий л дээ. Гэхдээ шинээр байгуулсан намаа эмхлэх ажилд  хамгийн их цаг зав, хүч оюунаа дайчилж, нөхөдтэйгээ хамтдаа  зүтгэж байна.

-Таныг  ХҮН - ын дарга болж магадгүй гэж таамаглаж байсан шүү  ?

-Хэн дарга болох нь чухал биш ээ. Боргил эсвэл Бат-Оргил намын дарга болохоор өөр байна гэсэн ойлголт байхгүй. Хэн дарга байхаас үл хамаарсан институтийг бий болгохыг зорьж байна. Хувь хүнээс хамааралгүй, зарчим, эрхэм зүйл, үзэл баримтлалд  тулгуурласан бүтцийг бий болгосон цагт хэн нэг хүн орж ирээд ганхуулаад, гуйвуулаад байхгүй л дээ. Тэгэхээр суурийг зөв тавих нь л хамгийн чухал юм. Бид  бусад намуудын тогтоосон зарчмаас өөр  байдлаар ажиллана гэж мэрийж, хичээж байгаа. Үзэл баримтлалаар, анд нөхдийн барилдлагаар нэгдэж байж  бид бодлогоо оновчтой боловсруулж, зорьсон зорилгодоо хүрч чадна. Түүнээс эрх мэдэлд хүрэх шуналд хүлэгдсэн, намаар шат гишгүүр хийж  хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх сонирхол өвөрлөсөн бол бидэнтэй нэгдэх хэрэггүй.  Намуудын тогтолцоог өөрчилж,  зөв голдрилд оруулж, эрүүл хандлагыг нэвтрүүлэхгүй  бол засаглалын хямралд хүрч, энэ нь сүүлдээ улсыг  сүйрүүлж  мэдэх байдалд хүрчихээд байна шүү дээ. Хөдөлмөрийн үндэсний нам  Ёс Суртахууны хороо байгуулж байгаа. Намынхаа зарчмыг дагахгүй, ёс суртахууны зөрчил гаргавал энэ хороогоор авч хэлэлцээд  эргүүлэн татах уу,  огцруулах уу, намаасаа хөөх үү гээд шийдвэр гаргах ёстой.  Ардчилал гэдэг дураараа аашилж, дур зоргоороо авирлахыг хэлэхгүй шүү дээ. Үнэхээр л алдаа гаргасан бол албан тушаалдаа шигдээд өөрийгөө өмгөөлөөд суулгүй хариуцлага хүлээж, уучлал гуйж, хүсэлтээрээ огцордог улс төрийн соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Ийм эрүүл соёл, хандлагыг бусад намууддаа үлгэрлэж ажиллахыг хичээж байна даа.

-Ёс зүйн хороо МАН, АН, МАХН –д ч  бий л дээ. Ингэж гоё ярьдаг ч бодит байдал дээр хэрэгжүүлдэггүй. Түүн шиг замхарчихгүй л бол?

-Хүмүүсийн итгэл үнэхээр алдарсан нь олон зүйлээс ажиглагддаг. Сэтгүүлч та өөрөө ч гэсэн ийм л хандлагатай  байна. Тэгэхээр ярих биш үйлдэлээрээ л үлгэрлэж, манлайлж, хүмүүсийн итгэлийг сэргээх цаг нь болсон. Итгэлгүй, тэмүүлэлгүй, зорилгогүй, бодлогогүй, алсын хараагүй  бол улс орон хөгжихгүй. Тийм болохоор л бид Монгол зорилго гэдгийг дэвшүүлж, 2050 он гэхэд Монгол Улс өндөр хөгжилтэй гүрэн болно гэж тодорхойлж байгаа. Шат дараатай зорилгоо тодорхойлоод, үүндээ тааруулсан хөгжлийн бодлого боловсруулж, хөгжлийн стратегиэ хэрэгжүүлээд явах ёстой. 

Үндэсний санаа, зорилгоо  олон түмэндээ итгүүлэх, үнэмшүүлэх, үүнийхээ төлөө зүтгэх, хөдөлмөрлөх,  тэмүүлэх сэтгэлгээг суулгах хэрэгтэй байгаа юм.  Яагаад манай улс сүүлийн 25 жил өндөр хөгжилтэй улс орон болж чадахгүй, иргэдийн амьдрал нь тааруухан, намууд нь тогтолцооны  хямралд орчихоод байгаа нь нэг зүгрүү харсан том зорилгогүйнх.   Нөгөөтэйгүүр манай улс төрчид ч  нам гэдгийг  буруу тодорхойлж ирсэн учраас зорилго нь   түүнийгээ дагаад дэндүү явцуухан байна шүү дээ.

-Яаж буруу тодорхойлсон гэж?

-Улс төрчид намыг  засгийн эрхийг авах зорилго бүхий хүмүүсийн нэгдэл гэж тодорхойлоод байгаа. Яг үнэндээ үзэл баримтлалаараа нэгдэх гэсэн  амин сүнсийг нь орхигдуулсан. Намуудад олон фракцууд бий. Тэд ч гэсэн бас үзэл бодлоороо биш эрх ашгаараа нэгдчихдэг. Увсынхан, хотын фракц гээд л. Үнэндээ энэ нь үзэл бодлоороо нэгдсэн  фракц биш ашиг сонирхолын бүлэглэл. Бас болоогүй улс төрийг  бохир тоглоом гэж  ярьцгаана. Анхнаасаа  л  засгийн эрхийг авах гэсэн зорилго өвөрлөчихсөн,  бохир тоглоом гэж итгэчихсэн  хүн юуны төлөө, яаж ажиллах нь тодорхой шүүдээ. Бид бол  улс төрийг бохир тоглоом биш, улсыг удирдах төрийн ухаан гэж үзэж буй.

-Та бүхэн “Монгол зорилгоо” зарлалаа. Гэхдээ эрх мэдлийг гартаа атгаж байж зорилго, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.  Тэгэхээр хүссэн хүсээгүй засгийн эрхийн  төлөө зүтгэсэн хүмүүсийн нэгдэл л болж таарах юм биш үү?

-“Ах” намуудаас ялгарахгүй гэж хэлэх гээд байх шиг байна л даа. Монголд бүртгэлтэй 20 гаруй нам бий. Гэвч хөгжлийн үзэл баримтлалгүй, түүнийг хэрэгжүүлдэг, даргаас хамааралгүй институтгүй, тодорхой бодлогогүй явж ирлээ. Үүнийг цогцоор бүрдүүлээгүй цагт ямар ч мундаг ухаантай хүн гарч ирээд өөрчлөлт хийж чадахгүй.Ийм бүтцийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна.

Хөдөлмөрийн үндэсний намд /ХҮН/ элссэн гишүүдийн боловсрол, нас, хандлага, байрсуурь  зэргийг харахад  нэг томоохон хүч төвлөрч байгаа нь ажиглагддаг. Тиймээс бид алдах эрхгүй. Гишүүдийн дундаж нас нь  35-40 орчим. Төр болон хувийн хэвшилд 10 гаруй   жил ажилласан хүмүүс байна. Зах зээлийн нийгэмд шилжих үед сургуульд суралцаж төгссөн, бас гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаад  ирсэн үеийнхэн байна.  Оюунлаг, туршлагатайгаас гадна  хандлага нь их өөр. Улс үндэстнээ дэлхийн дайтай гүрэн болгох гэсэн том зорилгын төлөө, үзэл баримтлалаараа нэгдэж байгаа учир бид явцуу эрх ашигт хүлэгдсэн улс төрчдөөс  өөрөөр  ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.  Тусгаар тогтнол орших уу, эс орших уу гэсэн асуудал тулгарсан байхад энэ улсын сүүлийн 20 жил бэлтгэгдсэн боловсон хүчнүүд иргэдийнхээ итгэлийг алдчихвал ямархуу байх уугээд төсөөлөөд бод доо. Тийм учраас бид дотооддоо хагаралдаж, бусад намуудтай дайтаж явмааргүй байна.

Монголдоо хөлөө жийлцээд, чулуун овооныхоо орой дээр гарчихаад хашгирах нь  дэлхийн хүмүүст сонин биш. Тэд сонсох ч үгүй. Бид нар хөмөрсөн тогоондоо бүтвэл  үхчихлээ гэж хэнч харамсахгүй. Монголчууд бидний хувьд  л дэндүү эмгэнэлтэй  биз дээ. Бид дэлхийн хэмжээний тоглогч болохын төлөө том зорилго  дэвшүүлж явна. Тэрнээс УИХ-д хэн сонгогдох вэ гэдэг нь дэндүү жижиг асуудал.

 Дэлхийд нэрээ цуурайтуулна,  чихийг нь  дэлдийлгэнэ гэж ярихаар надад нэг л үнэмшилгүй санагддаг. Бид хэнд ч гайхуулж амьдрах хэрэггүй. Бид нар  айх аюулгүй, амар тайван,  эрүүл саруул, элбэг хангалуулан амьдрах ёстой. Бидэнд дэлхийн  дайтай улс орон болох бололцоо бий. Түүнийгээ ашиглаж чадахгүй байна. Сүүлдээ  бидний хувь заяаг өөр хүмүүс, өөр улсууд шийддэг  болоод   байна уу гэсэн эмзэглэл төрөх болсон.

-Хэн шийдээд байгаа юм?

- Ажиглаад дүгнэлт хий л дээ.

-Танай нам “од” бөөндөж имижээ өсгөх гэсэн хоцрогдсон арга барил руу  хошуурахгүй биз дээ?

-Манай намд хэн ч элсэж болно. Хамгийн гол нь үзэл баримтлалыг ухаж ойлгосон, зарчимыг баримтладаг байх ёстой. Бид шат дараатай сургалтуудыг зохион байгуулна. Хүнээ  мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх, хөгжүүлэхэд  анхаарч ажиллахаар төлөвлөлт хийж байна. Хэрвээ итгэл үнэмшил нийцэхгүй, таарахгүй гэвэл намаас гарах нь  нээлттэй. Олон гишүүнтэй болох  гэж тоонд улайрахгүй. Ямарч хамаагүй хүмүүсийг манай намд ор гээд хүчээр тулгахгүй.  Урлаг, соёл, спортын одуудыг гуйж намдаа элсүүлчихээд биднийг сонголоо  гэж пиардахгүй. Нэртэй улс төрчийг эгнээндээ нэгтгэнэ гэж зүтгэхгүй. Тухайн хүн л өөрөө шийдэх учиртай. Зуу зуугаараа  биднийг  сонголоо гэж батлах бөөндөж тараахгүй. Сонголтоо тухайн хүн л хийнэ. Монгол зорилгыг ухамсарлаж бидний эгнээнд нэгдлээ гэвэл ёс зүйн зарчимаа барьдаг, үзэл баримталаа дээлдэлдэг, хариуцлагатай байж манлайлан үлгэрлэх учиртай.

Тэгэхээр намын нөхдийн  шахалт, шаардлага маш өндөр байна гэсэнүг.  Өөрсдөөсөө өндөр ёс суртахууныг шаардахгүй  бол дараа нь хэнд ч тийм шаардлага тавьж   чадахгүй. Мөн ашиг сонирхолын зөрчлийн мэдүүлэгээ   нам дотроо ил тод зарлах ёстой. Энэ миний хамаатан, ийм компаний хувьцаа эзэмшдэг гээд  тодорхой зарлачихвал  хүн болгонд ойлгомжтой болно. Ямарваа нэг асуудлыг хэлэлцэж шийдэхэд ашиг сонирхол огтлолцохоор бол тухайн  хүнийг шийдвэр гаргахад оролцуулахгүй байх механизмыг бүрдүүлнэ.  

-Ер нь дэлхий дахинд  намууд хатуу гишүүнчлэлээс татгалзаж байгаа. Манайх хүн ам цөөтэй атлаа   намаар талцах үзэгдэл хавтгайрч байна. Ийм үед шинэ хандлагыг нэвтрүүлэх гэж байгаа бол хатуу гишүүнчлэлээс татгалзаж  болохгүй юмуу?

-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийг л дагахаас аргагүй л дээ. Ер нь хатуу гишүүнчлэлтэй байхыг миний хувьд дэмждэггүй.

-Танай намын “толгой” буюу удирдах бүтэц нүсэр үү эсвэл цомхон уу?

-Одоогийн байдлаар ХҮН-ын Удирдах зөвлөл 9 хүнтэй. Үүнийг нүсэр гэх үү, цомхон гэх үү \Инээв\ . Дээд, дунд шатны төлөөллийн байгуулага байгуулна.

-Ямар зохион байгуулалттай байх юмбэ?

- Дүүргийн намын хороо гэж байхаас өөр аргагүй. Харин намын үүр гэж  жижигрүүлэхээр хэтэрхий явцуурдаг гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Түүний оронд  ахмадын, залуучуудын, эмэгтэйчүүдийн  хороо гэсэн зохион  байгуулалттайгаар дүүргийнхээ  хэмжээнд нэгддэг байх нь илүү  оновчтой гэж үзэж байгаа.

-ХҮН –ын Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийнхээ талаар танилцуулж болох уу?

-Намын дарга нь С.Боргил  гээд АНУ-д банк, санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан боловсролтой залуу бий. Удирдах зөвлөлд  Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Б.Найдалаа,  Хууль зүйн яаманд газрын даргаар ажиллаж байсан хуульч О.Алтангэрэл,  Сувилахуйн сургуулийн захирал Н.Одонгуа гээд нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй.

С.Ганбаатар , Ц. Даваасүрэн, Г.Уянга нарын хэн  ч биднийг  зориод ирвэл хүлээж авахгүй гэхгүй нь мэдээж. Тэд нар чинь ард түмний л  нэг хэсэг. АН, МАН-ын гишүүн залуус ч манайд элсэх сонирхолоо илэрхийлж л байна. 


-С.Ганбаатар гээд бие даагч гишүүдэд намдаа элсэх санал тавьсан юмуу?

-Манай намын уриаг харсан уу. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргасан.  Тэр уриаг олон хүнд илгээсэн юм. С.Ганбаатар ,Ц. Даваасүрэн, Г.Уянга нарын хэн ч биднийг  зориод ирвэл хүлээж авахгүй гэхгүй нь мэдээж. Тэд нар чинь ард түмний л  нэг хэсэг. АН, МАН-ын гишүүн залуус ч манайд элсэх сонирхолоо илэрхийлж л байна.Тэд нар ороод ирэг. Гаднаас нь хараад бид ямар ёс суртахуунтай гэдгийг мэдэхгүй. Нам гэдэг бол хувь хүн биш. Хэрвээ тэр зарчмыг гажуудуулаад зөрчөөд  явбал хэн ч байсан баяртай гэж хэлэхээс аргагүй.

 -Хүмүүсийн хүлээлт алдарч, “ах” намуудад итгэх итгэл суларч буй энэ үед  шинийг эрэлхийлэх нийгмийн  сэтгэлзүй бүрэлдээд байгаа тал бол бий. Ийм орон зай үүсч буй үед та нарын дэвшүүлэх хөтөлбөр, бодлого олны таашаал хүлээж,ам, ажил нь алд дэлэм зөрөхгүй байж, үнэхээр өөр юмаа гэж хүлээн зөвшөөрүүлжчадах уу?

-Чадахгүй бол эхлүүлэх хэрэггүй биз дээ.

“НАМУУД ҮЗЭЛ СУРТАЛЫН ХОМСДОЛД ОРСОН"

     

-Ардчилсан засаглалын хямрал зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтийн толгойны өвчин болж байх шиг байна. Намд итгэхолон нийтийн үнэлэмж ч буурсаар байна?

-Миний хувьд Хууль зүйн яаманд 8 жил, Кадастрын албанд 1.6 хагас жил, дараагаар хувийн хэвшилд тэр дундаа уул уурхайн салбарт ч ажиллалаа. Намын байгууллагад,төрийн албанд  “тогоонд” нь орж ч үзлээ, бизнесийн салбарт ч зүтгэж үзлээ, гадаад ертөнцөөс Монголыг ч харлаа. Нэг зүйлд итгэл үнэмшилтэй болсон. Энэ бүх хугацаанд юу нь болохгүй байгаа юм гэдгийг  судалж, эргэцүүлж үзэхээр  онош гараад ирдэг юм билээ. Ардчилсан засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгтэй санал нийлж байна.  Зөвхөн Монголд  ч биш. Дэлхий нийтээрээ хямарч байгаа. Манайд маш хурцаар илэрч байна. Тиймээс ардчилсан засаглалын загвар нь өөрчлөгдөх ёстой. Хоёр намаас залхаж байна гэж ярих нь ч хаашаа юм. Энэ хоёр нам үүргээ гүйцэтгэсэн. Түүхэн хугацаанд. Огт юу ч хийгээгүй биш хийсэн. Гавьяатай. Гэхдээ харамсалтай нь амьдрал бол зөвхөн гавьяагаар  хэмжигдээд явчихдаггүй. Хүн ч , байгууллага ч байнга хувьсан  шинэчлэгдэж байх шаардлагатай болдог.  Энэ хоёр нам шинэчлэгдэх цаг болсон.  Намууд үзэл сурталын хомсдолд орсон.  Энэ нь зогсонги байдлыг нөхцөлдүүлчихлээ. Үнэндээ намууд ард түмнийг төлөөлөхөө больж байна . Намд итгэх итгэл улам алсарсаар байгаа. Намын хорооны үүрүүд дээр ямар асуудал өрнөдгийг би мэднэ. Тухайн хорооны иргэдийн амьдралыг ч мэдэхгүй нөхдүүд дээд шатны байгууллагад сонгогдох болохоороо үүрээ гэнэт санадаг. Намын хурал болно, төлөөлөгч сонгоно гэхээр гаднаас үл мэдэгдэх нэг нөхөр орж ирээд яагаад ч юм бэ гараад ирдэг. Тэр хүн тухайн  хорооны иргэдийг төлөөлөх үү. Ёстой уучлаарай л байхгүй юу.  Ийм тогтолцоотой байж үүнийгээ өөрчилье гэж ярихгүй байна шүү дээ.

-Эдийн засгийн хувьд ямар бодлого дэвшүүлэх вэ?

-Үйлдвэрлэгч нараа дэмжиж барууны бодлогыг хэрэгжүүлэх ч  нийгэмд баялгийг хуваарилахдаа зүүний зарчимыг баримтална. Эдийн засгийнхаа суурийг нь буруу тавьчихсан учраас  байшингаа олон давхар болгоод дээш нь  сүндэрлүүлээд явж чадахгүй байгаа юм. Ганцхан жишээ татая.  Стратегийн ашигт малтмал гэж  байдаг болохоос биш Стратегийн орд гэсэн нэршил  дэлхийд байхгүй.  Стратегийг нь тодорхойлоогүй атлаа стратегийн орд  гэсэн шинэ нэр томьёо зохиочихоод хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хошуу, гар дүрэх бололцоог бүрдүүлж чөдөрлөсөн гээд яривал олон зүйл бий.

-Таван толгойг Засгийн газрын өргөн барьсан төслөөр ашиглах нь зөв үү, буруу юу гэдгийг одоо бүүр ялгахаа ч байж байх  шиг байна.  Тал бүрээс янз бүрээр тайлбарласаар толгой эргүүлэх юм. Та уул уурхайн салбарт ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Уг нь  мэргэжлийн хүмүүс  цэц булаалдаж, буруу, зөвийг шүүн тунгаах ёстой атал улс төрчид өмнүүр нь  орхичихоод мэдэмхийрэх юм. Жишиж хэлье л дээ. Одоо ямар нөхцөл байдал бий болчихоод байна гэхээр аавын тань бие маш муудлаа гэж бодоё, эмнэлэгт мэс засалд оруулая  гэтэл эмч нар дуугарахгүй. Хамаатан садан,гэр бүлээрээ цугларчихаад “хагалгааг яаж хийх үү, цус гаргаж болохгүй, өвдчих вий”  гээд маргаад байгаатай ялгаагүй байдал үүсчихлээ. Үнэндээ  хүнд өвчтэй хүнд мэслийг  мэргэжлийн эмч нарын баг л хийнэ. Ямар хүндрэл гарч болох уу, зүрх, уушиг, бөөр талаас тооцоолоогүй эрсдэл үүсэх үү гээд эмч нарын зөвлөгөөн хийж мэс засал хийх цаг, хугацаагаа товлож урьдчилсан эмчилгээ хийх эсэхийг  тогтоодог биз дээ. Мухар олгойгоо авахуулах гэж байгаа бол чих, хамар хоолойны эмч дээр очихгүйтэй адил.  

Гэтэл   уул уурхайг яагаад үүнээс амархан гэж бодоод байгаа юм. Уул уурхайн салбарын мэргэжлийн хүн болохын тулд   онолыг нь л сурах гэж найман жилийн  хугацаанд сурч, дараа нь практик дээр очиж ажиллаж байж сая нэг дөртэй болдог. Газар доор тархсан ашигт малтмалыг яаж эдийн засгийн алдагдалгүйгээр гаргаж  авах вэ гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан. Энэ бүхнийг үгүйсгээд, дээрээс нь стратегийн орд гэж хаана ч байхгүй зүйлийг  бодож олоод, би өөрийнхөө тойрогт байдаг ордыг стратегийн болгочихсон шүү гээд  хөөрцөглөж байсан гишүүнтэй тааралдаж байсан. Энэ бол үнэндээ солиорол. Ямар стратеги боловсруулчихаад тэгээд байгаа нь ч  ойлгомжгүй. Зүгээр л тэр ордыг стратегийн орд гэсэн нэртэй болгох нь стратеги үү. Стратеги гэдэг бол бодлого. Бодлогоо боловсруулаагүй байж  шүү. Цаад  санаа нь ингэж  халхавчлан  улсыг дээрэмдэх стратеги  юм байна гэж бодох болсон.

-Дээрэмдэх стратеги гэж үү?

- Үндсэн хуулиар ашигт малтмал бол ард түмний өмч, 100 хувь эзэмшилд нь байна  гэж заасан байгаа. Түүний 34, 51 хувь биш. Улс төрчид төрийн мэдэлд 51 хувь байх ёстой гээд  үйлдвэрийн хувьтай  булаацалдаад байна. Ард түмний өмч гэдгээр халхавч хийж,  бид нар хамгаалж байна гэж халаасанд нь гараа дүрэх бололцоог бүрдүүлэхийг хичээдэг байх.

 -Төрийн өмчит үйлдвэрийн газрууд намууд, улс төрчдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлдэг гэж хэлэх гээд байнаа даа?

-Эрдэнэт, Бага нуур, Шарын гол  гээд  төрийн өмчийн үйлдвэрүүдэд улс төрчдийн томилгоо хамгийн түрүүд хийгддэг шүү ээ.  Эх орондоо хайртайдаа дарга нар өөрсдийнхөө төлөөллийн хүнийг  томилох гээд булаацалдаг гэж үү. Үгүй шүү дээ. Үндсэндээ тэр төрийн өмчит компаниудаас  хумсалж, хулгайлсан зүйлээрээ л намыг ч,улстөрчийг санхүүжүүлж байгаа нь нууц биш.  

                                     “ТЭР 5 ХҮН ДЭЭР ХАМАГ ДАРАМТ ИРНЭ"

-2016 оны  сонгуульд танай нам оролцох нь гарцаагүй. Та бүхэн  энэ тогтсон  жишгийг эвдэж чадах юм уу?

-Мэдээжийн хэрэг, асуудалд  илүү бодиттой хандах хэрэгтэй. Бид  2016 онд шууд  засаг байгуулах хэмжээнд очихгүй лдээ. Өөрийн чинь хэлсэн шиг тодорхой хэмжээний амжилтанд хүрнэ гэсэн итгэл бол бий.  Ямарч байсан эрүүл уур амьсгал оруулъя, судлагаа, тооцоотой ханддаг больё, намуудын тогтолцооны загварыг өөрчилье гээд хэрэгжүүлэхээр зорьж байгаа зүйл их л байна.  УИХ-д өргөн баригдсан хуулиудад судалгаа  хийхэд дэндүү хайнга  ханддаг. Урт нэртэй хууль байна. Түүнийг   ямарч эдийн  засгийн тооцоо, судалгаагүй батлаад гаргачихсан. Гол усаа аварья гээд  сайхан сэтгэл, хөөрлөөр хандаад батласан. Өөрөөс чинь нэг асуулт асуучих уу?

Тэг л дээ.   

Өөрөө эмчид үзүүлэхээр болбол  сайхан сэтгэлтэйг үү, сайн мэдлэгтэй эмчийг  хайдаг уу.

Мэдээж чадалтай, мэдлэгтэй эмчид л үзүүлье гэж бодох байлгүй дээ.

-Тэгэхээр  сайхан сэтгэлээр хандаад хууль, тогтоол, журам “үйлдвэрлээд” байж болохгүй. Аливаа нэгэн хуулийн төслийг боловсруулахдаа  заавал  эдийн засгийн тооцоог  хийсэн байх учиртай. Яагаад ийм тооцоо судалгаагүй, тааруу хуулийн төсөл оруулж ирдэг нь хэд хэдэн шалтгаантай.Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслийг салбарын яамныхан нь түлхүү оролцож боловсруулдаг юм. Тэр боловсруулах явцад үнэхээр хангалтгүйг төрийн албанд миний бие 8 жил гаруй  ажиллахдаа мэдэрсэн дээ.

-Огт боловсруулалт, судалгаа хийдэггүй гэж үү?

- Манайхан гадаад улс орнуудын жишээг татаад,  200, 300 сая хүн амтай улсыг дуурайгаад, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлье,  цомхон байх ёстой гээд их ярьдаг. Нэг яам дундажаар 75 ажилтантай. Харуул, үйлчлэгч, нярав, жолооч  гээд  албан хаагчдынхаа тоог  хасахаар бодлогын хэмжээнд ажиллаж байгаа хүмүүс нь ердөө 20 хүрэхгүй.  Хурган дарга нар яаманд мэргэжилтнээс эхэлж ажиллаж дээшээ дэвшсэн, мэргэшсэн хүмүүс биш. Голдуу л улстөрийн томилгоогоор, татаасаар орж ирдэг учир  ажлаа мэддэггүй.  Зүгширтлээ их удна. За тэгээд мэргэжилтнүүдийн бараг тал хувь  танил талаар томилогдсон.  Тэгэхээр ажлаа мэддэг, чадварлаг нэг мэргэжилтэн  нь дундажаар 15 ажлын хэсэгт томилогддог. Өдөрт орж ирж байгаа бичиг цаас нь хугацаатай, түүнийгээ ч амжуулж барахгүй голдуу л хоцроодог. Тэд  журам  шаардлагатай бол боловсруулна.  Тусалдаг,  хамтран ажилладаг баг гэж байхгүй. 20 хүн дотроос үндсэндээ 5 хүн л ажлаа хийнэ. Тэр 5 хүн дээр хамаг дарамт ирнэ. Тэгж ажиллаж байгаа хүмүүс ямар бодлого яаж боловруулж оруулах нь тодорхой шүү дээ. Бидний нэг  зорилго бол энэ утгагүй системийг халья, ардчилсан засаглалын загварыг өөрчлөх ёстой гэсэн санаачлага дэвшүүлээд байгаа юм.

-Тэгээд ямар загвартай байвал оновчтой вэ?

-Төр, олон нийтийн  хамтарч  ажилладаг схемийг өөрчлөх хэрэгтэй байна. Манайд хувийн хэвшлийн, төрийн албаны, төрийн бус байгууллагын гээд хуваагаад, тал тал тийш нь тарааж цацаад байхаар боловсон хүчин хомс. Тийм болохоор эдгээр хүмүүсийн чадавхи, хүчийг зөв зохицуулж, уялдуулж ашиглах хэрэгтэй байгаа юм.Энэ хувийн хэвшлийнхэн, тэр  төрийнхөн,эд  төрийн бус байгууллагынхан гэж ялгах хэрэггүй. Тухайн бодлогыг салбарынх нь хүмүүсээр хэлэлцүүлж, шүүлтүүрт оруулаад, нэмэх, хасах зүйлийг тусгах шаардлагатай.  Мэргэжлийн гээд диплом өвөрлөсөн болгоныг  цуглуулаад хэлц гэсэн үг биш л дээ. Салбартаа нэр хүнд бүхий, туршлагатай, цүнх барьж дарга нарыг дагаж  гүйсэн хүн биш боловсролтой, чадварлаг хүмүүс, баг төртэйгээ хамтарч ажиллавал парламентаас гарах хууль илүү амьдралд нийцсэн, хүндээ ээлтэй бодлого  болж гарч чадна.  

-Тэгж мэргэжлийн чадварлаг хүмүүсийг нэгтгэсэн сүлжээ, баг нь хаана байна вэ?

-Түүнийг манлайлж гаргаж ирэх хэрэгтэй байгаа юм. 2010 онд  санаачилж байгуулсан  манай “Реформ клуб үүнийг харуулсан.  Энэ бол манай туршилтын загвар. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар бодлого боловсруулсан. Мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн клубынхны  гаргасан схемийн дагуу Эрүүл мэнд, спортын яам ажиллаж байна. Эхний хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжүүлээд УИХ-д өргөн барьсан байгаа. Мэдээж учир, дутагдалтай зүйл байхыг үгүйсгэхгүй.  Энд, тэндээс санхүүжилт аваагүй,  сайн дураараа, хөлс мөнгөгүй, мэргэжлийн хүмүүс цуглараад боловсруулсан. Ингэж ажиллаж  болдог юм байна гэсэн жишгийг харуулснаараа  том дэвшил гэж бодож байгаа.

-Энэ багт нь ямар хүмүүс орсныг сонирхож болох уу?

-Эрүүл мэндийн салбарын, мэргэжлийн хүмүүсээс  гадна зарим УИХ-ын  гишүүн ч орж ажилласан.  Эхлээд Эрүүл мэндийн яам эсэргүүцэж байсан. Харин   шинэ сайд дэмжиж байгаа.  Эрүүл мэндийн яамны эрх мэдлийг хязгаарлана гэсэн зохицуулалтыг тусгасан учраас өмнөх удирдлагууд дэмжихгүй байсан байх.  Тэр шинэчлэлтийг хийх улстөрийн зориг дутсан биз. Олон нийт, салбарын хүмүүс хамтарч шинэчлэлийг хийж болох юм байна гэдгийг харуулсан учраас сайн жишиг гэж бодож байгаа. Мэргэжлийн хүмүүсийнхээ оюуны хүчийг  дайчилна гэдэг нэг алхам.  Үнэндээ  манайд  мэдлэгийн хомсдол нүүрлэсэн. Маргаж байгаа улстөрчдийг харахаар хоёулаа мэс заслын эмч биш атлаа аавынхаа  мэс заслыг яаж хийх үү гэж хэрэлдээд, цаг алдаж  байгаатай ялгаагүй харагддаг.  Энэ хийрхэлийн үйл явцыг засахад   хугацаа шаардана. Нэг сонгуулиар ч өөрчлөгдөхгүй. Бага багаар ч ахиц гарч байвал үр дүнд хүрнэ.

“ЭВ ТҮНЖИНГҮЙ БАЙДАЛ ҮНДЭСНИЙ ТЭМДЭГ ЧАНАР БОЛЧИХООД БАЙНА"

-Та Монголчуудын амин чанар алдагдаад гэж нэг ярилцлагадаа онцолсон байсан?

- Бидний сэтгэхүй их өөр  болж, үүнийгээ дагадаг ч юмуу  амин чанар алдагдаад байна. Би бол үүнийг тэмдэг чанар гэж нэрлээд байгаа.  Монгол хүн бусдаас юугаар ялгаатай , хоорондоо юугаараа ижил вэ гэдэг  үүгээр илэрхийлэгдэнэ. Харамсалтай  нь бидний эв түнжингүй байдал  үндэсний тэмдэг чанар болчихоод байна. Энэ гажуудлыг засахын тулд хүүхдийг цэцэрлэг, сургуульд суралцаж байх үеэс нь  төлөвшүүлэх, уян чадваруудыг нь  хөгжүүлэх хэрэгтэй.  21 зуунд олон улсын хэмжээнд Монгол Улс өрсөлдөхийн тулд хүнээ хөгжүүлмээр байна.   Хүүхдийн уян чадвар тоо, физик, химийн хичээл үзээд хөгждөггүй. Багаар ажиллах, шүүмжит сэтгэхүй, эргэцүүлэн тунгаах чадвар суулгахын тулд хүүхэд байхаас  хөгжүүлэх шаардлагатай байна. Тиймээс л боловсролын салбартаа ч гэсэн шинэчлэл хийх цаг нь болсон. Одоогийн боловсролын чиг хандлагыг харахад багш нь голчилж, хүүхдийг уралдуулдаг, хагаралдуулдаг байдал нь давамгайлсан хэвээрээ. 40 ангитай хүүхдээс цөөхөн хэдийг  нь л олимпиадад оролцуулна гээд тэр хэдийгээ тордоод,  анхаарал тавиад байдаг. Нийтэд хөгжүүлэх талыг орхигдуулаад байна. Бид нарын муулаад  байгаа улстөрчид харь  гаригаас ирчихээгүй.  Бид нарын дундаас сонгогдсон, шулуухан хэлбэл,монголчуудын “толь” нь. Тэд нарыг нулимаад байна гэдэг тольруу хараад өөрсдийгөө нулимаад байгаатай ялгаагүй.  Тэгэхээр энэ бүхнийг өөрчлөхөд асар их тэвчээр, ард түмнийг нягтрал, тэмүүлэл хэрэгтэй байна. Тэгээд тодорхой бодлого,  шийдлүүдийг мэргэжил, мэргэжлээрээ  нэгдээд гаргаж, манлайлаад явбал хүрэхгүй, чадахгүй зүйл үгүй л гэж бодож байна.

-Мухардалд орохоор гарц хайдаг нь жам. Улс төрчид үүсээд байгаа нөхцөл байдлыг Үндсэн хуульруу чихэж тайлбарлах нь  эрс идэвхижиж байна ?

-Би бол үгүй гэж боддог. Байгууллагын жишээ аваад үзье. Ажилдаа хоцорч болохгүй ээ, таслахгүй,  ийм дэгтэй байна гээд   журам гаргасан байлаа гэж бодоё. Түүнийгээ цэргээсээ эхлээд дарга нь хүртэл биелүүлдэггүй. Зүгээр цаас л байдаг юм гээд тоохгүй. Дотоод журмаа мэдэх үү гэхээр анх ажилд орж байхад л уншиж  өгч байсан, одоо санахгүй байна гэвэл тэр журмын буруу юу.

Үндсэн хуулийг хэн, хэзээ яаж хэрэгжүүлсэн юм бэ. Хуулиа хэрэгжүүлэхгүй байж муу байна, өөрчилье гэх юм. Өөрчлөхөөр хүмүүс нь өөр болчих юм уу. Зөрчөөд байгаа хүмүүс шинэ Үндсэн хуультай болохоор   ягштал мөрдөөд явах уу. Энэ бол том хийрхэл.Улстөрийн намуудын тогтолцоо буруу байна гэдгийг ярихгүй, сав л хийвэл Үндсэн хууль руу буруугаа чихэж, тулгуур хууль л болохгүй байна гэдэг. Өөр тийш чиглүүлж, анхаарлыг сарниулж, асуудлыг  займчуулж байгаа хэлбэр л би харж байгаа.

 

“Хүндээ биш намын тогтолцоо нь буруубайна гэдгийг олж хараад л намаас гарах шийдвэрээ гаргасан”

-Та Кадастрын албаны даргаас дуулиан шуугиантай  чөлөөлөгдөөд удалгүй АНУ-д магистрт  суралцахаар явсан байх аа?

-2002 онд  Колумбын их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцахаар явсан. Гэтэл тэнд суралцах нь  утгагүй санагдаад сургуулиа өөрчилсөн юм.Хэтэрхий амьдралаас тасархай, онол түлхүү заагаад байсан учир сонголт хийхэд хүрсэн юм л даа. Тэгээд АНУ-ын өмнөд муждаа алдартай Жеймс Мэдисоны их сургуульд  суралцаж төр, хувийн хэвшилд ямар уялдаатай байх талаар судалж, мастер хамгаалсан..

МОНГОЛ Улс шиг  энхийн цагт эдийн засгийн хохирол үзсэн өөр улс үндэстэн байхгүй гэж дүгнэдэг юм билээ. Социалист дэглэм нурахад энхийн цагт манай эдийн засаг дайн болсон орнуудынх шиг хохирол амссан хэрэг. Тэгэхээр тийм эдийн засгийг хэрхэн босгох вэ гэсэн  тактик,  шийдэл  миний хувьд илүү анхаарал татсан хэрэг. Англи -Саксоны хуулийн зарим элементийг эх газрын системтэй уялдуулж, бизнесийг дэмжих  нь сэдвийг судалж байсан. Яагаад энэ сэдвийг сонгосон  нь учиртай.  Намайг Хууль зүйн яаманд ажиллаж байхад гаднаас асар өндөр цалинтай мэргэжилтнүүд ирж ажилласан. Харамсалтай нь тэр мэдээллийг багтааж авах “сав” нь манайд байхгүй. Бид нар тэр “саваа” тэлэх ёстой юм билээ.Хэчнээн мундаг зөвлөгөө өглөө ч уншаад ойлгохгүй. Ойлгож байна гэж бодоод байгаа ч хэрэгжүүлж чаддаггүй бэрхшээл тулгардаг. 45 хоногийн курст мэргэжилтнүүдийг явуулдаг. Ямарч нэмэргүй. Ихэнх нь урамшууллын журмаар явчихна. Гадаад явж үзэг гээд явуулах жишээний. Иймэрхүү жишгээр маш их мөнгө үрэгдсэн дээ.

-Та МАН-ын гишүүн, Бага хурлын гишүүн ч байсан. Тэр намд шинэчлэл хийх боломжгүй, мухардсан учраас ийм сонголт хийсэн үү?

-Хүндээ биш намын тогтолцоо нь буруу байна гэдгийг олж хараад л намаас гарах шийдвэрээ гаргасан.  Түүнээс хамт мөр зэрэгцэн зүтгэж байсан нөхдүүдээ хэзээ ч муулахгүй. Бүх зүйл хэсэг хүмүүсээс хамааралтай болчихсон, доод шатнаас мэдлэг, чадвараараа  дээшээ шат ахиж  дэвшдэггүй, ашиг сонирхолын бүлэглэлүүдийн тохироогоор асуудлыг шийддэг болчихсон газар өөрчлөлт хийнэ гэдэг амаргүй.Бараг цаг заваа дэмий үрсэн хэрэг болох биз.

-Та нийгмийг жинхэнэ элитүүд түүчээлдэг гэдгийг зөвшөөрөх  үү?

-Зөвшөөрдөг. Гэхдээ элит гэж хэн бэ гэж тодорхойлох нь чухал л даа.

-Тийм давхарга Монголд  бий юу?

-Байгаа. Энэ давхарга их сул, нимгэхэн байна гэхүү дээ. Боловсролтой болохын  нэг сул тал  нь хүнийг зориггүй болгочихдог. Бүх зүйл дээрболгоомжлоод байдаг. Зориг, ухаан хоёрыг хослуулж байж лидер төрнө. Мэдлэггүй,зоригтой нөхөр гарч ирчихээд сэлэм эргүүлээд байвал олны дэмжлэгийг хүлээхгүй.

-Та ийм шинжийг хослуулж чадсан уу?

- Ийм шинжийг хослуулсан хүн хэн нэгний  хэлснээр биш үйл хэргээрээ, цаг хугацааны шүүлтүүрийн явцад тодорч гарч ирнэ ээ. Би манлайллыг төрдөг гэж боддог. Чи ийм болчих, би тийм  болчихоё тэгээд хүсснээ гүйцэлдүүлье гэвэл хуйвалдаан. Манлайлагч  эгзэгтэй мөч тулгарахад   түрүүлж дуугарч, зориг гаргаж,хариуцлагыг үүрч, зөв гарц гаргаж байж олныг дагуулна. 

-Танай гэр бүлийг урлагийн элит гэдгийг хүмүүс  хүлээн зөвшөөрдөг. Ийм гэр бүлээс оюунлаг, Монголоо гэсэн чин сэтгэлтэй, манлайлах  залуу лидер төрж мэднэ  гэсэн бодол төрдөг л дөө?

-Тэрийг хэлж мэдэхгүй шүү дээ. Гоё ярьдаг хүмүүс олон. Амаараа бол бүгдээрээ лидерүүд. Үйлдэл л  харуулна.Өөрийгөө тийм байгаасай хүсдэг. Гэхдээ чадах эсэхийг цаг хугацаа л харуулна. ХҮН –д ухаан, зориг хосолсон олон сайхан залуус бий. Би биш юмаа гэхэд тэднээс маань тийм лидер төрнө гэж найддаг.

-Өөртэй чинь 2008 оны сонгуулиар Сонгино хайрхан дүүрэгт ажиллаж байхад тааралдаж уулзаж байсан юм. Тэр үетэй харьцуулахад сэтгэлгээ, ойлголт, тэмүүлэл тань их өөрчлөгджээ?

- Кадастрын албанд ажиллаж байхдаа амьдралын маш том сорилтыг давсан.  Би хэнд ч “сүнсээ” худалдаагүй, нэр цэвэр, итгэл үнэмшилээсээ урваагүй. Хэчнээн тэрбум доллар эргэлдэж байдаг салбарт ажиллаж байлаа.  Тэр үед  өчүүхэн сонирхолдоо автан уулын мухарт байшинтай, газартай болчихоё  гэж  бодоогүй, сорилтод  бүдрэлгүй давснаараа бахархдаг. Тухайн үед энэ салбарыг яаж засах ёстойг мэдэрч,  ганцаараа дийлэхгүй гэдгээ ч ойлгосон.Тэгээд төрийн албанаас гарсан л даа.

 Хэчнээн тэрбум доллар эргэлдэж байдаг салбар. Тэр үед  өчүүхэн сонирхолдоо автан уулын мухарт байшинтай, газартай болчихоё  гэж  бодоогүй, сорилтод  бүдрэлгүй давснаараа бахархдаг


-Танд дарамт, шахалт ирсэн юм уу?

-Монголын хамгийн зөрчилтэй албан тушаал гэх юмуу даа. Миний байх үед .

-Өөрийг тань шинэ нам байгуулахад таны ээж  Ардын жүжигчин Н.Сувд, эмээ Л Цогзолмаа гуай  хэрхэн хүлээж авсан бэ.Тэд МАН-ын гишүүн байхаа?

-Ер нь дэмжихгүй байсан л даа. Ээж, эмээ  МАН-ын гишүүд. Дөрлөсөн бух шиг болсон байхад маргаад нэмэргүй гэж бодож байгаа байх.

                 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.