TIMES Ярилцлага


Я.Санжмятав: “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад” Монгол улсад анх удаа болно

3 жил, 10 сар TIMES.MN

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” Монгол Улсад энэ сарын 19-29-ны хооронд анх удаа болох гэж байна.


Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил энэ олимпиадыг Монголд зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхтэй болсон. Тэгвэл тив дэлхийгээс тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажлыг хийж дуусчээ. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцох юм. 


Энэ талаар тэмцээний зохион байгуулах хорооны дарга,УИХ-ын гишүүн, Шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятаваас тодрууллаа.

-Та Монголын шатрын холбооны тэргүүн дэд  ерөнхийлөгчөөр ажилладаг. Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Улаанбаатарт зохион байгуулахаар болсон гэв үү?

-Улаанбаатар хотод Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг зохион байгуулахаар болсон. Уг тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар нь ажиллаж байна. Тэмцээн болоход цөөн өдөр үлдсэн байна. Тодруулбал, “Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” Монгол Улсад анх удаа энэ сарын 19-29-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.   Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Монголд зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхийг авч чадсан.


-Тэмцээний бэлтгэл ажил хангагдсан уу?

-Тив дэлхийгээс тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан.


-Хямрал болж байхад тэмцээн наадам хийлээ гэсэн шүүмжлэл гардаг?

-Эдийн засаг хямарлаа гээд бүгдийг харлуулж болохгүй л дээ.  Нэг талаасаа оюуны спортын дэмжих, нөгөө талаасаа манай улсын хувьд сурталчилгаа болно. Хувийн хэвшлийнхэн маань ч оюуны спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусаа оюуны спортоор хичээллүүлэх тал дээр нийгмийн оролцоогоо идэвхжүүлж байна. Тухайлбал,  тамирчдыг байршуулах байр хоолоор хангахад “Чингис хаан” зочид буудал хөнгөлөлт үзүүлэхээр болсон.. “Хүннү молл” компани  хурлын заалаа үнэгүй ашиглуулахаар болсон. Тэмцээн зохион байгуулахад нийт 500-600 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа. Үүний  70 сая төгрөгийг Засгийн газар төсвөөс гаргасан. Үлдсэн хөрөнгийг хувийн хэвшлээс гаргаж байна. Дэлхийн хэмжээний тэмцээн учраас сайн чанарын шатар, ширээний цагийг шинээр авах шаардлагатай болсон. Дэлхийн шатрын холбооноос 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 200 гаруй ширээний цаг, мэргэжлийн 200 шатрын хөлөг авах захиалга өгсөн. Ирэх долоо хоногт эдгээр хэрэгслүүд ирнэ.

Дэлхийн хэмжээний том тэмцээн Монголд  болж байгаа нь манай улсад эерэг сурталчилаа болно.

-Тэмцээнд хичнээн улсын  хичнээн хүүхэд оролцож байгаа вэ?

-Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.  Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн төвшний том багууд оролцоно. Мөн тус улсын их мастерууд нь “Mongolia open”-д оролцохоор ирнэ. Тиймээс тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй болох байх. нэлээд ширээн болох байх.   Ер нь энэхүү тэмцээнээр дамжуулан Монголоо сурталчилъя, хөгжлөө таниулъя гэж бодож байна.  Улс орон бүрийн шатар сонирхдог, шатрын спортоор хичээллэж байгаа хүмүүс тухайн улсынхаа хамгийн оюунлаг хүмүүс байдаг. Тиймээс Монголын үнэт зүйл нь Оюутолгой, Тавантолгойншиг ашигт малтмалын орд гэхээс илүү эх орондоо өсч өндийсөн оюунлаг, тэвчээртэй ухаалаг, сэтгэн бодох чадвартай хүн байх ёстой гэсэн үүднээс шатрын спортыг дэмжиж, дэлхийн хэмжээний наадмыг Монголдоо зохион байгуулах нь зөв юм байна гэж үзсэн.


Монголын үнэт зүйл нь Оюутолгой, Тавантолгойншиг ашигт малтмалын орд гэхээс илүү эх орондоо өсч өндийсөн оюунлаг, тэвчээртэй ухаалаг, сэтгэн бодох чадвартай хүн байх ёстой гэсэн үүднээс шатрын спортыг дэмжиж, дэлхийн хэмжээний наадмыг Монголдоо зохион байгуулах нь зөв 

-Тэмцээн хэр шагналын сантай вэ. Тамирчид сонирхож байгаа байх л даа?

-Тэмцээнд оролцсон бүх хүүхдүүдэд эрхийн бичиг, үндэсний хэв шинжийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг өгнө. Шалгарсан багууд цом медалиа авна. Харин “Mongolia open”-д бүх шатны шатарчид оролцох бөгөөд  тэргүүн байр эзэлсэн тамирчин зургаан сая төгрөгийн шагнал гардах юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.