Хөгжлийн гарц


Д.СОСОРБАРАМ: ЦАГИЙН ЗҮҮ БУРУУ ЭРГЭЭД БАЙНА УУ Ч ГЭЖ БОДОГДОХ БОЛЛОО

1 жил, 3 сар TIMES.MN

Д.СОСОРБАРАМ: ЦАГИЙН ЗҮҮ БУРУУ ЭРГЭЭД БАЙНА УУ Ч ГЭЖ БОДОГДОХ БОЛЛОО


ОРОЛЦОГЧИЙН НЭР: ДОГМИДЫН  СОСОРБАРАМ

Монгол Улсын тайз, дэлгэцийн нэрт жүжигчин хошин урлагийг Монголд үүсгэн эхлүүлэгчдийн нэг, Чойномын  нэрэмжит нэг хүний «Од» театрын жүжигчин, уран уншигч, Монгол улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат жүжигчин гээд түүнд гуншин олон бий.

Монголын төрт ёсны түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, хоосон чанарыг онох оюун билгийн охь - "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, урлагт чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд  хувь нэмэр оруулсныг нь  хүндэтгэхгүй байхын аргагүй, авьяас билэг төгөлдөр, ааш зан хурц нэгэн билээ.


МОНГОЛ  УЛСЫН  ӨНӨӨДРИЙН ДҮР ТӨРХИЙГ ХЭРХЭН ДҮГНЭДЭГ ВЭ?

Товчхондоо бол архи  уусан хүн шартчихаад  өглөө босоход дотор муухайрч, толгой өвдөөд, хэцүүхэн  байдаг даа. Түүн шиг л байдалтай байна гэхүү дээ. Ерөнхийдөө замбараагүй, залхаг,  сэтгэлгээ, оюун санааны хомсдол орчихсон  л дүр төрх харагдаад, чамлаад байх юм аа. Гэхдээ бас бүгдийг харлуулж болохгүй л дээ.  1996-2000 оны хооронд монголчууд өглөө болгон нүүрээ угаадаг, усанд ордог хүүхэд шиг болчихсон байсан. Тийм л цэмцгэр болж, хөгжлийнхөө шанг татаж  байсан хэрэг.  Гэвч 2000 оноос хойш эрч хүч алдагдаад, бохирдоод эхэлсэн гэж хардаг. Гэхдээ энэ 26 жилийн хугацаанд ахисан зүйл, олсон амжилт, бүтээсэн зүйл бишгүй бий л дээ. Миний хувьд илүү сайхан болгох гэж шунаад, чамлаад байдаг байж болох юм. Цагийн зүү буруу эргээд байна уу  ч гэж бодогдох боллоо.


АСУУДЛЫГ ЯРЬСААР БАЙХ БИШ ГАРЦЫГ ОЛЖ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГ ҮҮ?

Санал нийлэлгүй яахав. Үг, үйлдэл хоёр нийлж байх хэрэгтэй. Үйлдсэн үйлдлээсээ үг нь зөрж болохгүй. Үг нь бүтээх ажлаасаа зөрөхгүй байх нь чухал.  Толстойн “Өөрийн үгэнд битгий итгэ, хүний үгэнд битгий итгэ, үзэл бодолд битгий итгэ, үйл хэрэгт үнэмш” гэсэн хэлсэн гайхамшигтай үг бий.

Томоохон үйл хэрэг, үйлдэл хийх гэхээр саад бологсод нь олшроод байгаа харагдах юм.  Хоорондоо хэмлэлдээд, зөрчилдөөд  татаж унагаад байна шүү дээ. Бие биенийхээ зөвийг олж харахгүй, дандаа л өөг нь хайж, хэт шуналд хөтлөгдөөд байна. Зөв шунал уг нь  хэрэгтэй л дээ. Эрдэм мэдлэгтэй болох, улсаа хөгжүүлэх, босгох, бүтээх, баян болох гээд зөв шунал хүнийг хөглөж байдаг.


МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ЮУ БАЙХ БОЛ?

Өнөөдрийн хувьд манай улсад 30 гаруй татвар байдаг юм билээ. Эдгээр татварын хэмжээг эрс бууруулаад, зарим татварыг тэглэх хэрэгтэй. Тэгвэл эдийн засаг өөрөө босоод л ирнэ. Бага чулуугаар их чулууг доргионо гэдэг дээ. Бага татвартай  байвал хүмүүс заавал нуух гэхгүй. Тэгж хууль зөрчиж, барьцаанд баглагдаж байхаар шударгаар л татвараа төлөөд явахыг бодно шүү дээ. Өнөөгийн нөхцөлд юм хийж бүтээх гэсэн монголчуудын хүслийг татварын хатуу бодлого, давхардсан олон хяналт шалгалт мохоож больё доо гэж шантрахад хүргэж байна.

Хэрвээ татварын уян хатан бодлого хэрэгжүүлвэл  татварын тогтолцоо ч зөв гольдрилдоо орж эрүүлжээд ирнэ. Үүнийгээ дагаад бизнес цэцэглэнэ, орчин нь таатай болно. Бас төр оролцоогоо аль болохоор хумиж бодлогоор дэмжээд явбал дорхноо л өндийгөөд ирнэ гэсэн итгэлтэй байдаг.  1996 онд Гаалийн татварыг тэглэж, үнэ чөлөөлөхөд  эдийн засагт тэсрэлт бий болсон түүхтэй.

Нөгөөтэйгүүр хөгжлийн нэг тулгуур гарц нь иргэний боловсролыг дэлгэрүүлэхэд төрөөс бодлоготойгоор анхаармаар байна. Монголын нэрт эрдэмтэн Чой. Лувсанжав “Хүн болоогүй хүнд эрт эрдэм боловсрол эзэмшүүлбэл, босоо ороолонд алтан шүд хийгээд босгосонтой адил” гэж айхтар үг хэлсэн байдаг. Тэгэхээр хүн болоогүй хүн эрдэм боловсрол эзэмшээд ирэхээрээ дандаа буруу тийшээ толгой нь ажиллаж, яавал хурдан хөрөнгөжих үү, яавал мөнгө завших уу гээд хулгай хийхэд  л хүчээ зориулаад байгаа хэрэг. Манайд  гадаадад сургууль төгссөн, хэл усандаа сүрхий, гайгүй “толгойнууд “ нь хуулиар хулгай хийгээд  байна шүү дээ.

Тиймээс  бага балчираас нь түүх, соёл, зан заншил таниулж сургаж, ёсзүйг эрхэмлэдэг, шударга, эх оронч болгон хүмүүжүүлэхийн суурийг тавьж,  зөв хүн болгож төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм.


ТА ӨӨРИЙНХӨӨ ТӨСӨӨЛСНӨӨР  ХӨГЖЛИЙН ЗАГВАРЫГ  ТОДОРХОЙЛНО УУ?

Монголчууд хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэд зов гэсэн  философитой үндэстэн. Хүний цүнх барьж гүйгээд, хэн нэгэн даргын халаасанд орчих шахааад,  баян бизнесмэний  утсан хүүхэлдэй болж явах нь хүсээд байхаар сайхан зүйл биш. Өөрийн толгойгүй боол мэт . Тиймээс  бие даасан, өөрийнхөө “мөнчгөрөөрөө”, хөдөлмөрөөрөө  амьдардаг, баялаг бүтээж чаддаг, бий болгодог байхын төлөө зүтгэх хэрэгтэй байна.

Хүн бол өөрийнхөө баялгийг өөрөө л бүтээнэ. Тэр хүний эдийн болон оюун санааны баялаг өсөөд үржээд явах уу гэдэг нь хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаална. Монгол хүн бүр ингэж сэтгэж, бодож, хичээж , зүтгэх нь хөгжил өөд хөтлөх хүч.

Нобелийн шагналтан Н.Фрийдмэн  Эрх чөлөө гэдэг бол зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийн чиг зорилго юм” гэж хэлсэн байдаг.




МОНГОЛ УЛСЫН АЛСЫН ХАРААГ ГУРВАН ҮГЭНД БАГТААЖ ТОМЬЁОЛНО УУ?

Залхуугүй, дэгтэй, цэгцтэй.


ДЭЛХИЙД ТАНИУЛАХ МОНГОЛ  БРЕНД БИЙ БОЛГОХ БОЛОЛЦОО БИЙ ЮУ, БОЛОМЖТОЙ ГЭВЭЛ ОНЦОЛЖ ТОДОТГОЖ ХЭЛНЭ ҮҮ?

Дэлхийд гарчихаад байгаа Монголын олон бренд бий. Тэр дундаас салбарынхаа брендийг л нэрлэе. Монголын үндэсний ардын урлаг, хөөмий, дуу хөгжим, кино дэлхийд Монголыг сурталчлах, таниулах брендүүд.   Монголын толь нь юм шүү дээ.  Өнөөдөр дэлхийд тэд өөрсдийгаа  таниулчихлаа.  “Домог хамтлаг” л гэхэд   Дэлхийн ардын урлагийн академийн бүх Гран при шагналыг авсан. Шубертийн консерваторийн хөгжимчдийн уралдаан, Ардын урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наадамд Монголын уран бүтээлчдийг оролцуулах төслүүдийг урлагийн консалтингийн “АртЛар Хауз” компаниас санаачлан, менежмэнтийн бүхий л ажлыг гардсан хийсэн. Үүнд оролцох Монголын уран бүтээлчдийн продюсероор миний бие ажилласан юм. Дэлхийн язгуур урлагийн академиас  Маэстро цол олгосон. Монгол Улсынхаа нэрийг өндөрт мандуулсан энэ бахархалт амжилт уран бүтээлчид, продюсер, урлагийн менежмэнтийн баг гурвын хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм. Аль нэгийг нь нөгөөгөөс нь салгавал амжилт дагуулж үл чадах ийм хамтын ажиллагаа Монголын урлагт ус агаар мэт хэрэгтэй байна даа.
Хүлэг морьдын туурайгаар дэлхийг тамгалж явсан монголчууд өдгөө авьяас, ухааны тамгаар улсаа бадраах цаг айсуй  гэж итгэдэг. 


ТАНЫГ  МОНГОЛ УЛСАА ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ГҮРЭН БОЛГОХОД ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛ ГЭВЭЛ ТА ЮУ  ХИЙЖ, БҮТЭЭЖ ЧАДАХ ВЭ?

Би өнөөдрийг хүртэл чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өөрийнхөө чаддаг зүйлийг хийхгүй, их мэдэгчийн дүр эсгэж, чадахгүй зүйлд хутгалдах нь бусдад гай болдог. Өөрийнхөө чаддаг, мэддэг бүхий л  зүйлээ сүүлчийн амьсгаа хураах тэр мөч хүртлээ зориулсаар дуусна. Үүнд харин эргэлзэх хэрэггүй  ээ. Энэ миний эх орондоо оруулж буй өчүүхэн төдий дусал юмуу даа.


МОНГОЛ ХҮНИЙГ  ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ  ВЭ?

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Хүүхдэд багаас нь Монголын түүх, хэл, соёл, үнэ цэнэ нь юу гэдгийг ойлгуулахад анхаарах нь чухал. Гэхдээ хуучинтайгаа зууралдаад байх биш, улам баяжуулж, хуучин, шинийг сэлбэж,   мэдсэн мэдлэгтэй баглагдахгүй, уншсан номныхоо хавтсанд хавчуулагдахгүй болгох  хэрэгтэй.

Монгол хүнийг их л гэгээрүүлэх хэрэгтэй байна. Гэгээрсэн хүн, гэгээрсэн улс, гэгээрсэн үндэстэн болчихвол ч. Хөгжлөөс хойш татаад зүйл яах аргагүй оюуны хоосрол. Онлайн ертөнцийг хааяа харахад сэтгэл сэрдхийлгэмээр л байх юм. Яасан ч ядуу сэтгэлгээтэй, ямар ч аймаар доромжлол, үзэн ядалтаар дүүрэн юм. Яасан ч их завтай байдгийн. Харааж зүхсээр өдрийг бардаг юмуу гэлтэй.



МОНГОЛ БАХАРХАЛ, МӨРӨӨДЛИЙГ   ХЭРХЭН  БИЙ БОЛГОХ ВЭ?

Монгол үндэстэн өөрөө олон зуун жилийн түүхтэй. Тэр болгоныг  залуучуудад бодитоор сурталчлан таниулмаар санагддаг. Тэр үед бүдүүлэг байсан, энэ нь оносон, тэр алдаа байсан гээд бүгдийг нь тайлбарлан   хүргэмээр байх юм.

Хүнээ гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх, хүнлэг, соёлч боловсон болгох чиглэлд юу ч хийхгүй байна шүү дээ. Ганцхан жишээ татья л даа, хөдөөнөөс орж ирээд хотод суурьшиж байгаа иргэнд хотын хөдөлгөөнд оролцохдоо ийм дүрэм журмыг дагаж,  хээр яваа юм шиг гудамжинд шүлс, нус цэрээ хаяхгүй байх гээд заагаад, зөвлөөд өгвөл тэд чинь ойлгоно шүү дээ. Ердөө соён гэгээрүүлэх ажил хийхгүй. Дээгүүр  салхилаад , сэвээд, хүндээ хүрсэн соён гэгээрүүлэх ажил хийхгүй  юм.

Саяхан  болсон Эдийн засгийн чуулган байна. Гоё үгээр илбэдээд л өнгөрлөө. Дараа жил нь дахиад форум хийнэ. Мөнгө үрнэ. Тэр төсөв дээр нь л  үүнийг зохион байгуулж байгаа хэдэн хүн ажилладаг царайтай юмаа даа, янз нь. Тэгээд гял цал зүйл харуулна. Ярьж, хэлж байгаа нь нэг сансрын бодит хөрсөндөө буухгүй. Хүнд үйлдэл, үйл хэрэг болгоод явчих боломжийг бий болгомоор байна шүү дээ.


ХӨГЖЛИЙН ГАРЦ БУЛАНД ХЭНИЙГ ОРУУЛАХААР САНАЛ БОЛГОХ ВЭ?

Хотын дарга Э.Бат-Үүлийг оруулаасай гэж бодож байна. Би нөхрийгөө энэ амьдралын балчиг шалбааг дунд өөрөө ороод,  хутгалдаад , алдахдаа алдаад, онохдоо оноод, хий нь гарсан, шунал нь дарагдсан хүн.  Бат-Үүл голчтой хэлж гарцыг  тодорхойлох байх гэж бодож байна. 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.