Аналитик


Бохироо шийдсэн ч Гацуурт, Тавантолгой асуудал хэвээр...

3 жил, 11 сар TIMES.MN

Гацууртын ордын хэрүүл хэр удаан үргэлжлэх бол...


Өнгөрөгч долоо хоногт хүлээлт үүсгэсэн нэгэн асуудал нь стратегийн ордын жагсаалтад ороод 3-хан сар болж байгаа Гацууртын орд юм. Энэхүү ордыг шаиглах асуудлыг парламентаар хэрхэн шийдвэрлэх нь олны анхааралд байсаар байсаар байв. УИХ-аар хэлэлцэж эхэлснээс хойш Гацууртын ордын хэдэн хувийг төр эзэмших вэ гэсэн асуудал улстөрийн намуудын хэрүүл гол сэдэв байсаар ирсэн. Төр 34 хувийг эзэмших энэ хувийнхаа хувь эзэмшлийг тусгай төлбөрөөр орлуулж авах гэсэн Засгийн газрын хувилбарт намын бүлгүүд шүүмжлэлтэй хандаж санал хуваагдсан юм. Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирсэн энэхүү асуудлыг хурдан хуумгай шийдэхийг улстөрчид хүсэхгүй байна. Мөн хамгийн ихээр эсэргүүцэж байгаа МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт 5 хоног завсарлага аваад байгаа. АН-ын бүлэг Гацууртын ордыг  ашиглах нь зөв, төрийн эзэмшлийн 34 хувийг эзэмшихийн тулд тусгай төлбөрөөр авахыг ч дэмжих нь зөв гэжээ. Тэгвэл завсарлага аваад байгаа МАН-ын бүлгийнхэн Гацууртын ордын төрийн хувь эзэмшил ямар байх, ямар төлбөр тооцоогоор эзэмших гээд тайлбарыг  Уул уурхайн сайдын амнаас албан ёсоор сонсмоор байна. Улс орныхоо эдийн засгийг сайжруулах ёстой ч улстөрийн бизнесийн хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхлыг харгалзаж болохгүй. Тиймээс уул уурхайн томоохон төслүүдэд ул суурьтай хандаж удаан хугацаанд ашигтай ажиллах талд саналаа нэгтгэж хамтарч ажиллах ёстой гэж байв.

Шударга ёс эвслийн бүлгийнхэн Гацууртын ордыг  ашиглах явцад иргэд байгалийн баялагтаа эзэн суух ёстой байтал өмчлөх эрхэд нь халдаж Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн байна. Энэ асуудлыг нарийвчлан судлах хэрэгтйэ байгаа болохоор ажлын хэсэг гарган ажиллах болно гэж  мэдэгдсэн.

Засгийн газрын оруулж ирсэн хувилбарт: Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших. 34 хувиа нөөц ашигласны тусгай  төлбөрөөр орлуулах гэжээ. Алтны ханшаас хамаарч нөөц ашигласны тусгай төлбөр өөрчлөгдөх асуудлыг хөрөнгө оруулагч нартай тохиролцсон гэжээ. Салбарын мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар нөөц ашигласны тусгай төлбөрөөр 34 хувийг тооцож авах нь оновчтой хувилбар гэдэг эргэлзэж байгаа юм. Гацууртын ордын 70 тонн алтны нөөцийг 9 жил олборлоод 3 их наяд 361 тэрбум төгрөгийн  борлуулалтыг хийж татварын  дараах цэвэр ашиг нь 340 тэрбум төгрөг, үүнээс 70 тэрбумыг нь төр ноогдол ашиг болгож авна гэсэн тооцоо гаргасан байгааг дахин нягтлахыг мэргэжлийнхэн, улстөрийн хзрээнийхэн хэлж байгаа юм. Ямар боловч МАН-ын бүлгийн завсарлага энэ 7 хоонгт дуусах тул Гацууртын ордыг хэрхэн ашиглах талаар дахин ярилцлах болж байна.


Тавантолгойн  тендерийг хүчингүй болгох уу


Тавантолгойн гэрээнд дүгнэлт хийхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийнхэн ажлаа дуусгаад УИХ-д өргөн барьсан гэх. Ажлын хэсгийнхэн ямар дүгнэлт гаргаснаа албан ёсоор хийгээгүй зарим эх сурвалжийн хэлж буйгаар Тавантолгойн тендерийг хүчингүй болгож дахин зарлах  санал оруулж байгаа бололтой. Хаврын чуулган эхлэнгүүт батлуулаад явуулна гэж төлөвлөсөн Тавантолгойн гэрээний асуудал ажлын хэсэг байгуулагдсанаар өнөөдрийг хүртэл бүрхэг байсаар байна. Анх 14 хоног ажиллаж дүгнэлт гаргасны талаар шуурхай батална гэсэн яриатайгаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр дүгнэлтээ бүрэн гаргасан эсэх нь тодорхойгүй л байна. Засгийн газарт шүүмжлэлтэй ханддаг гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг 14 бус 65 хонож байж дүгнэлтээ гаргалаа. Гэхдээ гэрээг цаашид явуулах бус бүр хүчингүй болгуулж дахин зарлах, гэхдээ төмөр замын асуудлыг нь давхар шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа  бололтой.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын хэлж буйгаар Ажлын хэсэгт шаардлагатай бүхий л бичиг баримтыг гаргаж өгсөн. Тэд дүгнэлтээ гаргах хангалттай хугацаа авсан. Удахгүй дүгнэлтээ гаргаж Тавантолгойн асуудал шийдэгдэх байх гэсэн бол Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Гэрээгээ эхлээд өргөн бариад араас нь холбогдох хуулиа өөрчлөөд явдаг жишиг энэ удаа ч давтагдаж байна. Ийм замаар ашигт малтмалын стратегийн ордыг ашиглаж болохгүй” гэсэн хатуухан байр суурийг илэрхийлсэн. Эндээс харахад анх ажлын хэсэг байгуулагдахад гэрээг буцаах болов уу гэсэн таамаг батлагдаж байгаа бололтой.

 

Засгийн газар 1 тэрбумын бонд гаргана


Монгол улсын өр ДНБ-ны 58,3 хувьтай тэнцэж байгаа гэдгийг улстөрчид, эдийн засагчид хэлж байгаа. Гэтэл Сангийн сайд энэ түвшин буурч байгаа гэх. Байдал ийм байхад өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлэл хийхдээ 1 тэрбум ам.доларын бонд гаргана гэж хэллээ. Мөн ойрын хугацаанд 350 сая ам.долларын бонд гаргахаар зэхжээ. “Төсвийн санхүүжилттэй холбоотойгоор гадаадад бонд гаргах эрх байгаа. Оюутолгойн далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг үзэглэсний дараа манай гадаад нэр хүнд сэргэж зээллэгийн хүү буурсан. Өөрөөр хэлбэл, Монгол руу орж ирэх мөнгөн урсгал нэмэгдсэн” хэмээн С.Баярцогт онцолсон юм. Мөн төсвийн тодотголыг баяр наадмаас өмнө хийх хэрэгтэй байгааг ч хэлж байв. УИХ өөрөө эдийн засгийн  асуудалд чөдөр тушаа болж байгааг тойруу замаар хэлээд авсан.

 

Нийслэлчүүди бохиртойгоо хутгалдахгүй боллоо


Төв цэвэрлэх байгууламжийн бетон хана нурж цэвэр бохир нь холилдох болсон учир шуурхай засвар хийгүй бол нийслэлчүүд бохиртоо живэх, усны эх болсон Туул голоо бохироороо дүүргэх аюул нүүрлээд байсан юм. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдэд хүндрэлгүйгээр  амралтын өдрөөр засварын ажлаа хийхийг даалгасан.  Мэргэжлийнхэн амралтын өдрүүдэд бетон хийцийн засварыг хийхээр төлөвлөж хэрэглэгчдийн хэрэглээний усыг тодорхой бүсээр хуваар гаргаж хязгаарласан юм. Усны хэрэглээ өндөртэй архи пивоны үйлдвэр, мах, арьс ширний гээд томоохон үйлдвэрүүдийн усыг хязгаарласан байна.  


Засварын ажлыг энэ сарын 12-ний 03:00 цагаас эхлүүлэн Ням гараг буюу 14-ний 00:00 цагт засварыг дуусгана хэмээн Хотын ерөнхий менежер мэдэгдэж байсан. Энэ хугацаанд байгууллага, аж ахуйн нэгжүүд болон орон сууцнуудын хэрэглээний усыг тодорхой хугацаатайгаар хязгаарлаад байсан. Харин 13-14-нд шилжих шөнийн 02:30 цагт Төв цэвэрлэх байгууламжийг бүрэн засварлаж дууссан байна. Энэ талаар Ус Сувгийн Удирдах газрын диспетчерээс тодруулахад “Урьд шөнө буюу 13-14-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед  Төв цэвэрлэх байгууламжийн засварыг дуусгасан. 02:30 цагаас хэвийн ажиллаж эхэлсэн. Одоо хэрэглээний усыг хязгаарлахгүй” гэж байв. Засвар хийх 24 цагийн хугацаанд бохироо механикаар цэвэрлээд Туул гол руу цутгасан байна. Цэвэршүүлэлт нь 50 хувьтай байсан гэдгийг албаныхан хэлжээ.

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.