Аналитик


Сайдын суудал, цэцэрлэгийн сугалаа, алтан медалийн горьдлого тээсэн өдрүүд

4 жил TIMES.MN

Шинэ сайд нарын нэрсийг 9 дүгээр сарын 6-нд өргөн барина


Ээлжит чуулган хуралдсан ч ор нь гарсан зургаан сайдын оронд шинэ сайд нарыг томилж чадаагүй. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг ирэх сарын 6-нд хуралдуулахаар товлож буйгаа дуулгасан. Хоёр дахь удаагаа хуралдахаар болж байгаа ээлжит бус чуулганаар шинэ сайд нарыг батална. Өршөөлийн хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Өнөөдөр УИХ-ын дарга АНУ-ыг зорьж байгаа. Гэхдээ ээлжит чуулганы хуралдааны бэлтгэл ажлыг дэд дарга Р.Гончигдоржид даатгаад явсан. Энэ хугацаанд сайдын квот авсан нам эвслийнхэн сайдуудаа торуулж эцэслэх юм. Үүний дараа мөн дэд сайд нарын суудал байгаа. МАН-ын дэд сайд нарыг өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн. Эдгээр суудал хоосон байгаад байж болохгүй. Ямар боловч УИХ-ын  ээлжит чуулганыг хүлээлгүй сайд нарыг томилж хоригийг хэлэлцэх болж байна.

 

160 ам.долларын сэтгүүлийн дуулиан


Өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой мэдээлэл тархсан. Энэ нь Монгол улс руу нэвтрэх хоёр дахь виз нь 160 ам.долларын үнэтэй сэтгүүл болж таарсан. Үүнийг мэдсэн Ерөнхий сайд учрыг нь олж хужрйг нь тунгаахаар өрөөндөө салбарын удирдлагуудыг дуудаж байцаасан юм. Монгл төрийн дээдсүүд  суудлаа олохгүй хэрэлдэх зуур хойгуур нь ийм аргаар мөнгө олдог хэсэг үблэг хүмүүс бий болсон байна. Илэрч байгаа нь энэ болохоос өөр ямар ч аргаар төрийн нэр, мөнгийг идэж тохиолдол байхыг үгүйсгэхгүй.

Гадны иргэдийг залилаж, хилийн хяналтын бүсэд сэтгүүл худалдаалсан нь хууль бус үйлдэлд тооцогдож байгаа учир тус энэхүү хэргийг АТГ-аас шалгах бололтой. Харин “Access” хэмээх 160 ам.долларын үнэтэй сэтгүүлийг Хилийн хяналтын бүсэд борлуулсан “Хүннү лорд” нэртэй компани дээрх сэтгүүлээ хэдэн хувь хэвлэсэн, хэдэн төгрөгийн ашиг олсноо өнөөдөр хэвлэлийн хурал хийж дэлгэрэнгүй мэдээлэх ажээ. Ямартай ч албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх сэтгүүлч 36 мянган хувь хэвлэгдсэн гэх мэдээлэл бий. Энэхүү тоо баримт үнэн бол “Хүннү лорд” компани жуулчдыг айлган сүрдүүлж, залилах замаар их хэмжээний орлого олсон нь тодорхой болж байгаа юм.

Цэцэрлэгийн бүртгэл хэрүүлтэй ч дууслаа


Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тухай сүүлийн хэдэн жил явж байгаа учраас нуршаад хэрэггүй. Өнгөрсөн долоо хоногт болсон цэцэрлэгийн бүртгэл хэрүүл уруул, горьдлого, найдвараар дүүрэн байлаа. Учир нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим цэцэрлэг сугалаагаар шинэ хүүхдүүдийг бүртгэсэн юм. Горьдлого найдвар тээсэн эцэг эхчүүд дараалан зогсож сугалааний хүрднээс сугалаа сугалж байв. Ийнхүү сугалаа явуулж буй цэцэрлэг хэвлэлийхнийг байлцуулахыг хүссэнгүй. Бүртгэлийг хэл амгүй, ямар нэг маргаангүй явуулаах арга үүнээс өөр байхгүй гэж учирлаж байсан юм. Харин цэцэрлэгийн бүртгэл дуусаны дараа нэгэн эцэгийн цахим хуудастаа бичсэн постыг уншлаа. “Хүү минь аз нь дутаж цэцэрлэгт бүртгүүлж чадсангүй. Цэцэрлэг авахгүй гээд байхад цэцэрлэгтээ явна гээд байгаа хүүхдээ өрөвдчихлөө” гэжээ.

Гурилын үнэ нэмэгдэхгүй


Монголчуудын дотоодын хэрэгцээг хангахын тулд 320 мянган тонн буудай шаардлагатай. Гэтэл энэ жил цаг агаарын таагүй нөлөөнөөс болж зарим газраа ургац алдсан. Үүнээс болж 106,4 мянган тонн улаан буудай импортоор авах шаардлагатай болсон. Гадаад зах зээл дээр улаан буудайн үнэ харьцангуй бага байгаа гэнэ. АНУ-ын биржээс  197 ам.доллараар,  ОХУ-ын зах зээл дээрээс 450 мянга орчим төгрөгт импортоор авах боломж байгаа аж.

Ургацаа алдсан тариаланчдыг төр дэмждэгээ орхихгүй. Гэхдээ үнэхээр цаг агаарын давшгүй хүчин зүйлээс болж ургацаа алдсан бол зээлийн хугацааг нь хойшлуулах зэрэг аргаар дэмжлэг үзүүлэхээр Хүн хөдөө аж ахуйн яам төлөвлөж байгаа гэнэ. Ургац алдсан гэх дуулианаар гурилын үнэ өсдөг. Энэ байдал энэ жил мөн давтагдаж байна. Тиймээс гурилын үйлдвэрүүдэд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан зээлийнх нь эргэн төлөлтийг хойшлуулан сунгах. Гурилын үнийг нэмбэл Тариалан дэмижх сангаас хөнгөлөлттэй үнээр буудай олгохгүй гэж байгаа юм. Энэ мэтчилэн ХХАА-н яамнаас тариаланчид, гурилын үйлдвэрүүдийг дэмжсэнээр стратегийн гол бүтээгдэхүүн болох улаан буудай, гурилын үнийг өсгөхгүй браина гэж үзэж байна.

Жүдогийн эрэгтэй баг түүхэн амжилт тогтоов


Монголын жүдо бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эрэгтэйчүүд эхлүүллээ. 2015 оны Астанагийн дэлхийн аваргад өрсөлдсөн эрэгтэй шилдэг 14 багаас тодорч хүрэл медаль хүртлээ.  Багийн гишүүдийн сэтгэгдэл.

Н.Түвшинбаяр: Дэлхийн аваргаас анхны медалиа авч байгаадаа баяртай байна. Гэхдээ бид бүхэн багаараа алтан медаль авах боломж байсан. Гэхдээ бид бүхнийг илүү их амжилт хүлээж байгаа. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр медалийн тоо олон байгаа боловч чанарын хувьд буурсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа багийн хурлаар алдаа дутагдал оноогоо хэлэлцэх байх. Хөдөлмөр, хичээл, зүтгэл байхад амжилт ирдэг. Хамтын хүч амжилт.

С.Ням-Очир: Астанагийн дэлхийн аваргаас хошой хүрэл медальтай эх орондоо очих гэж байгаадаа баяртай байна. Медалийн тавцанд хоёронтоо гарлаа. Шигшээ багийн тамирчид маань энэ удаагийн дэлхийн аваргад хувийн төрөлд маш сайн барилдсан. Өөрсдийн алдаа дутагдлаас гадна шүүлт энэ тэрээс болж медаль аваагүй тамирчид байгаа. Багийн дэлхийн аваргаар даагаа нэхэж медаль хүртэх ёстой байсан гэдгээ харуулж чадлаа. Шигшээ багийн эрэгтэйчүүдийн -60кг-аас -100кг хүртэлх бүх жинд бэлтгэл сайн байгаагаа харууллаа.

Х.Цагаанбаатар: Монголын баг тамирчид дэлхийд хүчтэй байлаа. Зооны аваргын төлөө илүү их чамбайж барилдсан бол финалдах ч боломж байлаа. Дэлхийн аваргын медаль гэдэг өөрөө гайхамшигтай. Эрэгтэй, эмэгтэй багаараа зооны аваргын төлөө зэрэгцэн барилдлаа. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдыг илүү олон амжилт хүлээж байна.

Л.Отгонбаатар: Дэлхийн аваргын шагналын тавцанд зогсоод төрийнхөө далбааг хараад зогсох сайхан байлаа. Дэлхийн аваргын анхны медаль багийн хүрэл медаль байлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Дэлхийн аваргад сул өрсөлдөгч ирнэ гэж байхгүй. Шилдэг 16 баг барилдаж байгаа учраас өрсөлдөгч бүр л хүнд байлаа.

Д.Төмөрхүлэг: Миний хувьд хүрэл медалийн төлөө барилдаж алдаа гаргаж сүүлийн секундын дотор хожигдсон. Атгаад алдсан хүрэл медалиа багийн төрөлд эргүүлэн авсандаа баяртай байна. Аваргын шагналын тавцанд зогсох сайхан байлаа.

Г.Болдбаатар: Эрэгтэй багаараа хүрэл медаль хүртээд маш сайхан байна. Багийн гишүүд маань маш жигд, сайхан барилдаануудыг үзүүллээ. Дэлхийн аварга Гүржийн багийн буулган авлаа. Миний хувьд зооны аваргын төлөө хожигдож, хүрлийн төлөө барилдаад тавдугаар байрт орсон байгаа. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам сайн хичээж алдаан дээрээ ажиллах болно.

Б.Тэмүүлэн: Манай баг анх удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Дэлхийд ямар хүчтэй өрсөлдөгч вэ гэдгээ харуулж чадлаа. Шигшээ баг маань бүгдээрээ сайн тамирчидтай. Багийнхаа хамт олноороо бахархаж байна. Тооны харьцаа 2:2 болчихвол сүүлийн хүнд шийдвэрлэх барилдаан хийдэг. Гэтэл манай эхний гурван дараалан ялалтыг авчихаж байх жишээтэй.




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.