TIMES Ярилцлага


А.Гантулга: Ээжийн минь хайр шингэсэн бэлгүүд миний амьдралдаа авсан хамгийн том урам

8 сар, 1 долоо хоног TIMES.MN

  “ТОСК” хэмээх их айлыг айлын дайтай авч яваа А.Гантулга даргын нэрийн хуудас нь яах аргагүй түүний удирдлага хичээл зүтгэлийн дор “Хан уул” дүүрэгт өнгө зүс нэмэн боссон   “Буянт-Ухаа” орон сууцны цогцолбор хорооллууд. Олон мянган өрх айлын нийгмийн асуудлыг шийдсэн энэхүү бүтээн байгуулалтаа энэ эрхэм  миний гавьяа биш хамт олны минь хамтын хүч. Миний хувьд төрийн бодлогыг  хэрэгжүүлж яваа жирийн  инженер хэмээн  даруухан хариулдаг. Алба ажил ихтэй түүний цагийг  хумслан байж богино хугацаанд ярилцаж амжсанаа хүргэж байна.

  -Чех талх, пивог яг технологиор нь эх орондоо үйлдвэрлэнэ гэдэг хүслээ биелүүлсэн 


Та ингэхэд аль нутгийн хүн бэ?

 Унасан газар угаасан ус  гэвэл Төв аймгийн ЗуунМод хот. Ааваараа нутаглах юм бол Ховд аймгийн Цэцэг сумынх. Миний ээжийн төрж өссөн нутаг нь Төв аймгийн Сэргэлэн сумын Түргэний голын “Шувуун фабрик”, ”Биокомбинат“. Гэхдээ ерөнхийдөө “Биокомбинат”-ынх  л даа. Ээжийн минь өвөг дээдэс энэ нутагт аж төрж эдүгээ үр ач зээ нар нь хүрээг нь тэлж ажиллаж амьдарч байна .

“Биокомбинат”,“Шувуун фабрик” гээд тэр зүгийнхэн голдуу туслах аж ахуй эрхэлдэг сүрхий ажилч хичээнгүй хүмүүс гэж нэг биш удаа сонсч байсан юм байна?

Намайг хоёр настай байхад манайх “Биокомбинат” -д ирж суурьшсан. Манайх их өнөр өтгөн олуулаа л даа. Таван ах, хоёр эгч, нэг дүүтэй. Тэгэхээр миний өссөн нутаг ”Биокомбинат” байхгүй юу. “Сонгино” амралтын дэнжид байдаг гэр хороололд хүүхэд насаа өнгөрөөсөн. Манайх тэр үеийн айлуудын жишгээр гахай тахиа маллаж, төмс хүнсний ногоогоо тарьж амь зуулгандаа хэрэглэдэг байлаа. Хүүхэд байхад туслах аж ахуйн ажилд туслаж гавихгүй. Нэг хөгтэй явдал мартагддаггүй юм. Манай тахиануудаас нэг тахиа өндөглөж өгдөггүй ээ. Дэггүй зангаар өндөглөдөггүй энэ тэр гээд нөгөөх тахиаг чулуу шидээд хөөгөөд л шоглоод байдаг байсан юм. Тахиа их сонин нуугдмал гэмээр тэгсэн мөртлөө нэг л  газар өндөглөдөг. Нэг өдөр тоглож яваад нэг газар 30-40 өндөгтэй таардаг юм байна. Нөгөө ад үзээд байсан тахианых байж таарахгүй юу. Тэрийг нь олоод баярлаад зогсохгүй  арваадыг нь шарж идэж байсан хөгтэй түүх бий. Гэр хорооллын жаал миний хувьд түлээ модоо хөрөөдөж хагална. Нүүрсээ,усаа зөөнө. Аргал түүнэ. Социалист нийгмийн тэр үе одоо бодоход их хаалттай  байжээ. Махандаа хүртэл дугаарлаж зогсоно. Хэдэн саяараа тоологдох малтай байсан мөртлөө мах олддоггүй байсан. Цагаан сарыг хийлгэхгүй гээд ажлын өдөр болгож байлаа. Тэгэхэд нь манай ээж эртнээс заншил болсон  сайхан монгол уламжлалаа алдагдуулахгүй алдас болно. Малчдын баяр болохоос Улаанбаатарчуудын баяр биш гээд цагаан сарыг нууж хийж байсан нь санаанаас гардаггүй. “Биокомбинат” Унгарууд ихтэй. Тэдэнд  зориулсан тусгай дэлгүүртээ монголчуудыг оруулахгүй. Бас орос хүмүүс цөөнгүй. Ихэнх нь нутгаасаа юм  авч ирж зарна. Нисэхэд  байдаг орос дэлгүүрт нь бас л бид орох эрх байхгүй. Хэдийгээр эх орондоо байгаа ч гадныхныг  илүү давуу  эрхтэй байлгаад байдаг энэ байдал нь  балчир ухаанд минь хачин санагддаг байсан. Талх хүртэл олдохгүйд хүрдэг байлаа. Их сонин нийгмийн тогтолцоотой байсан.

Картын бараагаар амьдардаг байсан хүнд хэцүү үеийг даван туулснаа тэр үеийн хүмүүс одоо ч ярьдаг. Тэр хэцүү байдал олуулаа өссөн танай гэр бүлийн хувьд хэр хүнд тусч байв?

Нийгмээрээ тийм байдалд байсан. Ихэнх нь ажил алба хашиж байсан болохоор цалингаараа амьдарна. Хүүхдийн мөнгө гээд жилд 100 төгрөг өгдөг байсан. Би одоо санадаг юм. Манайх 75 төгрөгөөр шуудай гурил авдаг байлаа. Хажуугаар нь хоёрдугаар гурил хэрэглэнэ. Олуулаа болохоор тэр гурилаараа хүртээмжтэйг нь бодож боорцог, гамбир хийнэ. Элсэн чихэр олдохтой, үгүйтэй. Мах, сүүнд заавал дугаарлаж байж авна.

Таны мэргэжил чинь ...?

Тэр үед 10 дугаар ангиа төгсөөд уралдаант шалгалт өгөхөд гурван хичээлээр шалгалт авдаг байсан. Математик, Орос хэл нэг нь зураг байсан. Миний хувьд хүүхэд байхын зураг зурах сонирхолтой байлаа. Энэ маань хэрэг болж шалгалтаа амжилттай өгөөд, Хөнгөн үйлдвэр ,хувцас загварын мэргэжлээр суралцахаар Чех улс руу явсан.

Чехэд очсон анхны сэтгэгдэл , тэндхийн хөгжил цэцэглэл гээд ярих юм их байгаа байх даа?  

 Арван долоо наймтай цэл  залуухан байж дээ. Хилийн дээс анх алхаж  үзэж байгааг хэлэх үү Чехэд очоод хөгжлийг нь маш их сониучирхаж, гайхаж байлаа. Талхыг нь идэхэд хүртэл  их гоё амттай. Ёогурт гээд байхаар нь юу юм бэ гэхэд минь тараг гэж байна. Манай хөдөөний  захын  айлд арван литрээрээ байж байдаг  тэр таргийг илүү боловсронгуй аргаар маш сайхан амттай болгож үйлдвэрлэсэн байгаа байхгүй юу. Ийм таргийг, ийм сайхан талхыг  монголдоо үйлдвэрлэж яагаад болохгүй гэж. Эх орондоо очоод бүгдийг нь хийнэ гэж бодсон. Чех пивоны технологи дэлхийд тэргүүлдэг шүү дээ. Орчиндоо дасаад ирэхээрээ нөгөө пивог нь амталж үзэж байгаа юм. Эхлээд хүмүүсийн хэлдгээр адууны шээс шиг  амттай санагдаад, сайн ууж чадахгүй байсан хүн чинь сүүлдээ ууж чаддаг болоод ирэхээрээ монголдоо яг  ийм пиво хийнэ гэж бас бодох болсон.

Тэгээд та тэр хүслээ биелүүлж чадсан уу?

Социалист системийн задрал Чехэд ч бас бий болсон. Оросод өөрчлөн байгуулалт болоод, хоёр Герман нэгдээд бүх социалист систем нурсан шүү дээ. Тэгэхэд  хүн бүхэн наймаа хийх хүсэлтэй болж ганзагын наймааны эрин үе эхэлсэн. Монголчууд Польш руу ид  наймаа хийдэг үе. Чехэд ч мөн ялгаагүй. Монголчууд тэнд их байсан. Тэндээс манайхан голдуу машин зөөнө. Москвич, Лада , Хорин дөрөв, Жаран ес гээд. Тэр үеэр би  олон хүнд машин тэрэгнийх нь наймааг  зуучилж өгч байлаа. Тэгээд 1996 онд Чех андынхаа туслалцаатайгаар Чехийн банкнаас зээл аваад  Old  Czech нэртэй пиво, мөн чех технологитой талхаа үйлдвэрлэсэн. Ингэж л бизнесийн гараагаа эхэлж байлаа.

-Мойл түүж зарсан мөнгөөрөө хичээлдээ өмсөх хувцасаа авдаг байлаа-

Олуулаа өссөн хүүхэд хэрсүү бас амьдралын ухаан эрт суусан байх тал байдаг.Таны хувьд?

Амьдралыг бодитоор нь мэдрүүлж, төлөвшүүлдэг монгол ухаан байдаг. Олуулаа өссөн   дээр нь аав, ээжийн минь үр хүүхэддээ зориулдаг байсан сэтгэл зүтгэл, биднийг хүмүүжүүлдэг ухаан гээд эгэл боргил амьдралын амт, шимтийг мэдэрсэн маань миний амьдралын чиг шугам болсон байх. Хүүхэд байхад манай “Биокомбинат”-д  мойл, үрэл, долоогоно, тэхийн шээг, нохой хошуу гээд  олон төрлийн  жимс ургадаг байлаа. Ялангуяа мойл их түүнэ. Түүсэн  мойлоо Улаанбаатарт ирж зардаг байлаа.

Тэгэхээр их эрт зах зээлд оржээ дээ. Хэзээ гэсэн үг вэ?

Тэр үедээ 3,4-р ангид байсан  гэхээр 1978-1979 оны үе юм уу даа. Аав ээж зэмлэх байсан учраас  жимсээ нууцаар зарна. Хэрэв мэдвэл чи дамын наймаачин боллоо гээд халгаахгүй. Наймаачин гэдэг үгийг хэлэхээс айдаг дээр нь наймаа хийсэн хүн нэр хүнд муутай байсан үе. Таван литр мойл түүгээд, нэг аягыг нь  нэг төгрөгөөр зарахад жар орчим  төгрөг болдог байв. Их мөнгө л дөө. Би тэр мөнгөөрөө намар сургуульд  явах бэлтгэлээ хийж хилэн өмд, цүнх, гутлаа авна. Аав, ээжээсээ мөнгийг нь аваад үрээд яахав гэж боддог байсан. Намайг хөдөлгөөнтэй, онц сурдаг сэргэлэн гээд эргэн тойрныхон маань их магтана аа. Жижигхэн биетэй мөртлөө спортын бүх төрлөөр хичээллэдэг идэвхтэй хүүхэд байж.

Үр хүүхдээ хүмүүжүүлдэг эртний тэр сайхан өв уламжлалыг аав, ээжээсээ өвлөсөн нь дамжиггүй. Ер нь үр хүүхэддээ өгч чадах хамгийн том баялаг жаргалд ташуурахгүй, зовлонд сөгдөхгүй амьдраад явах сэтгэлийн хат, амьдралын ухаан гэж үздэг?

Аав маань “Биокомбинат”-аас Улаанбаатар руу ажилдаа явдаг байлаа. Тэндээс унаа тэр бүр элбэг явахгүй. Чиглэлийн автобус, такси байдаг ч тэр нь цөөхөн. Тэр хооронд 20 гаруй км байдаг. Гэтэл аав маань унаагүй үедээ  алхаад явчихдаг их ажил хэрэгч хүн.  Ээжийн хувьд   дэндүү ажилсаг. Олон хүүхэдтэй  гэр хорооллын айл гэхэд цагаан хэрэглэл өнгөө хэзээ ч алддаггүй ямагт цэвэрхэн байдаг байсан нь ээжийн  цэвэрч нямбай ажилсгийнх. Социалист нийгмийн үед цэвэрч, соёлч айл гэж шалгаруулдаг байсан даа. Тэр уралдаанд манайх хэд, хэдэн удаа түрүүлж байсан . Ээж  маань заваан залхаг байдалд дургүй. Хотод эгчийндээ очоод цагаан хэрэглэл чинь өнгөө алдсан байна. Бэлэн устай байранд амьдарч байж залхуурлаа гээд загнаж байгаа харагддаг. Бидэнд аав ,ээжийн минь  тэр хөдөлмөрч, үнэнч шударга ,аливаад  тууштай ханддаг,зорьсон зорилгынхоо төлөө чармайж чаддаг ,зарчимч чанар тодорхой хэмжээгээр өвлөгдсөн гэж боддог. Аав маань 91 насыг зооглоод саяхан бурхан болсон.  Ээж минь хүн бүрт хайрлагдаж, хүндлэгдсэн сайхан хүн дээ. Одоо 87-той. ”Биокомбинат”-ын бүх хүмүүс ирж золгодог. Хүнийг  баян ядуу, муу сайн гэж ялгадаггүй.Бүгдийг нь өөрийн хүүхэд шиг  загнадаг. Зөв явбал хайрлана. Хэлэх үгээ хэлчихнэ. Тэгээд тэр үү хүн бүр хайртай.

-Ээж нь хүүдээ сарынхаа хоолны мөнгөөр дугуй авч өгсөн шүү гэж байсан-


 Хүүхэд насны тань дурсамжинд үлдсэн ээжийнхээ залуу насны сайхан үеийг дурсаач гэвэл та юу хэлэхсэн бол?

Айлын хамгийн бага эрэгтэй нь гээд тэр үү нэлээн эрх талдаа байсан санагддаг юм. Долоон нас хүртлээ хэл яриа  муутай байснаас гадна хөхнөөс гараагүй, дүүтэйгээ зэрэгцээд мөөм хөхдөг байсан гэхээр их л танхи хүүхэд байсан юм шиг байгаа. Ялангуяа ээж намайг их эрхлүүлнэ. Хүүхэд насандаа хөл хүрэхгүй баярлаж байснаа хүн мартдаггүй юм байна л даа. Найман нас хүрч байсан юм уу даа. Миний төрсөн өдрөөр ээж  минь надад 75 төгрөгөөр дугуй авч өгөхөд нь жигтэйхэн их баярлаж билээ. Тэгээд ээж нь нэг шуудай гурилынхаа, сарынхаа хоолны мөнгөөр  бэлэг авч өглөө шүү гэж билээ. Би тэр үед ах эгч нараасаа их эмээж айж байсан. Ийм үнэтэй юм авхууллаа гэж. Ээждээ хэлж чадахгүй  дотроо том болоод ээжийнхээ ачийг үүнээс илүүгээр  хариулна даа гэж бодож байлаа. Энэ нь миний сэтгэлд тод мөрөө үлдээсэн. Ээжийнхээ тэр том хүндэтгэл хайрыг  одоо ч би санаж явдаг.  Дараа нь том эгчийн нөхөр Москвад академид сурч байхдаа ээжийг минь урихгүй юу. Тийшээ яваад ирэхдээ ээж минь хокейны мод авчирч өгөхөд нь бас л  их баярлаж билээ. Тэр үеийн хүүхдүүдийн мөрөөдөл болсон зүйлийн нэг байсан. Би ээжийнхээ өгсөн тэр бэлгээр хэсэгтээ л найзууддаа гайхуулсан юм даг. Хокейны модоо нүдний цөцгий мэт хайрлана аа.  Арчиж зүлгээд л. Тэгэхэд 10 настай байсан санагдаж байна.

Та ээжийнхээ ачийг хариулна гэдэгийг юу гэж ойлгодог вэ?

 Хүүхэд байхдаа бол ээжийнхээ ачийг онц сурч  хариулна гэж боддог байлаа.Харин одоо ажилдаа, амьдралдаа эзэн болж, ээжийнхээ чихийг халууцуулахгүй сэтгэл тайван байлгахсан гэж боддог. Хүн эцэг эхийгээ  алт мөнгө, үнэт зүйл, өнгө мөнгөөр баярлуулахдаа   биш миний хүү болж бүтэж явна даа гэх бодлоор  сэтгэл дүүрэн байлгаж,  тайван байлгах чухал юм уу гэж би хувьдаа боддог.Түүнээс биш эхийн ачийг хариулна гэж хэзээ ч байдагүй.Зүйрлэл хүртэл байдаг . Шүүдрийн хэдэн мянган дуслыг цуглуулаад  цай чанаж өгөхөд ганцхан шөнө өндийж хөхүүлсэн ачийг хариулах төдий байдаг гэдэг. Миний  хувьд энэ ардчилсан нийгэмд  ажил, амьдралаа бусдын жишгээр  зохицуулаад   амьдарч яваа гэж боддог.Монгол улс ардчилалын үнэ цэнийг үзэж байна. Ардчилал дөнгөж 25 нас хүрч байна. Одоо бойжилтын үе нь шүү дээ. Нийгмээ цэвэрлэх дотоод ардчилал Монголд байх ёстой.Гэхдээ ардчилалыг ямар хэмжээнд яаж авч явах вэ гэдэг улс төрийн   шалгуурыг бид давж яваа.Цаашид зөв голдиролдоо ороод явна гэж боддог.

Амьдралыг яс махандаа шингэтэл  мэдэрсэн хүн төрийн ажлыг явуулахад, ард түмнийхээ дуу хоолой болж чадна гэх үзэл байдаг. Сүүлийн үед улс төр, нийгмийн нөхцөл байдлаас болоод ихэнхийнх нь  хандлага дипломны гол болсон хүнээс амьдралын гол болсон хүн дээр гэдэг үзэл давамгайлах хандлагатай байгаа. Сонгууль ойртсон энэ үед энэ асуудлыг тойрохгүй өнгөрч чадсангүй?

Хүнийг насан туршид нь тодорхойлж явдаг бас амьдралд хандах хандлага бүр цаашлаад өөдлөх ,уруудах гол замыг илэрхийлж байдаг зүйл  хүүхэд наснаас төлөвшсөн  хүмүүжил гэж боддог. Хүмүүжил сайн байна гэдэг амьдралд  ноён нуруутай байхыг хэлнэ. Үүнийг би чухалчилж үздэг. Хүмүүжлээрээ аливаад хандах хандлага зөв байвал тэр хүний  бүх зам  зөв байна. Хүмүүжил муу , худлаа ярьдаг, хулгай хийдэг, ямар ч юмыг аргацаах муу зуршилтай, ажил хийвэл оромддог хүн аяндаа явуургүй болдог. Социалист нийгмийн үед надтай сурч байсан сайд дарга нарын хүүхдүүд олон байлаа. Тэд  хэзээ ч мөнгөөр гачигдаж үзээгүй , амттай , өнгөтэй  бүхэнд умбаж өссөн  нөхдүүд байсан. Одоо эргээд харахад бэлэн юман дээр байсаар байгаад амьдралын ухаан байхгүйгээсээ болж алдаж , онож яваа нь цөөнгүй. Тэр сайхан амьдралдаа дассан хүмүүс чинь ардчилал гэдэг үзэл бодол руугаа нийлж чаддаггүй, тэрнээсээ болж дандаа буруудаад байна. Яагаад гэвэл туулж өнгөрүүлсэн сайхан амьдралаараа аливааг харах гээд байдаг тэр үзэл бодлоосоо болж зөрчилддөг. Тэр хүмүүст л амьдрал нь сайхан дардан юм шиг байсан болохоос эгэл жирийн амьдралд өссөн бидний амьдралд хандах хандлага  эрс тэс өөр байдаг.

Та амьдралдаа ямар зарчмыг мөрдлөг болгохыг хичээдэг вэ?

 Хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Өнөөдрийн ардчилсан нийгэмд бүх юм эрх чөлөөтэй байна шүү дээ. Юу ч хийсэн нөхцөл нь  байна. Гэхдээ хүн алж , хулгай хийж болохгүй.  Амьдралдаа баримталдаг зарчим гэвэл хүмүүст ч би хэлдэг. Би хууль зөрчинө. Гэхдээ гурван хууль зөрчихгүй.Бусдыг нь бол номоор нь байж чадахгүй зөрчиж магадгүй гэж. Тэр гурван зүйл нь юу вэ гэхээр хулгай хийж , худлаа ярьж , хүн алж болохгүй гэж. Энэ гурвыг хатуу баримталдаг. Мэдээж надад ажлын алдаа бол зөндөө  байгаа . Одоогийн нийгэмд амьдархад олон боломж байна. Бэлэн  сайхан газар байна. Манай орон бол мал аж ахуйн орон.  Малаа маллаад хөдөө амьдарч байгаа хүмүүс  сайхан амьдарч болоод  байна. Гэтэл зарим нь хэдэн малаа зарж,  Улаанбаатарт шавж ирээд, тогтой тоггүй газар хашаа бариад, ард түмнээ,  эх орноо муу хэлээд, бухимдаад явж байна.  Бидний нэг сайхан уламжлал байна . Тэр нь дээр үеийн тэр сайхан тохитой тулхтай  хүмүүс  төрийн минь  сүлд өршөө гээд  төрөө , Ерөнхийлөгчөө дээдлэдэг байлаа. Гэтэл одоо хэн дуртай нь  Ерөнхийлөгчөө, төрийн түшээдээ  муу хэлж ,  харааж, зүхэж , гутааж байна.Тэр 76 хүн дотор чинь алдаа оноотой нь ч бий. Бас үнэхээр юм хийгээд хүлээсэн үүрэгтээ эзэн байхын төлөө зүтгэлтэй эх орноо боддог нь цөөнгүй  байгаа. Муу хэлж чадаж байна. Яагаад сайн сайхныг нь олж харж , урам  өгч болдоггүй юм бэ.

-Залуучууд маань ном унших хэрэгтэй байна-


Хариуцлага үүрч чаддаг хүмүүс удирдах албан тушаал хашиж цаашлаад төрийн ажлын хариуцлагыг үүрдэг байх. Өнөөдрийн монголчууд бид бие биеэсээ улам холдож, бусдынхаа сэтгэл санаа руу өнгийж, мэдэрч ойлгох нь багасч үүнээс болоод айл гэрт  цаашлаад нийгэмд хардалт үл ойлголцлын сүүдэр бүрхэх болсон юм шиг.  Энэ байдал танд хэр нөлөөлж байна?

 Төрийн орон сууцны корпорацийн ажлыг гардаж аваад, гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд  эх орныхоо бүтээн байгуулалтанд багагүй ажлыг хийж  тодорхой хэмжээгээр ахиц гаргасан гэж боддог. Зөвхөн миний  биш хамт олны минь хамтын зүтгэл хөдөлмөрийн үр дүн.   Миний хувьд заавал энэ корпорацийг удирдана гээд суугаад байх шаардлага байхгүй.Би өөрийн хувийн бизнестэй , хувийн амьдралтай. Ямар нэг албан тушаал горьдож, тамга бариад зугтах хүн биш.  Энэ ажлыг хэн нэгэн нь  ирээд хийе гэвэл ажлаа өгч чадна. Харин ажлыг  маань энэ эрчээр нь үргэлжлүүлэх зүтгэлтэй, сэтгэлтэй хүн ирж аваасай гэж хүснэ. Миний хувьд  биеэ , гэрээ аль алинийг  нь засч  чадсан  гэж үзсэн тэр  үеэсээ  эхлээд  дотор байгаа санаагаа төрдөө зориулъя гэж бодох болсон. Тэгээд ТОСК-ийн ажлыг авсан цагаасаа эх орноо гадныхны  жишгээр сайхан улс орон болгоё. Нийслэлдээ хэдэн сайхан барилга бариулаад өнгө зүсийг нь засъя.Ард түмэндээ зайлшгүй  хэрэгцээ нь болоод байгаа орон сууцуудыг бариулъя.Хүмүүсээ аюулгүй,тохь тухтай орон сууцанд байлгая. Сингапур, Солонгосуудаас юугаараа дутдаг юм бэ гэж бусдын адил  бодож зүтгэж яваа хүн.Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх үеэр нэгэн өндөр настай буурай архи уучихсан байсан л даа.Намайг харааж, зүхэж их муухай харьцсан . Бүр  чам шиг луйварчин үхвэл таарна гэж байсан. Насаар бол дал хүрч яваа аав шиг минь сайхан хүн тэгж авирлаж байгаа юм. Би тэр байдалд нь их гутарсан. Сүүлийн үед твитер , фэйсбүүк зэрэг  нийгмийн сүлжээгээр   доромжлол, гүтгэлэг гээд ямар  муухай юм явж байна. Дандаа зүхсэн, занасан хандлагатай. Сүүлийн үед их олон телевизтэй болсон ч ихэнх нь үзэж, харахаар өгөөжтэй юм алга .Нийгэм маань ийм байдалтай болсонд харамсч явдаг. Зарим хэсэг нь бидэнд нударган гар хэрэгтэй гэдэг. Дарангуйлал хүсээд байгаа ч юм шиг.  Энэ чухал биш ээ. Гол нь бид зөв зохион байгуулалтанд ороод явах хэрэгтэй. Энэ байдлыг төрдөө итгэхээ больсон  бухимдал гэж хараад байгаа юм л даа. Зарим нь уулзах гэж орж ирээд та нар авилгачид гэнэ.  Төрийн л хүн бол чи бидний өмнө сөгдөх ёстой гэдэг байдлаар харьцдаг. Гэхдээ энэ нь эмчилж болохгүй өвчин биш ээ. Аяндаа нийгэм цэвэршээд, солигдоод ирнэ.

Улс орны ирээдүйн нүүр царай болсон залуустаа хандаж хэлмээр үг цээжинд чинь тороод явдаг байх?

Ялангуяа залуучуудад хандаж хэлэхэд ном сайн унших хэрэгтэй байна.Сүүлийн үед ном уншдаг хүн ховорджээ. Хүүхэд байхдаа монгол ардын сайхан, сайхан үлгэрүүдийг уншаад тэндээс сургамж , гэрэл гэгээтэйг нь тусгаж авдаг байлаа. Сүүлийн үед эсрэгээрээ ном уншихгүй гар утсыг эрхэмд үзэх болжээ.Тэр гар утаснаасаа ялангуяа сошиал ертөнцөөс муу, муухай  бүхий л зүйлийг уншиж, харж байна. Арван жилийн хүүхдүүд гэхэд л нүцгэн хүүхний зурагаас эхлээд  элдэв бусармаг зүйл их үзэж байна. Үүнийг цэгцлэх цаг болсон. Гэхдээ гол нь хүн бүр аливааг өөдрөг харах хэрэгтэй байна.

Гэхдээ л танд энэ нийгэмд харагдаж байгаа ололттой сайн талуудын талаар бахархах зүйл байгаа байх?

Гэр хийж байгаа хүүхдүүдийг хараад би их баярладаг. Хээ угалзыг нь маш сайхан зурж сийлсэн гэрийн тавилга унь тооныг нь харахад ямар бахархмаар гээч.Наадам болоход Хүй долоон худаг дээр бид  гэрээрээ  уралдаж байна.Энэ бол бахархал. Миний үеийнхэн бүгд гараараа юм хийж бор зүрхээрээ хөдөлмөрлөснөөрөө өнөөдөр бүхнийг бий болгосон. Тийм хүмүүсийг дэмжихгүй байгаад бухимдаж явдаг. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд хэдхэн төгрөг өгөөд нөгөө хэд нь хийсэн ч юм байхгүй талаар өнгөрдөг. Ер нь бол  төрийн бодлогоор ажлын байр бий  болгох бодлогыг хүчтэй тавих хэрэгтэй юм болов уу гэж боддог . Гэтэл сүүлийн үед  ярьдаг гол сэдэв нь уул уурхай болоод байгаа. ”Таван толгой “ “Оюу толгой” гэж хичнээн жил хэрэлдэв. Үүнээс ард түмэн юу хожив. Хэн хожив. Эцэст нь улс орон дампуураад доллар хүртэл 2000 гартлаа өслөө.Жаахан юм хийх гэсэн нэгнээ нухчин дарж байна. 280 мянга хүрч байсан нүүрсийг 80 мянга төгрөгөөр ард түмэндээ өгсөн хүн шоронд ороод явж байна. Би өөрөө ардчилсан намын гишүүн хүн л дээ. АН-ын ҮЗХ,ГЗ –д гишүүн. Надад улс төржих үе  байна. Бас улс төржихгүй үе ч байна. . Өнгөрсөн үед хэн ямар үр дүнтэйгээр засаглалыг барьж байв.  Одоо хэн засаглалыг хэрхэн авч явж байна . Хэн нь юу хийгээд байна гэдэгийг  ард түмэн ялгаж салгадаг байх хэрэгтэй юм шиг санагддаг. 2008 онд ид “Таван толгой””Оюу толгой “  гэж шуугиад, нүүрс гэж бөөн юм болоод бид гэнэтхэн баяжсан. Зүгээр ч баяжсан хэрэг биш. Австралид үер болсноос болж бүх коксжсон нүүрсүүд нь үерт автаад, Хятадын эдийн засаг нэлээд өндөр 17-18 хувьтай болтлоо өссөн.Үүнийг зогсоож болохгүй , хаанаас нүүрс авах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгээд Монголын “Таван толгой”-гоос авахаар болж  тэрний үр дүнд баахан хүнд даацын машин оруулж ирээд Өмнөговийн газрыг яаж талхилав. Хөрсийг нь хөмөргөөд хаясан мэт  тийм л дүр зурагтай болгосон шүү дээ.   Тэр үеэр маш их мөнгө орж ирээд, нүүрсний үнэ дандаа өндөр байх ёстой юм шиг бодох болсон. Яг энэ үед зөв улс төрийн тоглолт хийсэн бол “Таван толгой” –гоо ашиглайд,  дэлхийн зах зээл дээр байр сууриа хэдийнэ олж Энэтхэг ,Япон, Солонгосын гангийн үйлдвэр рүү коксжсон нүүрсээ нийлүүлдэг болчихсон,монгол хүний орлого хамгийн доод тал нь 1000 ам.доллар хүрч болох байлаа.Хэрүүл хийсээр байгаад бүгдийг нь баллаад хаясан байгаа.Одоо нүүрсний үнэ нь унаад мөнөөх хэрүүлээ хийсээр л байна. Хэдэн олигархиуд,  шуудхан хэлэхэд  хувьчлалын үеэр хулгай  хийсэн  хүмүүс  дээр гарчихаад сэтгэл ханахгүй шуналаа дийлэхгүй хэрэлдсээр л байна. Тэднээс  болж ард түмэн тамирдаж дууслаа.Энэ бурууг хэн үүрэхийн. Бид үүрэх юм уу. 2008 онд   3,8 их наяд төгрөгийг  зүгээр л халамжинд тараасан. Тэгэхэд ТОСК 100 сая ам. долларын Чингис бондын хүүтэй  мөнгөөр хичнээн юм бүтээн байгуулчихав. Монгол Оросын хамтарсан бүтээн байгуулалтын үед ч  ийм богино хугацаанд бүхэл бүтэн    хорооллууд  барьсан түүх байхгүй. Бас нэг давуутай тал нь гадны ажилчдыг авалгүй дандаа монгол хүмүүсийг ажиллуулсан. Гурав, дөрвөн жилийн өмнө Улаанбаатраар нэг хятад барилгачид байсан. Хүн бүр хятадуудыг үзэн яддаг байсан. Хятад барилгачин монгол залууг зодлоо, тэнд хүүхэн хүчиндсэн байна гээд болж бүтэхгүй зүйл их сонсогддог байсан. Одоо хятад барилгачин таны нүдэнд харагдаж байна уу. Гэтэл бүтээн байгуулалтын давуу талыг нь харж чадахгүй болж л өгвөл өө хайгаад , муу муухайгаар хэлээд байдаг өчүүхэн бодолтой цөөн тооны хэдэн явуургүй хүн байна л даа. Ийм байж болохгүй ээ. Энэ улс орон хөгжих ёстой. Бидний үеэр бүх юм дуусахгүй. Хойч үе, үр хүүхдүүд маань байна.”Таван толгой” “Оюу  толгой” –д итгэснээс таван хошуу малдаа итгэе. Дээр нь үл хөдлөх хөрөнгөндөө итгэе.  Улаанбаатарт баригдсан сайхан орон сууц барилгуудыг хоёр дахь зах зээлд нь гаргаад хуульчлаад өгөх юм бол бид бүгд орон сууцтай болж, гэр хорооллын дахин төлөвлөлт гэж зовох юмгүй болно. Утааны асуудал байхгүй болно. Та мэдэж байгаа байх. Өвөл гадаад оронд очиход бидний хувцаснаас  нүүрс үнэртээд байдаг. Гэтэл техникийн эрин үе   21-р зуунд бид амьдарч байна. Нисдэг машин хийчихсэн байна. Усаар ажилладаг машин гараад ирчихэж.

-Олигархиуд дээр суучихаад буруу тийш нь авч яваад байна-

Хөгжихгүй байгаагийн гол шалтгаан таныхаар юундаа байх шиг байна?

 Би хэлээд байна шүү дээ. Энэ хэдэн олигархууд дээр суучихаад амьдралыг буруу тийш нь авч яваад байна гэж. Зөвхөн хувийн ашиг сонирхлоо бодоод байна. Бямбасүрэн гуайн хэлсэн үг үнэн. Энэ хэдэн хүмүүс идээд ханаж цадахгүй байгаа учраас улс орон хөгжихгүй байна гэж.  Сонгууль болох дөхсөн чинь хүн бүр ард түмэндээ хайртай  болж байна. Бодит юм ярьдаг хүнд ард түмэн саналаа өгөх хэрэгтэй. Ардчилсан намд өгвөл өгсөн шиг ядахдаа 50 суудал өгөөд   юу хийхийг нь нэг удаа  харах  хэрэгтэй.  Эсвэл огт өгөхгүй байх хэрэгтэй. Тэгэхгүй бол  ажлаа явуулахын тулд өөр хүчний хэн нэгнийг гуйх болдог.Үүнээсээ болоод бүх юм гацаж байна. Явахгүй байна. Байсхийгээд огцордгоосоо болж төр засаг тогтворгүй болсон. 1996 онд Ардчилсан нам 50 хувийн суудал авч байсан түүх бий. Тэгэхэд ардчилсан холбоо эвсэл гэж энд тэндхийн эрээвэр хураавар хүмүүсийг нийлүүлснээсээ болж хоорондоо үзэл бодол таарахгүй хэрэлдсээр байгаад дөрвөн удаа засгаа огцруулсан. Харин одоо бол өөр. Ардчилсан нам төлөвшиж байгаа үе нь.

Зөв зохион байгуулалттай бүтээлч байж чадвал юуг  хийж бүтээж болдгийн үлгэр жишээ танай хамт олны хамтын зүтгэлээр боссон  БуянтУхаа 1 , 2  хороолол.Төрийн орон сууцны ажлыг анх гардан авсан тухайгаа ярихгүй юу?

Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Хан уул дүүргийн намын  дарга ,Ардчилсан намын ҮЗХ,ГЗ-ийн  гишүүн байсны хувьд  Их хуралд  нэр дэвшээд үзэл бодлоо ярья гэсэн нууцхан бодол байсан  л даа.  Яагаад ч юм   намын дарга  маань янз  бүрийн  шалтгаанаар хойшлуулаад байдаг байсан ч хэсэг хугацааны дараа   НИТХ-д  нэрсийн жагсаалтаар орж төлөөлөгч болсон.Тухайн үед хүмүүс засаг даргын орлогч болно. Ийм ч дарга болно гээд гүйлдээд байдаг байсан. Гол нь дарга болчихвол амьдралаа аваад явчихна гэсэн бодолтой юм шиг байгаа. Надад тийм бодол байгаагүй.Харин Батүүл даргад  ганц л үг хэлсэн. Би нэг аж ахуй аваад явахад болно оо. Миний хийж чадах зүйл гэж. Тэгээд  орон сууц санхүүжилтийн корпорацийг хариуцуулсан. Анх ирээд байдлыг нь хараад гайхаж байсан. Нэгэнт ажиллахаар итгэл хүлээгээд ирсэн болохоор ямар ч байсан хөл дээр нь босгохоор зориг шулуудсан. Нэлээд судалгаа хийсний дүнд орон сууцны бодлого хамгийн  чухал  юм байна.Хүн  бүрийн гал голомт гэдэг  амьдралын анхдагч эх үүсвэр. Ард иргэдийн амьдралынхаа нэгдүгээр зорилго болгодог энэ хүчин зүйлийг шийдэх дорвитой алхам хэрэгтэй  гэж харсан. Арван жилийн хүүхдүүдээс чи юу мөрөөдөж байна гэж асуухад өөрийн дуртай мэргэжлээ хэлдэг шиг хүн бүрийн ихэнх мөрөөдөл орон сууцны асуудлаа шийдэх байдаг.Туршлага нэлээд судалсан л даа. Гадны орны туршлагаас  Ерөнхий сайд нь энэ асуудалд  илүү хүчтэй байдгийг хараад тэр үед Ерөнхий сайд байсан Алтанхуягт санал гаргасан.  Алтанхуяг  сайд  энэ үед зоримог алхам хийсэн. Түүний   санаачлагаар энэ бүтээн байгуулалт өдий зэрэгтэй явж байна. Эцэст нь зөв менежмент,зөв шийдэл дээр нь зөв сэтгэлтэй байхад  ямар ч алхам үр дүнгээ өгдөг гэдгийг харуулж чадлаа гэж боддог. Зарим хүмүүс ийм бүтээн байгуулалт хийлээ гэдэг сайн талыг нь харахаасаа илүү Гантулга тэдэн хувийг нь идэж байгаа. Тэдэн хувийг нь авилга авч байгаа гэж ярьж байгаа байх аа. Миний хувьд эцэг эхээсээ өвлөсөн хүмүүжил, үр хүүхдийнхээ ирээдүйд  хар толбо үлдээхийг хүсдэггүй .  Би бол шударга хүн.   Илүү дутуу зан надад байдаггүй. Чадах юмаа амладаг.Чадахааргүй бол шууд хэлдэг.

“Буянт ухаа” хорооллын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад бэрхшээл их байв уу?

Амар хялбар ажил гэж байдаггүй.Хийх хүнд арга олддог. Хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг. Аргыг нь олоод явсан л даа. Энэ сайхан хамт олон санаа нийлж ажилласны хувьд бүгдээрээ зориглож хийж бүтээхийн төлөө явсны хүчинд  энэ ажлын ард гарч байна.

Хамгийн анхны хорооллоо ашиглалтанд оруулаад ,сэтгэгдэл  өндөр байсан нь мэдээж?

“БуянтУхаа 1” хороололд амьдарч байгаа хүмүүсийг  азтангууд гэж боддог. Тэр дотор азтан нэрэндээ таарахгүй   муу муухайг нь түрүүлж  хардаг  бүлэг хүмүүс байна.  Тэд болж өгвөл өө хайдаг. Бүр  фэйсбүүк дээр   “БуянтУхаа 1”  нэртэй  групп  нээгээд  тэндээ наад зах нь  зүгээр ус гоожсон байхад л  зургийг нь тавиад энд ус гоожиж байна гэх мэтээр  янз бүрийн зураг тавьж, пост бичиж   байх жишээтэй. Анх удаа хийж байгаа болохоор алдаа  байгаа  нь  мэдээж . Тэр болгоныг бид засаад явж байгаа.

Алслагдсан  жижиг суманд хүртэл танай орон сууц хөтөлбөрийг  хэрэгжих гэж байгаа гээд зарим нь бүр барилгынхаа  шавыг  тавьчихсан сурталчилгааны зургийг сумынхаа захиргаанд  байрлуулсан байгааг харсан л даа. Хөдөөд хүртэл энэ бодлого хэрэгжиж байна гэх таатай сайхан бодлыг төрүүлж байсан?

Аливааг гэрэл гэгээтэй сайхан талаас нь харж дүгнэн ард түмэнд хүргэх байдал дутагдалтай байна л даа. Саар юм байвал бүгд шуугиад байдаг. Сайн мэдээ гээд хийгээд байгаа хэдэн сэтгүүлч байна. Тэдэнд би их баярладаг. 

Б.Туул




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.