Аналитик


Төрийн данхар бүтцийг төсвийн тодотголоор унагах уу?

3 жил, 11 сар TIMES.MN
"TIMES.MN" таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн өдрүүд улс төр, эдийн засгийн хүрээнд үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Намрын ээлжит чуулган нээлтээ хийж, үндсэн асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргахаар хуралдаж эхэлсэн бол эдийн засгийн хувьд төсвийн тодотголыг яаралтай зөв арга горимд нь оруулах цаг болсныг илтгэх олон үйл явдал боллоо. Ингээд үйл явдлын дэлгэрэнгүйтэй танилцана уу.

Намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

  Чуулган өнгөрсөн пүрэв гарагт нээлтээ хийлээ. Ээлжит чуулганы эхэнд УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, хэлэлцэх асуудлыг таниулцуулан, гишүүд чуулганыхаа үйл ажиллагаанд сэтгэл, зүтгэл гарган идэвхтэй оролцохыг уриалсан юм. Чуулганы эхэнд С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдсон. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх гол асуудлыг түүвэрлэн хүргэе.

-Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээж авсан хэдий ч зохих өөрчлөлтийг хийж чадалгүй чуулган завсарласан. Энэ асуудлыг хуулийн дагуу намрын чуулганы эхний асуудал болгон оруулсан

-2016 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэн батална

- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Шүүх, Прокурор, Цагдаагийн албаны тухай болон Эрүүгийн хэргийн тухай, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өргөн баригдахаар хүлээгдэж байгаа. Энэ асуудлыг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэр гаргах юм. 


Нийслэлийн албан татвар хэрэгжиж эхэллээ

УИХ-ын 2015  оны  06  сарын  19  өдрийн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэ сарын 1-нээс эхлэн нийслэлийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Нийслэлий иргэн амьдарч буй газраасаа архи болон бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи болон бүх төрлийн мансууруулах бодис худалдан авсан тохиолдолд хотын иргэн хүнийхээ ухамсар үүргийнхээ дагуу нийслэлий албан татвараа төлөх юм/таны амьдарч буй газрын байршлаас шалтгаалан 0-1 хувийн татвар төлнө/. Мөн шөнийн цэнгээний клуб, амралтын газар, паб, ресторанаар үйлчилүүлэхдээ ч тухайн үнийн дүнгийн 1 хувиар тооцон татвар төлнө гэсэн үг.


Дэд сайдгүй 9 яамтай болно

   Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны төсөв 679 тэрбум төгрөгөөр тасарч байдал хүндэрсэн учир төсөвт тодотгол хийхдээ хэмнэлтийн зарчмыг барь, шатахууны татварыг нэм, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруул, дэд сайд нарын орон тоог хас гэхчлэн ширүүхэн даалгаврыг Сангийн сайдад өгчээ.

Энэ дагуу төсвийн төслийг боловсруулсан. Тиймээс дэд сайдуудыг томилуулах асуудлыг хойшлуулж, өнөөг хүрсний учиг тайлагдаж байна. Учир нь төсвийн төсөлд дэд сайдуудын орон тоо, тэдэнд өгөх цалин тусгагдаагүй, хасагдсан гэж Сангийн сайд Б.Болор мэдэгдсэн.  Мөн чуулганы үеэр Сангийн сайд Б.Болор  “Төрийн данхар бүтцийг танах төсөв өргөн барина. Эхний ээлжинд агентлагуудаа цөөлнө. Яам цөөлнө гэхээр засаг бужигнах нөхцөл байдал үүснэ. Энэ нь өнөөдөр Монгол Улсад хэрэггүй. Тиймээс ирэх жилийн сонгуулийн дараагаас цомхон бүтцээр явах хуулийн төсөл оруулж ирнэ. Ер нь есөн яамтай байхаар ярьж байгаа. Ирэх 2016 оны төсөв дэд сайдгүй хийгдэж байгаа гэсэн юм.


М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

   Рио-2016 олимпийн оноо олгох тэмцээн Ташкент хотноо эхэлж, эхний өдөр 48 кг жинд манай эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг “Ташкентийн Гран При”-гээс алтан медаль хүртсэн юм. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрудгаар тойрогтоо Хятадын бөх Чие Ши Шиг торгуулиар ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Кристина Румянцеваг юүко үнэлгээгээр ялж, хагас шигшээд шалгаран зооны аваргын төлөө Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Галбадрахын Отгонцэцэгтэй таарч торгуулиар ялан финалдсан юм. Ингээд алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Жон Бокёонг вазари үнэлгээгээр ялж, Ташкентийн Гранприд түрүүллээ.


Л.Ариунцэцэг








 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.