Улс төр


Төрийн гурван толгой буюу тогтолцооны өөрчлөлт

4 жил TIMES.MN

   Монголын төр гурван өндөрлөгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараа төрийн хамгаалалтад авч эрх мэдлийг нь  бараг л хязгааргүй өгсөн. Эндээс харахаар манай улс парламентын засаглалтай биш болж таарч байна. Харин төрийн гурван өндөрлөгтөө эрх мэдлийг нь хэтийдэж  өгснөөр өнөөдөр улстөрийн нөхцөл байдал тогтворгүй болж байгааг судлаачид төдийгүй улстөрчид өөрсдөө хэлж байна.

Үүнээс гарахын тулд  хатуу гишүүнчлэлгүй улстөрийн намтай болох, төрийн албанд улстөрийн харъяаллаар ажиллахыг халах гээд олон ажлыг хийхээр ярилцаж эхлүүлж байна. Гэвч төдийлөн үр дүнд хүрэхгүй мухарддаг. Сүүлдээ энэхүү улстөрийн хямрал, тогтворгүй байдлыг тогтолцооны өөрчлөлт хийхгүйгээр засч чадахгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал, төрийн гурван өндөрлөгийн эрх үүргийг тодорхой болгож, хязгаарлахыг нь хязгаарлах. Өөрөөр хэлбэл төрийн гурван толгойг нэг болгох юм. Өнөөдөр гурван толгой өөр өөрийн эрх мэдлийн хүрээг тэлсээр. Үүнээс болж ямар их хохирол учирсныг дурдах илүүц. Бас болоогүй аливуу асуудал улстөр, бүлэг фракцийн эрх ашгийн үүднээс хандаж гурван тийшээ хараад суучих энүүхэнд.

I толгой-Ерөнхийлөгч

Үндсэн хуульд Монгол улсын Ерөнхийлөгч бүх ард түмнээсээ сонгогдсон ард түмний эв нэгдлийн илэрхийлэл байна гэж заасан байдаг. Намын харъяаллаас татгалзаж ямар ч үе ард түмнийхээ талд байр сууриа илэрхийлэх ёстой. Гэтэл танай намын ерөнхийлөгч, манай намын ерөнхийлөгч, ардчилсан ерөнхийлөгч хэмээн өмчирхдөг, улстөрийн намын асуудалд ч орж байхыг харлаа. Хууль тогтоох байгууллагатайгаа зэрэгцэн  хууль санаачлах эрхтэй, хориг тавьдаг, АТГ, Улсын ерөнхий прокурорын байгууллага харъяаллагддаг. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг, гадаад бодлого барьдаг гээд эрх мэдэл нь их. Энэ нь улстөрийн хүрээнд асар их хэл ам, зөрчил дагуулдаг.

Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хүний төдийгүй өөрийн  намынханд нэрээ барьж, улстөрийн өш хонзонгийн золиос болох ч бий. Мөн энэ байдлыг нь харахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн засаглалтай ч юм шиг.

II толгой- УИХ-ын дарга

УИХ-ын даргыг парламентад олонхи болсон намаас сонгодог. Хууль тогтоохоос гадна төсвийн мөнгө хуваарилдаг, томилгоо хийдэг, халдашгүй дархан эрх эдэлдэг парламентад орж суух хүсэлтэй улстөрчид хаа сайгүй. Халдашгүй их эх мэдэлд хүрэхийн  төлөө улстөрчид хэмжээлшгүй их хөрөнгө мөнгийг зарцуулдаг. Ингэж 76-гийн нэг болсон хүн шархаа нөхөж, улстөр, эдийн засгийн бүлэг, фракцийнхаа эрх ашгийн төлөө ажиллах нь ойлгомжтой. Дээр нь хяналтаа тавих ёстой гүйцэтгэх засаглалд давхар "дээл" нөмрөн суудаг. Хүссэн шийдвэр, тогтоолыг гаргаж төсвийн мөнгийг өөрсдийн таалалд нийцүүлэн зарцуулдаг.

Таалалд нь  нийцүүлээгүй гүйцэтгэх засаглал, гишүүнийг нь огцруулах эрх нь байгаа. Фракциараа ээлж дараалан гүйцэтгэх засаглалыг атгах эрх ашиг нь давамгайлдаг. Үүнээс болж гүйцэтгэх засаглал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж чадахгүй ойр ойрхон огцордгоос улстөрийн тогтворгүй байдал бий болдог. Дагаад нийгэм, эдийн засгийн хямрал газар авч байгаа.

III толгой-Ерөнхий сайд

Гүйцэтгэх засаглал гэдэг нэрнээсээ Ерөнхий сайдын эрх үүрэг тодорхой. Сайн менежер байж улс орны эдийн засгийг  өөд татах үүрэгтэй. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд Ерөнхийлөгч, УИХ-ын даргын барьцаанд ажилладаг. Танхимын гишүүд нь 80 хувь нь давхар "дээлтэй", фракцийнхаа эрх ашгийг хамгаалах давхар үүрэгтэй. Аливаа асуудалд тэгш хандахгүй бол хэзээ ч огцрох нигууртай ажилладаг. 1992 оноос өнөөдрийг хүртэл 13 ерөнхий сайд, 3 үүрэг гүйцэтгэгч томилогдон ажиллаж ирсэн. Энэ нь Ерөнхий сайд дунджаар 2 жил орчим ажилласан байна. Бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан нь 2-хон байгаа нь УИХ-д олонхи бүрдсэн  байгааг үл харгалзан зарим  эрх ашгийн үүднээс нэгдэн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах боломжтой байгаа нь улстөрийн тогтвортой нөхцөл байлыг алдагдуулж байна. Засгийн газрын гишүүнийг парламентаар хэлэлцүүлж бүгдээс нь санал авч сонгож байгаа нь ч ихээхэн нөлөөлж байгаа юм. Тэгэхээр Ерөнхий сайд өөрийн хүний гэлтгүй бүлэг фракцийн эрх ашигт нийцүүлэх, өөрийн тодорхой байр суурийг хамгаалах эрх байхгүй байгаа юм. Үүнээс болж төрийн залгамж халаа алдагдаж Монгол Улсын нийгэм эдийн засаг 1-4 жилийн давтамжтай ажиллаж байна.

 Төрийн гурван толгой нэгийгээ барьцаалсан, үгүйсгэсэн байдлаас болж улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсдэг. Үүнээс болж ард түмэн туйлдаж буйг хэрхэн засч залруулах цаг нь иржээ.  Эрдэмтэн, улстөрч, судлаачид ч  сонгодог парламентын засаглалтай болох өөрчлөлтийг тулгуур хуульдаа оруулахыг санал болгож буй. Улстөрийн тогтвортой байдлыг бий болгоход тогтолцоогоо сайжруулах буюу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хийх гэдэгт санал нэгдэж байна.


Үндсэн хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүйгээр УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хоорондын харилцан хамаарал, тэнцэл, эрх мэдэл хоорондын ялгаа заагийг тодорхой болгохоор  нэмэлт өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. Ингэснээр парламент зөвхөн хууль тогтоох эрх үүрэгтэй болох. Парламентад сонгогдсон гишүүд амьдралд бүрэн хэрэгжих хуулийг боловсруулж батлах үүрэгтэй болно. Бас гаргасан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавина. Тэгэхээр парламентад хуулийн чиглэлээр ажиллаж хууль "үйлдвэрлэх"   зорилготой улстөрчид л орж ирнэ гэсэн үг. Бусад эрх ашгаа хойш тавьж чадах хүн л өрсөлдөнө, сонгогдоно. Гүйцэтгэх засаглалд эрх мэдлийг нь нэмснээр Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан заалтын дагуу салбарын  сайд нарыг өөрөө томилж бие даан ажиллана. Сонгуульд өрсөлдөхдөө ч өөрийн танхимд ажиллах сайд нараа нэрлэх эрх нь нээлттэй байх нь. Ингэж  сонгогдсон Ерөнхий сайд тогтвортой ажиллаж  нийгэм эдийн засгийн нөхцөл сайжирна гэж харж байгаа юм байна. Энэ мэтчилэнгээр төрийн гурван толгойг нэг болгож,   хоёргүй сэтгэлээр зүтгэх улстөрчид сонгогдох нөхцөл бүрдэх олон өөрчлөлт хийгдэх гэж байна. Тодруулбал Монгол Улсад тогтолцооны томоохон өөрчлөлт хийх нь яах аргагүй болсныг нийгэм даяараа л хүлээн зөвшөөрч байна. Тооноос илүү тогтолцооны өөрчлөлтийг олж харж асуудалд хандах ёстойг дурдахгүй өнгөрч болохгүй.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт парламентаар хэлэлцэгдэж чадвал айл бүр нэг улстөрч бэлтгэх шаардлагагүй болох нь.

Б.Санчир





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.