Аналитик


УИХ-ын гишүүн О.Содбилэгийн ноцтой алдаа

3 жил, 10 сар TIMES.MN

УИХ-ын гишүүн О.Содбилэг ойворгон биш, төлөв залуу. Бас  боловсрол өндөртэй. Сайн эцгийнх нь нэр хүнд түүнд чимэг зүүлт болдог. Сонгуулиар Эрдэнэтчүүд Отгонбилэг агсны хүү шүү дээ гэж сонголтоо хийсэн гэхэд эргэлзэхгүй. Хууль тогтоох дээд байгууллагын босгыг алхаж орсон цагаасаа хойш онцгойроогүй ч, нэр хүндээ унагаагүй. Төвийг сахисан байр суурьтай. Гэхдээ тэрээр өнгөрсөн долоо хоногт  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголтыг хэлэлцэх үед  ноцтой алдаа гаргалаа. Уг нь боловсролтой, залуу үеийн төлөөлөл, хуулиа мэддэг нэгэн бол шатахуунд онцгой албан татвар тогтоох тухай асуудал хөндөгдөхөд дуугүй суух эсвэл бүүр чуулганы хуралдаанаас гараад явсан бол илүү гоё харагдах байв. Улстөрийн соёл талаасаа ч тэр. Эрх ашгийн зөрчил огтлолцож байгаа үед  тухайн компанийн биет төлөөлөгч аятай өмөөрч суугаа нь О.Содбилэгийг хувийн эрх ашигтаа хөтлөгддөг гэдгийг харуулав. 

Тэр хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Содбилэг “Нефтийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын талаар сүүлийн хоёр долоо хоногт маш буруу ярилаа. Энэ салбарт 8 жил ажилласан хүний хувьд хэлэхэд, ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллаж байсан, мэдэх учиртай. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ” хэмээн татвар нэмэхийг эсэргүүцэж байлаа.

Энэ эрхэм  хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Петро матад Лимитед” ХХК-ийн 3900000 ширхэг хувьцаа эзэмшдэгээ мэдүүлжээ. Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын ашигт малтмалыг барьцаалан хувьцаа гаргаж байгаа 26 компанийн нэг “Петро Матад Лимитед”.

“Петро Матад” ХХК нь Монгол улсад бүртгэлтэй, газрын тосны хайгуулын компани. “Петро Матад” ХХК-ийг “Петро Матад Лимитед” компани 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ нь Лондонгийн хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээл буюу AIM дээр бүртгэлтэй. “Петро Матад Лимитед” компани нь ТУЗ-тэй, ТУЗ зургаан гишүүнтэйгээс дарга нь  Гордон Толл, дэд дарга нь “Петровис” компанийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл. “Петро Матад Лимитед”-ийн 40 хувийг нь Монголын “Петровис” компани эзэмшдэг
Анх олон улсын бирж дээр гарах санаа “Петровис” компаниас эхтэй. Петровис нефтийн бараа бүтээгдэхүүн импортоор оруулж ирж худалдаалдаг. Нефтийн бүтээгдэхүүнд  онцгой албан татвар тогтооход   шатахууны импортлогч компаниуд дурамжхан байгаа нь ойлгомжтой.   

Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Содбилэг “Петро Матад Лимитед” компанийн хувьцаа эзэмшигч, тус компанийн голлох хөрөнгө оруулагч "Петровис" компани.Тэгэхээр бизнесийн хувьд нэг завин дээр суусан гэж хэлж болох юм.  Тийм учраас шатахуунд онцгой албан татвар тогтоох нь буруу гээд чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлээд лоббидох ёсгүй. Энэ асуудлыг шийдэх эсэхээр санал хураалт явуулахад санал өгч бүүр ч болохгүй.

Яагаад гэвэл  НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ “-хуулийг Монгол улс батлан мөрдөж буй.

 Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад чиглэж буй юм.

 Энэ хуулийн 11.1. –т албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан билээ.

 Онцгой албан татварыг нэмэгдүүлэх, бууруулах асуудалд  УИХ-ын гишүүн О.Содбилэг үг хэлж хошуу нэмэрлэх байтугай ашиг сонихолын зөрчлийн огтлолцол үүсч буйгаа мэдүүлж, оролцох ёсгүй юм. Өөрсдөө хуулиа батлачихаад түүнийгээ хэрэгжүүлдэггүй байж болохгүй. 

Х.Тэргэл






Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.