TIMES Ярилцлага


Д.Даваамаа: Уйгагүй зүтгэл их амжилтын үндэс болдог

3 жил, 7 сар TIMES.MN

Монголчуудын хувьд үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэх шинэ соргог салбарыг хөгжүүлж, тэргүүлэгч болгож чадсан ”Ньюком Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Даваамаатай уулзаж ярилцлаа.


-Хүний насаар жишвэл 10 жил богинохон хугацаа мэт боловч, танай компанийн өнгөрсөнд хийж бүтээснийг харахаар бахархмаар санагдсан. Тиймээс яг энэ цаг үед тэртээ 10 жилийн өмнө хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх компани байгуулах санаа анх хэрхэн, яаж төрж байснаас ярилцлагаа эхлэх үү?

-Би 2002 онд”Ньюком” группын хөрөнгийн менежмент хариуцсан менежерээр ажиллаж байсан. Тухайн үед ”Мобиком” корпораци төв шуудангийн баруун талд байдаг оффисийн авсаархан байрын үйлчилгээг хариуцан ажиллаж эхэлсэн. Компанийнхаа байрыг өдрийн нэг тойрч, ажлаа нэг бүрчлэн шалгахад төвөггүй байсан л даа. Өмнө нь Монголдоо анхны том сүүний үйлдвэр,  хамгийн том зочид буудлын менежмент хариуцан ажиллаж байсан шигээ бүх өрөө тасалгаагаар явж шалгахаас өглөөний ажил маань эхэлдэг байсан нь захирлуудын анхаарлыг татсан байсан. Ямар сайндаа ”та энэ байрыг бүтэн тойроод ирж байгаа юм биш биз дээ” гэж гайхаж асуудаг байсан. Энэ нь надад хэвшил болсон зүйл байв. Хувь хувьсгалын ямар ч байгууллага, компанийн ашиглалт, үйлчилгээний ажлыг хэн нэгэн хариуцаж хийх нь гарцаагүй. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх компани байгуулбал боломж байгааг олж харсан хэрэг. Тэгээд л компанийнхаа удирдлагад үйлчлэгч,ажилчдынхаа хүчинд тулгуурлан ийм компани  байгуулах саналыг тавьсан юм.

- Үйлчилгээ, цэвэрлэгээний компани байгуулья гэхэд удирдлагууд тань шууд зөвшөөрсөн хэрэг үү?

-Үнэндээ хөрөнгийн менежментийн үйлчилгээний чиглэлээр компани байгуулах санал тавихад ”Үйлчлэгч нарыг ахлаад компани байгуулахад ашиг байх уу” гэж асууж байсан. Би чадна гэсэн, намайг дэмжсэн. Учир нь хүн амьдралынхаа бараг 80 хувийг ажил дээрээ өнгөрүүлдэг. Ажлын байр ая тухтай, тохилог, эрүүл ахуйн талаасаа ч цэвэр цэмцгэр байж чадвал тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг. Эхний ээлжинд группынхaa хэмжээнд ажлаа эхэлсэн. Бидний хувьд ”Ньюком”-ын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ”теди” гар утасны худалдааны төв ашиглалтад ороход  үйл ажиллагаагаа  өргөжүүлж ажилласан нь бидний анхны томоохон даваа байсан юм. Манайхан үнэхээр чадсан.

-Тэгээд  хэдийнээс үйл ажиллагааныхаа хүрээг гадагшаа тэлсэн бол.10 жилийн өмнө байгуулж байсан компанийн ам бүл өнөөдөр хэр өнөр өтгөн болсон бэ?

-Хэдийгээр ажлаа группынхaa хүрээнд эхэлсэн ч гадны бусад аж ахуйн нэгжүүдэд энэ талын үйлчилгээний талаар ойлгуулж ажиллах нь бидний эрхэм зорилго байсан. 2007 онд одоогийн ”Найман зовхис” барилгыг манай компани менежментээр бүхэлд нь түрээслэн ажиллуулж байгаад,  2008 онд өөрийн өмчлөлд  авсан. Ньюком групп анхны  өөрийн эзэмшлийн байртай болж түүндээ бусад түрээслэгчдийгч оруулахад тэдний үйл ажиллагааг  манай компани хариуцаж ажиллаж эхэлсэн. Түүнчлэн 2007оноос  ХААН банктай хамтарч ажиллахаас эхлээд өнөөдрийг хүртэл үйлчилгээний 10 гаруй салбартай, 50,000 гаруйм.кв талбайд үйлчилгээ үзүүлдэг салбарынтомоохон компани болон өсөн дэвжлээ. Анх 12-хон ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 230 ажилтантай болсон байна.

-Хөрөнгийн менежментийн үйлчилгээний салбарт анхны шанг татаж байсныг бодвол өнөөдөр танайхтай адил үйл ажиллагаа эрхэлдэг компани, хувь хүмүүс багагүй гарч ирж байх шиг. Танай компанийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь гэвэл...?

- Нэгд, Манай компанийн хувьд салбартаа анхдагчид. Энэ утгаараа хөрөнгийн менежментийн үйлчилгээний ажлын зовлон, жаргалыг яс махаараа мэдэрч туулсан учир бусдаасаа  илүү туршлагатай гэж хэлж болно. Хоёрт, Бидний ажлын гол үзүүлэлт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж байдаг. Анх компани байгуулагдсан цагаасаа л тэдний хүссэн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу гэдгээ мэдэх нь маш чухал байлаа. Ингээд  улирал тутам  өөрсдөө болон мэргэжлийн судалгааны компаниар  үйлчилгээгээ үнэлүүлэх судалгааг тогтмол хийлгэж ирсэн нь бидний амжилтад хүрэх үндэс болсон. Энгийнээр бодоход цэвэрлэгээ хийхэд сургалт явуулах хэрэг байна уу гэж харахаар. Гэвч нэг оффисийн өрөө цэвэрлэх, арчлахад хаанаас нь эхлэх, ямар даавуугаар, ямар бүтээгдэхүүнээр цэвэрлэх гээд  тэр бүр анзааралгүй орхигддог зүйлс байдаг. Мөн ажилчиддаа  олж авсан туршлага дээрээ тулгуурласан шат дараалсан сургалтуудыг явуулдаг. Энэ нь гурав дахь давуутал. Түүнчлэн бид ажилд авсан л бол тушаалыг өдөрт нь гаргаад ажлын цаг, цалин хөлс, унааны зардал гээд бүх зүйлийг тодорхой хэлж өгдөг. Компанийн дотоод дүрэм журмыг танилцуулаад гэрээ хийхээр ямар ч хүн хариуцлагатай болдог юм. Шинэ ажилтанд бүх зүйл тодорхой байхгүй бол ажилдаа чин сэтгэлээ зориулан ажиллаж чадахгүй. Мөн ажилтнуудынхаа ажлын байран дахь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тал дээр илүүтэй анхаардаг. Тухайлбал, цэвэрлэгээ хийхдээ бээлийгээ заавал өмсөх ёстой гэсэн энгийн зүйлээс эхэлнэ. Ингэснээр харшил өгөхгүй, арьсыг хамгаалж эрүүл мэндийг нь  давхар анхаарч байгаагаа ойлгуулах жишээтэй. Цэвэрлэгээний бээлийгээ гараа угааж байгаа шигээ угаах нь ямар хэрэгтэйг хүртэл нарийн хэлж өгдөг.

-Компанийн  тань ажилтнуудтай уулзахад нас, хүйс харгалзалгүй ажилд авсанд талархагсад багагүй таарсан. Үнэндээ олонхи компанид шинэ ажилтны давах эхний босго нь нас, хүйсний нарийн заалт байдаг. Гэтэл танайх эсрэгээрээ байх юм?


-Бид нас, хүйсээс илүү хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг, ажилдаа цагтаа ирдэг чанарыг нь илүү үздэг.   Шинээр ажилд орсон хүнээ төв байрандаа ажиллуулдаг нь тухайн хүнийг илүү сайн танихыг хичээдэгтэй холбоотой. Хүнээ танихгүй удирдлага байгаад юу хийх вэ дээ. Харин оффисийн ажилтнуудын шалгуур өөр. Боловсрол, англи хэл, компьютерийн мэдлэгээс эхлээд ажилд орох үзүүлэлт өндөр. Гэхдээ би тэдэнд ”Чи өөрийгөө үйлчилгээний компанид ажилд орлоо гэж бод. Чиний ажлын хариуцлагагүйгээс болоод энэ олон хүн ажилгүй болбол чамд таагүй сэтгэлтэй үлдэгсэд их байх болно. Чи харилцагчтайгаа зөв харилцаж,ажилтнууддаа тэдний хүсэл, шаардлагыг ойлгуулах гүүр нь байх хэрэгтэй. Үнэндээ үйлчилгээний ажилтнууд маань байхгүй л бол миний,  чиний хэрэг манай компанид үгүй” гэж хэлдэг. Хатуу ч гэсэн үнэн нь тэр.

-Ажил хийж байгаа хүн л сайн, саар зүйл бүхнийг туулах нь дамжиггүй. Гэхдээ хийсэн ажлаасаа урам зориг, эрч хүч авч байсан санаанд тань тодхон үлдсэн дурсамж байдаг уу?

-Анх компаниа байгуулаад ажиллахад орлого тааруу байсан. Хүмүүсийнхээ цалинг нэммээр санагдах ч бидний ажил санаснаар болдоггүй. Тиймээс үргэлж шинэ ажил,шинэ гарц хайна. Тухайн үед орон сууцны борлуулалтыг хүн бүхэн хийдэггүй байлаа. Орон сууц ч бага баригддаг байж. Компанийнхаа залуучуудтай яриад орон сууцны борлуулалт хийх ажлыг эхлүүллээ. ”Хурд” группынхэнтэй  ярилцаад тэдний орон сууцыг нь борлуулах ажлыг гэрээ хийж аваад ёстой гялалзуулсан шүү. Борлуулалт үнэхээр сайн байсан учир өнөөх битүүхэндээ шаналаад байсан асуудлаа шийдэж ажилчдынхаа цалинг  нэмж билээ. Уг нь 2008 онд эдийн засаг  таагүй байсан ч бидний санаачлага зүтгэл хямралыг сөрж чадсан. ”Хямралд өртөхгүй байна гэдэг чи сайн ажиллаж байна гэсэн үг” гэсэн уриатайгаар зүтгэсэн шүү. Өөрсдийн хүрсэн амжилтандаа их ч бахархдаг байлаа,  бид. Компанийнхаа үйл ажиллагааг гадагшаа тэлэх зорилгоор Улаанбаатар хотод ашиглалтад орсон болон шинээр баригдаж байгаа барилгуудын судалгааг гарган бид хаана ямар байгууллагад үйлчилгээгээ үзүүлж болох төлөвлөгөө гаргаад л ажилллаж эхэлсэн. ”ХААН” банкныхантай удаа дараагийн уулзалтыг хийдэг байлаа. Тус банкны удирдлагууд  энэ бизнесийн ач холбогдол, онцлогийг ойлгодог, туршлагатай хүмүүс байсан. Бидний танилцуулж байгаа ажлыг нааштайгаар хүлээн авсан.  ХААН банкны шинэ обьектыг ашиглалтад орох үед манай компани 100 гаруй ажиллагсадтай байв. Манай менежер бүх үйлчлэгчээ ажил тарангуут цуглуулж аваад л ”ХААН” банкны байрны ашиглалтад оруулахын өмнөх их цэвэрлэгээг хийсэн. Хэдхэн хоногийн дотор тус обьектыг шил толь шиг болгож чадсанд тэд бүр баярлаж билээ. Ингээд эхний ээлжинд манай компанийн үйлчилгээг зургаан сар авч байгаад түүнээс хойш манай байнгын харилцагч байгууллагын нэг болсон доо. Эргээд харахаар бидний уйгагүй зүтгэл амжилтын маань үндэс болсон байдаг. Бид зөвхөн Улаанбаатар төдийгүй  Дархан-Уул аймагт Мобиком корпорацитай хамтран  орчин үеийн барилга барьж ашиглалтад оруулан,менежментийг хариуцан амжилттай ажиллаж байна.

-Монголчууд  хөрөнгийн менежментийн үйлчилгээг ойлгож, хүлээж авах хүртэл та бүхнээс багагүй хүч хөдөлмөр шаардагдсан нь тодорхой. Адармаатай даваа саад байсан л байж таараа?

- Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг таниулахад цаг хугацаа зарсан. Үнэндээ саяхнаас л орон сууц, оффисийн мэргэшсэн  үйлчилгээ, арчилгааг  ойлгож, хүлээж авдаг болсон байна. Саяхныг хүртэл иргэд СӨХ-ны ч учрыг ойлгодоггүй. Бид анх ”Roy-al castle” хотхон ашиглалтад ороход инженер техникийн болон цэвэрлэгээ үйлчилгээнийхээ тооцооллыг гаргаж өгч байлаа. Өөрсдийн үйлчилгээ үзүүлэх үнийн саналаа үзүүлж гэрээ хийн ажилласан. Бид зөвхөн цэвэрлэгээ хийх бус, зүлэгжүүлэлт тохижилт, цахилгаан дулаан, сантехник, агааржуулалт гээд ашиглалтын бүх засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг. Бидний ажлыг зарим иргэд ойлгохгүй сар бүр мөнгө авлаа гэж дургүйцэж, СӨХ-ны төлбөрөө төлөхгүй явдал ч гардаг байсан. Гэхдээ эцэст нь биднийг л  ая тухтай байлгах гэж ажилладгийг ойлгосон, оршин суугчид. Тиймдээ ч сүүлд нь тус хотхоны иргэдэд СӨХ-ны ажлыг нь шилжүүлсэн. Ямартай ч өнөөдөр барилга, байгууламжийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр авч үлдэх арга бол хөрөнгийн менежментийн үйлчилгээ юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Нөгөөтэйгүүр, хөрөнгийн менежментийн үйлчилгээг авснаар тухайн компани хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ хийхэд бас нэг давуу тал гарч ирдэг.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Манай групп харилцаа холбоо, дэд бүтэц, агаарын тээвэр, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компанитай түншилдэг. Тэдэнд тулгардаг нэг асуудал бол тухайн компани оюуны ажил эрхэлдэг хүмүүсийнхээ бүтээмж дээр түшиглэдэг байтал биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээ яаж үнэлэх вэ, тэдгээр ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх гэх мэт...

Аж ахуйн ажил гэсэн толгойны өвчнөөсөө салаад зөвхөн эрхэлж байгаа бизнестээ анхаарлаа хандуулах нь тухайн компани, байгууллагад ашигтай. Харин хөрөнгийн менежментийн үйлчилгэээр хэлдэг манай компанийн хувьд хүмүүсийнхээ хөдөлмөрийн бүтээмжийг нь үнэлэх, нийгмийн асуудлыг нь шийдэхэд асуудал үгүй. Өнөөдөр ажилтнууд маань цалингийн зээл, хашаа байшин, орон сууцны зээлд хамрагдаад явж байгаа.

-Байгууллагын ой гэдэг баяр гэхээсээ хийж бүтээснээ дүгнээд маргаашдаа хүрэх зорилгоо тавих чухал мөчлөг гэж боддог. Та бүхний хувьд ирэх 10 жилд компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа вэ?

- Өнөөдөр дэлхийд мэдээлэл технологийн салбарын дараа үл хөдлөх хөрөнгө, түүнийг дагасан үйлчилгээний салбар хурдацтай хөгжиж байна. Бид ирэх 10 жилд үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлдэг компанийн хувьд олон улсын стандартын дагуу ажил үйлчилгээг улам чанартай гүйцэтгэж ажиллана даа.

-Эцэст нь таниас ”Ньюком Проперти” ХХК-ийн хамт олондоо үгийн урнаар баярын мэнд хүргэхийг хүсч байна?

-Бидний хамгийн гол зорилт үйлчлүүлэгч, хэрэглэгчийн сэтгэл ханамж. Хүний хүсэлд хязгааргүй тиймээс хэрэглэгч цаашид биднээс илүү сайныг, илүү чанарыг  хүсэх, шаардах болно. Бид үүнийг чадна. Учир нь бид нэгдмэл санаа сэтгэлтэй, хариуцлагатай, чадвартай салбартаа тэргүүлэгч компани байна. Цаг хугацааны нэгэн түүх болон үлдсэн гарааны арван жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байсан шигээ он цагийн тооллоор учрах мөч бүхнийг гялалзсан амжилтаар угтана гэдэгт итгэж байна.  ”Ньюком Проперти” ХХК-ийн хамт олон та бүхэндээ 10 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд сэтгэл нь баяр цэнгэлээр, ажил нь амжилтаар, амьдрал нь аз жаргалаар бялхаж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.











Холбоотой мэдээлэл


Лабораторийн Өнөрөө
Лабораторийн Өнөрөө
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.