Аналитик


Улстөрчидгүй сумын төлөө

4 жил TIMES.MN

Эртний нэг танил маань хотод ирлээ, уулзаатахая хэмээн утас цохив. Бухимдуу,цөхөрсөн, аргаа барьсан  өнгө аяс ярианаас нь  илтэд цухалзана. Уг нь ингэж мухардахааргүй эрэмгий, дайчин, хийж бүтээчихье, нутгаа хөгжүүлье  гэсэн  сэтгэлтэй, зүтгэлтэй нэгэн. Одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатараас нутгаа зорьж, их сургуулийнхаа багшийн ажлыг орхисон юм.  Тэгээд л намд элсэн орон нутгийн сонгуульд өрсөлдөж, сумын засаг дарга болж   “Сум-хөгжил” хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр нэлээд шургуу зүтгэж байлаа. Өнгөрсөн жил очиход  нутагтаа  нэр хүнд нь шаггүй өссөн шинжтэй байв. Аргагүй  л сэтгэлтэй, боловсролтой  хүн  ч өөр юм аа, манай сум өмнө нь  хэзээ ийм байлаа, орон сууцны загвар хороололтой ч болох нь   гээд  хөгшчүүл бүүр  ам сайтай.  Ямартай  ч нүдэнд харагдахуйц, гарт баригдахуйц чамгүй олон зүйл   хийж, хэрэгжүүлсэн байлаа. Тэрээр мянган сайхан байшин бариад сум хөгжихгүй. Гагцхүү иргэн бүрийнхээ оролцоог нэмэгдүүлэх нь  хөгжлийн түлхүүр гэж ярих дуртай. Тиймээс  ч хүний “ тархитай” тулж, сэтгэлд нь  оч асааж, итгэлд нь цуцал нэмэх хэрэгтэй хэмээн сургадаг нэгэн. Тийм болоод ч тэрүү сумынхаа иргэдийг ногоо хэрхэн тарих, өрхийн аж ахуй яаж эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх аргад суралцуулах, хөгжүүлэхэд  онцгойлон анхаарна. Түүнийг засаг дарга болсноос хойш суманд  хэр хэрэндээ таарсан аж ахуй эрхлэгч, бизнесмэнүүд төрсөн байна лээ. Оёдлын цех нээсэн хамаатны нэг эгч маань бараагаа  аймгийн зах дээр борлуулдаг   гээд хуучилж байв. Хөх зүү хөндлөн барьдаггүй эгч маань үйлчин болсон гэхээр  эхэндээ үнэмшихгүй байсан ч сургалтанд сууж, өрхийн аж ахуй эрхлэхээр шийдээд  гарын ур сайтай гурван бүсгүйг ажилтнаа болгоод ажлын гараагаа эхэлсэн юм билээ. Энэ мэтчилэн сонор мялаасан мэдээ цөөнгүй л сонсч байлаа. 

Энэ чигээрээ явбал манай сум дараагийн дөрвөн жил улсынхаа жишиг сум болно шүү гээд өөдрөг байсан танил маань тулгарч байгаа бэрхшээлээ уулзахдаа уудаллаа. Сумын ИТХ нь 27 төлөөлөгчтэй. Үүний 15 нь АН-ынх, 10 нь МАН-ынх, 2 нь МАХН-ынх. Гэтэл түүнийг  огцруулах аян өрнөжээ. Чамд өмнө хэлдэггүй л байсан болохоос биш, засаг дарга болоод эхний өдрөөсөа шантааж, шахааг мэдэрч эхэлсэн гэж ярьж байна. Сумын захиргаад хамаатны дүүгээ оруулна шүү, ажилд аваарай гээд л эхэлжээ.  Танилтайг нь биш чадалтайг нь шалгаруулж авдаг юм гэж хэлээд ад болох эхлэлээ тавьсан гэж байлаа. Орон нутагт таван төгрөг зарцуулах эрх мэдэл олгосныг далимдуулаад хувийнхаа эрх ашгийг тусгачих гэж төлөөлөгчид  зүтгэцгээнэ. “Сум хөгжүүлэх сан”-гийн жаахан мөнгөд шүлсээ савхируулаад дайрцгаана. Болохгүй гэвэл хариуцлага тооцно гэж боловсон сануулга өгдөг байсан бол сүүлдээ улайм цайм шантаажлах болжээ. Сумын дарга нийлж хувааж идэж биш сөрж ажиллахаар  өөрийнх  нь намынхан нь  өрөөлийн намынхантайгаа нийлээд намнахаар нэгдсэн аж.  

Яг үнэндээ  ажил хийе, сумаа хөгжүүлье  гэсэн энэ залууд л ганцхан  ийм бэрхшээл тулгараагүй. Өнөөдөр нам гэдэг халхавч төдий. Ашиг хонжооны төлөө нам харгалзахгүй сэм хуйвалддаг, хүсснээ шийдвэрлэдэг  эмгэг  дээдээс доод түвшнээ хүртэл идэгджээ. Тэд өөрсдөө хэтэвчээрээ нэгддэг атлаа жирийн иргэдийг манай, танай нам хэмээн талцуулах ажлаа гарамгай гүйцэтгэнэ. Хөшигний ард орохоороо “тэврэлдчихнэ”. Сонгууль болохоор МАН-ынхан, АН-ынхан, МАХН-ынхан хэмээн сүржигнэнэ. Нэг л их намдаа хайртай болцгооно. Түүгээр ч зогсохгүй айлын авгай нөхөр хоёрыг, ах дүүсийг, амраг хосуудыг ч манай, танайгаар дуудаж талцуулна. Суманд бүүр энэ жигүүр цэнхэр, тэр талынх улаан гээд ялгачихна. Ажлаар, амьжиргаагаар  нь  аргамжилна. Ажилтай болох гэж аргаа бараад намд элссэн хүн ч цөөнгүй бий. Суманд ажил олно гэдэг тун амаргүй. Энэ байдал иргэдийг хүссэн хүсээгүй нам бараадаж, даргын ая талыг засахад хүргэж байна.  

Ямар сайндаа л  сархад зооглосон залуус хүртэл   АН, МАН-аараа ялгарч, манайх ингэдэг, танайх тэгдэг гээд хэл амаа билүүдэж байсантай таарч л байлаа.  Гурав, дөрвөн, таван  мянган иргэнтэй сумынхан   намаар талцах,  намчирхах үзэлд дэндүү  живэж байна.  Энэ жалга довын сэтгэлгээ хөдөөгийн гэлтгүй улс орны хөгжлийн тээглэгч том бул хар чулуу болжээ.

Энэ хэтийдсэн үзэгдлийг цэгцлэх  дорвитой өөрчлөлт хийхгүй бол сумгүй Монгол ч болохыг байг  гэхгүй. Нутагтаа ясаа тавина гэдэг буурлууд өнгөрөөд, дунд үеийнхэн амьжиргаагаа дээшлүүлэх гээд аймаг, хот бараадаад, сургуульд явсан залуус нь буцаж очихгүй бол сум эзгүйрч таарна шүү дээ. Тэгэхээр намчирхдаг, талцдаг байдлыг өөрчлөхийн тулд тулгуур хуульдаа өөрчлөлт оруулж нам орон нутгийн сонгуульд оролцож, сумын улстөрчид төрүүлдэгийг больцгоох хэрэгтэй байна. Иргэд дундаасаа төлөөллөө сонгож, тулгамдсан асуудлаа хэлэлцдэг, засаг даргаа өөрсдөө сонгодог, хариуцлага тооцдог  болчихвол намын нэрээр нийтийн албанд орж  амиа бодохыг зоригсдод шургалах нүд олдохгүй болно.

Сумын иргэд өөрсдөө нэр дэвшигчдээс удам судрыг нь, ажил мэргэжлийг нь, туршлага, боловсрол, ёс зүйг нь хараад засаг даргаа сонгоё. Сумынхан  хэн нь хэн бэ гэдгийг хэнээр ч  заалгахгүй мэднэ. Гурван үеэр нь андахгүй дүгнээд хэлчих хөгшид ч олон бий.

Ийм өөрчлөлт хийчихвэл сургууль төгссөн, хот суурин газар ажиллаж байгаа оюунлаг, боловсролтой залуус  нутгаа хөгжүүлье гээд хүчээ сорих болно. Мөрийн хөтөлбөрөө дэвшүүлнэ.  Даргаа гэж тал засч, таван үг зөв холбоод бичих чадваргүй долдойнуудыг нийтийн албанд бүгүүлж байхаар боловсролтой мэдлэгтэй залуусаа орон нутаг­таа ажиллуулах боломж  нээвэл  нутаг орноо зориод очих залуус гараад л ирнэ.

Намд хуваагдахгүй, манай намыг  дэмжээгүй гэж чичлүүлэхгүй учир сумын төвийнхөн ч сонголтоо тулхтай хийж таараа. Тэд амьжиргаагаа  бодоод   жинхэнэ ажил хийх, сумаа хөгжүүлэх хүнээ л сонгоно. Засаг дарга нь сумынхаа ИТХ-ын төлөөлөгчдийн саналаар  сонгогдоогүй, сумынхаа иргэдээс сонгогдсон учир цөөн хэдэн төлөөлөгч нэртэй сумын улстөрчдийн атганд багтахгүй, шантаажид гинжлэгдэхгүй шүү дээ.

Бүс нутаг болгонд давуу тал бий.  Түүн дээрээ тулгуурлаад, сум орон нутгаа өөрийн брэндтэй болгож, орлогын эх үүсврээ нэмэгдүүлэх   гээд сумыг хөгжүүлэх гарц олон байгаа. Гагцхүү хувааж  талцуулаад , хуваад иддэг “гажигт” хамаг учир бий. Хөгжүүлэх зорилго өвөрлөж очсон нэгнийг намагтаа татаж шигтгэх гээд элдэвлэж, шантаажлаад байхаар хэн хөдөөг зорих юм бэ.

 Сумыг улстөрчид удирддаггүй.  Улстөрчидгүй сумын төлөө өөрчлөлт хийх цаг нь иржээ.

Д.Доржпагма




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.