Улс төр


Х.Баделхан Казахстаны “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн танхим”-ын төлөөлөлтэй уулзлаа

4 жил, 3 сар TIMES.MN

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан улсад ажиллаж байна. Тэрбээр Казахстаны “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн танхим”-ын Үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Я.Ткаченко болон холбогдох албаныхантай уулзав.

 Казахстанд “Үндэсний үйлдвэр эрхлэгчдийн танхим”-ын үйл ажиллагаа нь тусгай эрхзүйн баримт бичгүүдээр зохицуулагддаг, бизнес эрхлэгчид болон төрийг холбодог гол байгууллага нь болдог байна. Энэхүү уулзалтаар талууд Монгол, Казахстаны худалдаа, үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, тодорхой ажлуудыг эхлүүлэхээр боллоо. Тэр дундаа хоёр улсын худалдааны эргэлтийг хэрхэн сайжруулах талаар хөндөж ярилцав.

Өнөөг хүртэл худалдааны эргэлт хүссэн хэмжээнд хүрэхгүй  байгаад хэд хэдэн шалтгаан бий гэдгийг ч энэ үеэр дурдлаа. Тухайлбал, Казахстаны гаалийн албан татвар өндөр, тээвэр, ложистикийн асуудал зэрэг нь бэрхшээлийн нэг хэсэг нь болж байгаа гэв. Мөн Казахстанаас Монголд бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхдээ ОХУ гэхээсээ илүүтэй БНХАУ-аар дамжуулсан нь ойр дөт байх саналыг Казахстаны талаас тавьж байлаа. Нөгөө талаасаа манай хоёр улсын хувьд ижил төстэй талууд олон бий. Иймд Монгол, Казахстан улсад ямар боломжууд байгаа талаар өргөн хүрээг хамарсан мэдээлэл авахаар тохиролцож чадсан юм. Цаашлаад дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа, түүнд  тулгуурлаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.  

Дараа нь Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан тэргүүтэй төлөөлөгчид “Астана-новый город” чөлөөт эдийн засгийн бүстэй танилцсан юм. Тус чөлөөт бүсэд  олон төрлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологи, өндөр хүчин чадалтай “Тау-Кен Алтын” алтны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.  “Тау-Кен Алтын” алтны үйлдвэр нь 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн, нийт 50 тонн мөнгө, 25 алт цэвэршүүлэх хүчин чадалтай төрийн өмчит үйлдвэр юм байна. Түүнчлэн алтыг 99.995хувийн цэвэр бүтээгдэхүүн болгож боловсруулдагаараа онцлог аж. Өнгөрсөн жилийн хувьд 10 тонн алтан гулууз боловсруулан гаргажээ.

Тус үйлдвэрийн дарга М.Ш.Тлеужанав Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделханд энэ салбарт хэрхэн хамтарч болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Юуны түрүүнд Казахстаны тал Монголоос алт худалдан авах хүсэлтэй байдаг. Мөн манай алтыг өөрсдийн үйлдвэртээ цэвэршүүлж, боловсруулаад гулууз болгох бүрэн боломжтой гэдгийг ч хэлсэн. Үүний зэрэгцээ алт хадгалах үйлчилгээг үзүүлэх зэргээр хамтрах хүсэлтэй байгаагаа дурдсан юм.

Казахстаны чөлөөт бүс рүү чиглэсэн тодорхой бодлого явуулдаг нь хөгжих гол түлхэц болдог гэдгийг “Тау-Кен Алтын” алтны үйлдвэрийн дарга М.Ш.Тлеужанав тайлбарласан. Одоогийн байдлаар тус улсад 10 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг байна.

Ингэхдээ төрөөс тухай бүрт хэрхэн үйл ажиллагаа явуулах тухай тогтоолыг гаргаж, хөрөнгө оруулалтынхаа 30  болон тодорхой хувийг буцааж авах урамшууллыг олгодог аж.  Өөрөөр хэлбэл, 20 сая ам.долларын хөрөнгө оруулбал 30 хувь, нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд таван хувийн урамшууллыг төрөөс олгодог аж. Манайд аж үйлдвэрийн салбарын бодлого зангилагдаж буй энэ чухал цаг үед Казахстаны аж үйлдвэрийн бодлого болон холбогдох хууль эрхзүйн актуудаас санаа авч, туршлага солилцохоор олон зүйл байгаагааг салбарынхан онцолж байв.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.