Нийгэм


Найман сараас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

4 жил, 2 сар TIMES.MN

Төв шуудангаас Баруун 4 зам хүртэл дулааны шугам сүлжээг шинэчлэх өргөн хүрээний ажилтай холбогдуулан энэ сарын 15-наас эхлэн хотын төвийн хэсэгт жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын төгсгөлийн тоогоор буюу тэгш, сондгойгоор зорчино. Энэхүү дулааны шугамыг шинэчилснээр нийслэлийн гэр хороолол рүү дэд бүтэц татах боломжтой болно. Бусад бүсэд хуучин хязгаарлалт мөрдөгдөнө.

Тодруулбал, хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын дотогш хэсэгт энэхүү хязгаарлалт үйлчлэх юм байна. Хэрэв таны автомашины дугаар тэгш тоогоор төгссөн бол 2 ,4, 6 дахь өдрүүдэд тус бүсэд зорчиж болно. Харин таны авто машины дугаар сондгой тоогоор төгссөн бол 1, 3, 5 дахь өдөр тус бүсэд зорчих юм. Ням гараг бүр тухайн бүсэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна. Энэ засвар хийгдэж дуусмагц буюу ирэх наймдугаар сарын 15-наас автомашины дугаарын хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах санал гарчээ. Гэхдээ эцэслэн шийдээгүй байгааг албаныхан дуулгалаа. Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх цэвэр усны болоод дулааны шугамыг бүхэлд нь шинэчлэх засварын ажил энэ сарын 7-ноос ирэх наймдугаар сарын 14-ныг хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ Төв шуудангийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэл, Цэцэг төвөөс Улсын их дэлгүүрийн уулзвар хүртэл, мөн Баруун дөрвөн зам хүртэл гэж гурван хэсэгт хуваан, замын хөдөлгөөнийг хааж, засвар хийх юм байна. Хотын төв замыг ийнхүү хэсэгчлэн хааснаас үүдэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэнэ гэж ажлын хэсгийнхэн үзсэн тул дээрх хязгаарлалтыг хийж байгаа юм.

Мөн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дугаарын хязгаарлалтыг ирэх наймдугаар сарын 15-наас бүр мөсөн зогсоох санал гаргасан талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл мэдэгдлээ.Энэ зун нийтийн тээврийн салбарт томоохон шинэчлэл хийж, угсраа автобусыг нийтийн тээвэрт шинээр явуулж эхлэхтэй холбоотойгоор дээрх саналыг гаргах болсон байна.Мөн дулааны шугам сүлжээний ажил хийхтэй холбоотойгоор Энхтайвны өргөн чөлөөг зургаадугаар сарын 7-ноос наймдугаар сарын 9-н хүртэл хэсэгчилж хаах болжээ.. Энэ хаалтын үеэр хотын төвийн замаар автомашиныг дугаарын тэгш сондгойгоор зорчуулах юм.Мөн Сөүлийн гудамж, Залуучуудын өргөн чөлөөнд автобусны буудал түр байршуулах юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.