Улс төр


Д.Тэрбишдагва:УИХ цагаасаа эрт таръя

5 жил, 2 сар TIMES.MN

Чуулганы энэ өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийгээд  гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан юм.  

Ингээд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн талаарх Төсвийн байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд байр сууриа ширүүхэн илэрхийллээ.

 Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Л.Болд, Ц.Нямдорж, Я.Содбаатар нар хатуухан үг дайлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:  "Төсвийн тодотгол үнэхээр биш байна аа. Өчигдөр би чуулганы хурал дээр бас л хэлсэн. Мөнгөгүй, хэцүү байна гэж  цалин хасахаар оруулж ирсэн атлаа эд хогшил, гадаадын аялал, томилолтынхоо зардлыг нэмээд байна шүү дээ. Тэрбум тэрбумаар  эд хогшил авна, тэрбум тэрбумаар гадаадад аялахаар зардлыг нэмж оруулж ирээд л_ 


 Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, сонгуульд оролцох давуу нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сонгуулийн өмнөх жилд төсвийн мөнгөөр төрийн албан хаагч, иргэдийг олноор дотоод, гадаадад амруулж, аялуулдаг байдлыг энэ удаад давтахаар оруулж иржээ. Тухайлбал, дотоод, гадаад томилолт, зочны зардлыг 12 хувиар буюу 3.754.3 тэрбум төгрөгийн зардлыг нэмж тусгасан байна. 

Тавилга, эд хогшлын урсгал зардлыг мөн 12 хувиар буюу 2.923.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээс үзэхэд төсвийн үрэлгэн зардлууд нэмэгдүүлсэн, төсвийн сахилга , хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаагүй байна гэж дүгнэхэд хүрч байна.  Төсвийн орлого нэмэх талаар ажиллахгүй байна. Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дээр орж Оюу толгойгоос илрүүлсэн 3.2 тэрбум ам.долларын зөрчлийн адаглаж 100 сая. ам.долларыг оруулаад ирээч гэж хэлсэн.

  Засгийн газраас оруулж ирж байгаа төсөв нь авах юмгүй. "Зэвсэг" өгөөд байхад ашиглаж чадахгүй. Дубайд очоод бууж өгөөд л. Гадныхны аманд унаад л. 

Одоо олон түмний итгэл алдарлаа. Ер нь чадамжгүй болсон УИХ цагаасаа эрт таръя. Бүгдээрээ улс төрийн зориг гаргаад УИХ-ын гишүүнээсээ татгалзаад тарцгаая. Ийм УИХ-тай. Тэгээд гишүүд нь бие, бие рүүгээ шүлсээ үсчүүлж дайрцгаадаг. Асуудал нь урагшлахаа больсон. Шинэлэг хүмүүст ажлаа өгвөл яасан юм гэсэн саналтай байна. Ард түмний санал асуулга явуулаад, парламентыг тараагаад эрүүл саруулаар сэтгэдэг дараагийн хүмүүст нь ажлыг нь өгч хийлгүүлье. Ийм Засгийн газартай, ийм парламент хол явахгүй нь ээ. 



УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: "Боловсролын салбарын халаалтын өр хэрээс хэтэрлээ. Жилд 3-4 тэрбум төгрөгийн өр гарч байна. Энэ өрийг дарах мөнгө тодотгол дээр тусаагүй байна. Би уг асуудлаар гишүүдэд хүсэлт тавиад уг асуудлыг дэмжүүлээд Төсвийн байнгын хороо руу явуулсан. Гэтэл хэлэлцэж, санал хураагаагүй юм шиг байна. Намайг сайд байх үед урсгал зардлын хэмнэлтээс мөнгө гаргаад өрөө дардаг байсан. Одоо эдийн засаг хүндрээд хэмнэлтийн зардалгүй болсон учраас тэгэж болохгүй байна.

 Эрчим хүчний яамнаас төсөв батлагдсаны дараа тарифаа нэмж өр үүсгээд байгаа. Мөн аймаг бүр өөр, өөр үнэ тогтоож байна. Зарим аймаг дулааны жигтэйхэн их өртэй гараад зарим нь өргүй байна. Сургуулиуд маш их өртэй явж байгаад өрөө төлж чадахаа байгаад гал алдвал яах вэ. Сургуулиудаа хөлдөөвөл яах вэ?. Тэгэхээр олон жилийн өмнөх өрөө төлөөд явах ёстой. Мөн Булган аймагт 640 хүүхдийн сургууль баригдаж эхлээд дуусах дөхсөн. Тус барилгын ажлыг дуусгахад 200 сая төгрөг хэрэгтэй. Түүнийг нь тавиад өгчих гээд Төсвийн байнгын хороо руу санал явуулсан. Бас л хэлэлцээгүй байна. Тэгсэн мөртлөө шинэ юм дээр мөнгө тавьсан байх юм. Хуучин ажлуудаа дуусгамаар байна.

 


УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ: Иргэд аж, ахуй нэгжийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлнэ гээд байх юм. Онцгой албан татварын тухай батлагдвал ард түмэн л түүнийг нь төлнө шүү дээ. Та бүхэн алт ухаж болох бүх хуулийг баталж өгсөн. Урт нэртэй хуулийг үгүй болгосон. Тэгэнгүүт улсын төсөв бурзайгаад, сагсайгаад өгнө гэсэн хаана байна. Өнөөдөр улсын төсөв чинь нэг их наядаар тасраад байна шүү дээ. Уул уухайн компаниуд хэдэн арван тэрбум төгрөгийн өртэй байна. Оюутолгой л гэхэд 1.4 тэрбум долларын баримт сох дутчихсан. Тэгэхэд Д.Ганхуяг тэргүүнтэй хүмүүс нүдэн балай явж байна. Оюутолгойгоос 3.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Гэтэл энэ мөнгөний талыг нь авчихвал төсөвт их нэмэр болно шүү дээ. Цалин хасна гэж ярихын оронд энэ өрөө аваач" гэлээ.


Гишүүд санал, асуултаа өндөрлөсний дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульдт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Төсвийн орлого бууруулах чиглэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51,1 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь нь дэмжив. Харин урсгал зардлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох /бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан холбоо, интернетийн төлбөр, ном, хэвлэл, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн зүйлс, нормын хувцас, зөөлөн эдлэл, багаж, техник хэрэгсэл, тавилга, хөдөлмөр хамгааллын хэрэглэл, урсгал засвар, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, аудит, баталгаажуулалт, зэрэглэл тогтоох, даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, тээврийн хэрэгслийн оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, бараа үйлчилгээний бусад зардал, бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал/ урсгал зардлыг дахин 15-20 хувь бууруулах замаарнийт 8,089.8 сая төгрөгийг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь нь дэмжлээ. Мөн урсгал зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн өндөр албан тушаалтантай адилтгах төрийн албан тушаалтны зэрэг, зиндаанд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6.1.14, 6.1.15-д заасан улс төрийн албан хаагчид болон сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, баг, хорооны Засаг даргын цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан төсөвт 1,599.3сая төгрөгийг нэмж тусгахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 81.7 хувь нь дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан хасагдсан цалингийн зардлыг төсөвт нэмж тусгах санал гаргасан нь гишүүдийн 73.3 хувийн дэмжлэг авсан юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багц дахь Улсын драмын эрдмийн театрын урсгал зардалд шаардагдаж буй 100.0 сая төгрөгийг нэмж тусгах санал дэмжигдлээ.

Харин хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн тодотголд хасаж тусгагдсан "Соёлын төвийн барилга /Төв, Баянцагаан сум/, хэрэгжих хугацаа 2015-2016 он, төсөвт өртөг 1,000.0 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн 462.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээг нэмж тусгах; Төслийн 3 дугаар хавсралтын 63 дугаарт тусгагдсан "Увс аймгийн төвийн авто замын барилгын ажил, хэрэгжих хугацаа 2014-2016 он, төсөвт өртөг 27,400.5 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн 611.5 сая төгрөг" гэсэн төсөл арга хэмжээний 2015 онд санхүүжих дүнг "7,455.6 сая төгрөг" гэж өөрчлөх; Төслийн 3 дугаар хавсралтын 160 дугаарт тусгагдсан "Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, /Хөвсгөл, Мөрөн сум/, хэрэгжих хугацаа 2013-2016 он, төсөвт өртөг 5,000.0 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн 648.1 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээний "2015 онд санхүүжих дүнг 1,500.0 сая төгрөг" гэж өөрчлөх; Хөрөнгө оруулалтын хавсралтын IX.1.1.41 дэх заалтын "Цэцэрлэгийн барилга, 100 ор /Дархан-уул, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт хороо/, хэрэгжих хугацаа 2015-2015 он, төсөвт өртөг 1000.0 сая төгрөг, 2015 онд санхүүжих 152.7 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээний "Мангирт хороо" гэний дараа, "Хабитат" гэж нэмэн төсөвт өртөг болон 2015 онд санхүүжих дүнг тус тус "1250.0 сая төгрөг" гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан саналуудыг Төсвийн байнгын хороо дэмжжээ. Эдгээр саналын тухайд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх боломжгүй, иймээс ажлын хэсэг саналаа татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байв. Энэ талаар ажлын хэсгээс энэ нь шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт биш, ажил нь хийгдчихсэн, 2015 оны төсөв болон тодотголд суусныг Сангийн яам хассан байсныг дахин тусгаж оруулж ирж байгаа хэрэг, нөгөө талаар энэ нь төсвөөс биш Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх обьектүүд гэсэн хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон зарчмын зөрүүтэй дээрх 4 саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн хөрөнгийн зардлыг бууруулах, дотор нь зохицуулалт хийх, түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацааг өөрчлөхтэй холбогдсон саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооноос эдгээр хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ.





Холбоотой мэдээлэл