Улс төр


Гишүүдийн 68.8 хувь хоригийг дэмжлээ

4 жил, 5 сар TIMES.MN

  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдаж эхлээд байна. Тус хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь “Хоригийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хэлэлцээд гишүүдийн 68.8 хувийн саналаар хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Тодруулбал, тус байнгын хорооны хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 5 нь хоригийг эсэргүүцэж эсрэг кноп дарсан бол 11 нь хүлээн авахыг дэмжив.

Хоригийг эсэргүүцсэн нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар байлаа. Тэд мөн цөөнх боллоо.

Харин хоригийг дэмжиж кноп дарсан нь УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Тэмүүжин, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, Д,Лүндээжанцан нар байлаа.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хоригийг хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа ажлын тав хоног байсан бөгөөд хугацаа дууссан тул өнөөдөр ийн үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Завсарлага авсан шалтгаанаа УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “УИХ хоригийг хүлээн авсан нөхцөлд Өршөөлийн хууль хэрэгжих боломжгүй болно. Дээр нь Авлигатай тэмцэх газар авлига, хээл хахуультай холбоотойгоор 350 тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэж байгаа, 110 гаруй эзэн холбогдогчтой. Тэднийг нэрээр нь хэчнээн төгрөгийн хохирол учруулсныг зарлах ёстой” гэсэн шаардлага тавьсан юм.

Энэ шаардлагаа З.Баянсэлэнгэ гишүүн мөн өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр тавихад Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэв. Тэрээр “1981 оноос хойш мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг ярихаа больсон. Одоо харин баахан хүмүүсийн нэрийг зарлах нь. Шалгагдаж байгаа хэрэгт холбогдогчид нь буруутай ч юм уу, буруугүй ч юм уу, шүүх эцэслэн тогтоогоогүй байна. Гэтэл өнгөрсөн долоо хоногт хоёр гишүүний нэрийг зарлаж, нэр төрд нь халдсан. Гэр бүлд нь сэтгэл санааны ямар их хохирол учирч байгааг та бүхэн ойлгож байна уу. Хүүхэд нь сургуульдаа очиход юу гэхэв.

Нууцаар танилцуулж ирсэн ийм асуудлыг нууцын зэрэглэлээр нь гишүүд нь өөрсдөө танилцаад буцаагаад өгдөг юм байгаа биз. Яах гэж ийм баримтыг гишүүдэд тарааж байгаа юм. Хууль хяналтынханыг ажлаа хийх боломжоор нь ханга, хэрэгт холбогдсон, хэрэг хийсэн нөхдүүд нь хууль хяналтынхныг баахан зандарна, баахан элдвээр аашилна. Улстөрчид нь мөн баахан ааш гаргаж балбана. Наад хүмүүст чинь ажиллах боломж алга байна” гэсэн тайлбар хийж байлаа.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийг Авлигатай тэмцэх газар, прокурор аль аль нь мэдээлж ирсэн. Ил болсон зүйл. Бодит үнэнийг ярих ёстой” гэж байлаа.

Харин Авлигатай тэмцэх газрын дэд дарга “Авлигатай тэмцэх газарт 30 гаруй тэрбум төгрөгийн 110 гаруй хүнд холбогдох хэрэг шалгагдаж байгаа. 350 тэрбум төгрөгийн хохирол гэдгийг З.Баянсэлэнгэ гишүүн хаанаас гаргаж тавиад байна вэ” гэж байлаа.

Эцэс т нь УИХ-ын дарга болон бусад гишүүдийн зүгээс байнгын хорооны даргад хандан “Шууд саналаа хураалгахыг шаардсанаар гишүүдийн олонхи нь “Хоригийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.

Одоо энэ асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэх ёстой.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.