Аналитик


Долоо хоногийн тойм: Ирц бүрддэггүй Их хурлыг яалтай....

3 жил, 10 сар TIMES.MN
"TIMES.MN" таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн өдрүүд улс төр, спорт, гээд бүх л салбарт үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ингээд үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Шинзо Абэ ажлын айлчлал хийлээ

    Өнгөрсөн Пүрэв гарагт Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай оронд ажлын айлчлал хийсэн. Айлчлал хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн талаар хэлэлцсэн стратегийн чухал ач холбогдолтой уулзалт боллоо.

Хоёр орны Ерөнхий сайд хэлэлцээ хийж "Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төсөл"-үүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрсэн юм. Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх барилга болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. 


"Амьд" гэгээнтэн заларлаа

Одоогоос 200 орчим жилийн өмнө амьдарч байсан, "амьд" гэгээнтэн гэгдэх, аграмба Равсалын Санжайжавын шүтээнийг Гандантэгчинлэн хийдэд заллаа.

Уг шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь буюу Архангай аймгийн Цахир суманд залах бөгөөд үүнээс өмнө нийслэллийн иргэдэд хоёр өдрийн турш толилуулсан юм. Энэхүү шүтээнийг үзэж, сүсэглэх олны цуваа хоёр өдрийн турш тасраагүй юм.



Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Италиг зорилоо

БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайдын П.Жэнтилони-гийн урилгаар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд БНИУ-д албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хэрэгжиж буй юм. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн айлчлалын үеэр Милан хотод зочилж, ЭКСПО-2015 үзэж сонирхон, АСЕМ-2014, ЭКСПО-2015 зохион байгуулсан италийн талын туршлагатай танилцахын зэрэгцээ Милан хотноо болох ЭКСПО-2015 үеэр Монголын соёлын өдөрлөгийг зохион байгуулсан.


Ирц бүрдээгүйн улмаас чуулган завсарлалаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачилсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулж, өнөөдрийн чуулганы үдээс хойшхи хуралдаанд хэлэлцэх байсан.

Гэтэл УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүйгээс үдээс хойших хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсоод Баасан гарагийн чуулганыг хаасан. "Өршөөлийн хууль"-ийг Пүрэв гарагт хэлэлцэх байсан ч Шудрага ёс эвслийн дахин 3 хоног сунгах хүсэлтийг УИХ-ын дарга зөвшөөрснөөр дахин хойшиллоо.


Спорт: Абу Даби-2015

 "Абу Даби-2015" жүдо бөхийн залуучуудийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглоосн Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртэв. Мөн тус тэмцээнд 55 кг-д зодоглосон Баяраагийн Амартүвшин, Эмэгтэйчүүдийн 44кг-д хүч үзсэн Ганбаатарын Наранцэцэг нар тус тус хүрэл медалийн амжилт үзүүлсэн юм.


Монгол инженерийн бүтээсэн супер компьютер Японд шуугиан дэгдээж байна

Монгол инженер А.Алтанбилэгийн шинэ бүтээл Японд шуугиан тарьж байна. Түүний зохиосон "LIC-600" компьютер худалдаанд гарчээ. Хүчин чадал, багтаамж, хурд гээд олон үзүүлэлтээрээ онцгойрч байгаа аж. 4200 ам.долларын үнэ бүхий энэхүү компьютерийн Японы KSJ компани үйлдвэрлэжээ.



Л.Ариунцэцэг






Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.