Аналитик


Засгийн газрын том амлалтын жижигхэн хөтөлбөр

5 сар, 3 долоо хоног TIMES.MN

 Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрөө Засгийн газар боловсруулж УИХ-д өргөн барьсныг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. Хямралыг гэтэлгэх гол найдвар хэмээн хүлээлт үүсгээд байсан энэхүү хөтөлбөр УИХ-ын гишүүдийн санаанд төдийлөн хүрсэнгүй. Хүрэхгүйгээр барахгүй олон шүүмжлэл дагуулан мэргэжлийн Засгийн газрыг мэдлэггүй, туршлагагүй болгож харагдуулж байна.

Уг нь 18 сарын дараа гэхэд Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг гэтэлгэх замдаа орсон байна хэмээн амлаж байсан Засгийн газар гуравд дахь сараа үдчихээд байхад хөтөлбөрөө батлуулаагүй байна. Боловсруулсан хөтөлбөр нь УИХ-ын босгыг алхаж чадахгүй бөөн шүүмжлэл дагуулчихсан, гологдоод  сууж байх.

Тэгэхээр 18 сарын дараа эдийн засгийн хүндрэлийг даван туулах зөв замдаа орно гэдэг найдвар бараг тасарч байна. Байнгын хорооны хуралдаанаар сөрөг хүчнийхэн дутуу боловсруулсан,  хэтэрхий мөрөөдлийн хөтөлбөр болсон байна хэмээн Засгийн газрыг чичлэв. Үнэхээр эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэх хөтөлбөр нь хямралаас гарах шинэ оновчтой санал санаачлага дутмаг, нөгөө л хэдэн томоохон төслүүдээ тойрсон, хөрөнгө оруулалт шаардсан, тухайн хөрөнгөө хаанаас босгох, юунд зарцуулах нь тодорхойгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, 10.1 их наяд төгрөгөөр томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ гэжээ. Гэтэл ямар бүтээн байгуулалтын төслүүд байх нь тодорхой бус байх жишээтэй.

Олох орлого, зардал, хүрэх үр дүнгээ  өөдрөгөөр төсөөлсөн нь сайхан ч тэр гэрэл гэгээг авчирах замд яаж гэрэл  тусгах нь таамаг хэвээр. Хөрөнгө оруулалт хамгаас чухал. Харин хаанаас, юунаас босгох вэ гэдэг таавар. Гэтэл Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, Эдийн засаг тогтворжоод эерэг хандлага гарвал гадны хөрөнгө оруулалтыг 2 тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байна. Өнөөдөр гадны хөрөнгө оруулалт 0 заасан гэлээ. Тэгэхээр 0 заасан хөрөнгө оруулалттай манай улсын хувьд томоохон төслүүдээ хөдөлгөхөд хүнд байх нь ойлгомжтой.

 Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрийн орлогын мөчлөг дагасан, эмзэг бүтэцтэй болсон байгаагаас цаашид учирч болох эрсдэлийг даах хуримтлал байхгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай, мөчлөг дагасан төсвийн тэлэлттэй, нийгмийн хавтгайрсан халамжтай, экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон байна. Үүнээс шалтгаалж сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саарсан нь үнэн.  

Ийм эдийн засаг хүлээж авсан Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал:

Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх, активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банкны системийн чанаргүй зээлийг бууруулах зэрэг макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх, Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулах, Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх, Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх зэргийг тусгажээ.

Үнэхээр эндээс олон улсад эдийн засгийн хямралыг хэрхэн таван туулсан туршлага, бодит жишээ, санаачлага дутаж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛСАН ЖИШЭЭ

Дэлхийн улс орнууд ч өөрсдийн тодорхой цаг үедээ эдийн засгийн хямралд орж байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Герман улс үнс нурмандаа дарагдсан. Гэвч асар богино хугацаанд хүчирэх гүрний тоонд эргээд орж байлаа. Мөн БНСУ-ын иргэдийн асар их хөдөлмөр нь хөгжил, бүтээн байгуулалт, хүчирхэг эдийн засгийг босгож чадсан юм.

БНСУ нь Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөгдөөд тусгаар тогтнолоо олсон ч Aзийн хамгийн ядуу орны нэг байв. Япончууд дарлаж байх үедээ хамаг байгалийн баялгийг нь олборлоод, зөөгөөд дуусгасан аж. 1960-аад оныг хүртэл хэрхэн хөгжих, яаж хөгжих аргаа болохгүй байсан тэд төрийн зохицуулалт, оролцоогоор сэргэн мандлын замдаа орсон гэнэ.

1962 онд засгийн эрхийг авсан Пак Чон Хи генерал хүн амын 80 хувийг эзэлж асан ядуусын армийн хүчийг ажлын фронт руу татаж чадсанаараа гавъяатай. Загасны аж ахуй, тариалангаас өөр юм эрхэлдэггүй байсан улсаа орчин үеийн үйлдвэржсэн орон болгохын тулд Пак тэрбум тэрбумаар зээл тавьж, үйлдвэр, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулан ажлын өргөн фронтыг бий болгожээ. Тэрээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогыг санаачилж, арабын орнууд руу ажилчид гаргахын зэрэгцээ Вьетнамын дайнд оролцож байгаа АНУ-ын армийн арын алба, харуул хамгаалалтанд иргэдээ олноор нь ажиллуулах гэрээ хийж чадсанаар Нэгдсэн улсаас их хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламж авч чадсан юм. Энэ нь тухайн цагтаа ажлын байр, хөрөнгө оруулалтын хомсдлыг нөхсөн оновчтой бодлого болж чаджээ.

Пак Чон Хи 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1965 онд дайсагнаж ханддаг байсан Япoнтoй харилцаагаа хэвийн болгож, Японы хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсанаар эхлээд хөнгөн үйлдвэр, дараа нь хүнд үйлдвэрүүд олноор байгуулагдаж ажилгүйдэл үндсэндээ үгүй болсон гэдэг. Дэлхийн улс орнуудын жишээ хангалттай ихб айгаа. Мөн эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг хэрэгжүүлэх олон гарц байга агэдгийг мэргэжлийн Засгийн газарт дуулагая.

Ц.Ургамал



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.