Хөгжлийн гарц


Б.БЯМБАСАЙХАН: “МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДИВААЖИН” ГЭСЭН ШИНЭ БРЕНД БИЙ БОЛНО ГЭСЭН ТӨСӨӨЛӨЛ БИЙ

1 жил, 3 сар TIMES.MN

Б.БЯМБАСАЙХАН: “МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДИВААЖИН” ГЭСЭН ШИНЭ БРЕНД БИЙ БОЛНО ГЭСЭН ТӨСӨӨЛӨЛ БИЙ


 ОРОЛЦОГЧИЙН НЭР: Б.БЯМБАСАЙХАН

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал болохоос өмнө тэрээр “Нова Терра” компанийн гүйцэтгэх захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн. Азийн Хөгжлийн Банкны Манила дахь оффист олон жил ажилллахдаа Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд эх орондоо ирснийхээ дараа "Ньюком" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулж 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг амжилттай удирдан гүйцэтгэсэн юм. Эрчим хүч, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт арвин туршлагатай түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар тодруулж байсан удаатай.

ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ: “Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал

СОШИЭЛ ХАЯГУУД: Б.Бямбасайхан (Linkedin) B.Byambasaikhan (Twitter)


МОНГОЛ УЛСЫН ӨНӨӨДРИЙН ДҮР ТӨРХИЙГ ХЭРХЭН ДҮГНЭДЭГ ВЭ? 

Монгол ардчилсан улс. Эдийн засаг нь тогтмол өсөлттэй яваа. Дундаж орлоготой ч гэлээ хөгжиж буй зах зээл.


АСУУДЛЫГ ЯРЬСААР БАЙХ БИШ ГАРЦЫГ ОЛЖ БОДИТООР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН ГЭДЭГТЭЙ САНАЛ НИЙЛДЭГ ҮҮ?

Мэдээжийн хэрэг. Гэхдээ өнөөдрийг хүртэл ямарч шийдэл гаргаагүй, юу ч хийгээгүй, ярьсаар байгаа гэж туйлширч болохгүй дээ. Тодорхой шийдвэр, бодлого гаргаад хэрэгжүүлээд л явж байна. Алдсан ч, оносон ч зүйл бий. Том төслүүдийг хэрэгжүүлж, бүтээн босгож байж, Монголын эдийн засаг томорч өрсөлдөх чадвартай болно. Аливаа зүйлийг шүүмжлэх, нураах, гацаах амархан. Харин бүтээх, босгох, бий болгоход хугацаа, туршлага, хөрөнгө, хөдөлмөр гэж асар олон зүйлээс хамааралтай. Тиймээс бүтээж байгаа нэгнээ адлах биш дэмжиж, зогсоох биш урагшлуулах нь хөгжлийн гол “ташуур”. Өнөөдөр хийж байж л маргааш амжилтанд хүрнэ шүү дээ.


МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ГАРЦ ЮУ БАЙХ БОЛ?

Монгол Улсын хөгжлийн гол гарц бол яах аргагүй хариуцлага. Хариуцлагагүйгээс бид боломжоо үгүй хийж, хөгжлийг хойш чангааж байна шүү дээ. Миний хувьд монголчуудад асар том боломж, өгөгдөл байна гэж хардаг. Уудам газар нутаг, арвин баялагтайгаас гадна дэлхийн том зах зээл хаяанд байна. БНХАУ дэлхийн хамгийн том хэрэглэгч. Эдийн засаг нь дандаа өсөлттэй байгаа. Жилд дундажаар 6-7 хувиар өсч байна. Энэ өсөлтөөс монголчууд хожих ёстой. Газар зүйн таатай байршлыг ашиглаад, хөрөнгө оруулалт татаж, томоохон төслүүдийг хэрэгжүүлвэл Монголчууд хожино, орлогоо нэмэгдүүлнэ. Харин гурван саяуулхнаа атлаа, тогоон дотроо хөлөө жийлцээд, урагшаа алхах гэснээс татаж унагаад байгаагаа болих хэрэгтэй. Монгол Улс олон улсын зах зээлийн нэг тоглогч аль хэдийнээ болчихсон. Тиймээс “Монгол дүрмээрээ” явна гээд, сумын атаман царайлаад байвал хол ахихгүй, дороо л дэвхцсээр л байна. Харин олон улсын дүрмээр замнаж, “олимпийн дэвжээн” дээр очиж өрсөлдмөөр байна. Өнөөдөр хоёр монгол хоорондоо үзэлцэж тарамдах биш хоёулаа нийлээд хүчээ зузаатгаж, дэлхийд бусадтай өрсөлдөөч ээ гэж хэлмээр байна.

ТА ӨӨРИЙНХӨӨ ТӨСӨӨЛСНӨӨР ХӨГЖЛИЙН ЗАГВАРЫГ ТОДОРХОЙЛНО УУ?

Хөгжлийн загварын төв нь монгол хүн. Хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн, түүнд хөрөнгө оруулсан, хүчийг нь ашигласан загварыг бий болгож чадвал илүү амжилтанд хүрэх бололцоо бий.


МОНГОЛ УЛСЫН АЛСЫН ХАРААГ ГУРВАН ҮГЭНД БАГТААЖ ТОМЬЁОЛНО УУ?

Хариуцлагатай болох, өөртөө итгэлтэй байх, олон улсын стандартыг дагах.


ДЭЛХИЙД ТАНИУЛАХ МОНГОЛ БРЕНД БИЙ БОЛГОХ БОЛОЛЦОО БИЙ ЮУ, БОЛОМЖТОЙ ГЭВЭЛ ОНЦОЛЖ ТОДОТГОЖ ХЭЛНЭ ҮҮ?

Өнөөдөр дэлхийн зээлд гарсан Монгол бренд бий л дээ. Бид л ойшоохгүй байгаа болохоос биш Эрдэнэтийн зэс олон улсын зах зээл дээр хэдийнэ танигдсан. Оюуны толгойн зэс гэсэн шинэ бренд бий болж байна. Ирээдүйд “Монгол эрчим хүчний диваажин” гэсан шинэ брендтэй болно гэсэн төсөөлөл бий. Яагаад гэвэл хамгийн том эрчим хүчний хэрэглэгч хаяа дэрлэн оршиж байна. Тиймээс эрчим хүч үйлдвэрлэж нийлүүлэх боломжтой. Монголд сэргээгдэх эрчим хүч, бас уламжлалт түүхий эдийн нөөц хангалттай их байна. Тэгэхээр “Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж, шинэ цахилгаан станц барьвал Оюутолгой компанийг эрчим хүчээр хангаад зогсохгүй экспортлох бололцоо бүрдэнэ.Эрчим хүчний салбарт төр засгийн зүгээс онцгойлон анхаарч, Багануурт шинээр станц барих, Эгийн голын усан цахилгаан станц босгох гээд сэргээгдэх эрчим хүчийг ашиглахаар төлөвлөж байгаа.


ТАНЫГ МОНГОЛ УЛСАА ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ГҮРЭН БОЛГОХОД ӨӨРИЙНХӨӨ ХУВЬ НЭМРИЙГ ОРУУЛ ГЭВЭЛ ТА ЮУ ХИЙЖ, БҮТЭЭЖ ЧАДАХ ВЭ?

Өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ хийж, өөрийгөө хуурахгүй, өрөөлийг залилахгүй, бизнесийн ёсзүйг сахихыг эрхэмд үздэг. Үүнээс гажихгүй яваа. Энэ миний эрх орныхоо хөгжилд оруулж өчүүхэн хувь нэмэр л гэж боддог. Худлаа ярьж, хууран мэхэлж, ихийг хийсэн мэт дүр эсгэх дургүй.


МОНГОЛ ХҮНИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Өөрөөс нь л бүх зүйл хамаарна. Учир шалтгааныг өрөөлөөс биш өөрөөсөө л хай. Танд дэлхийн хүнээс хоцрох нэг ч зүйл үгүй. Тэр байтугай та өнөөдөр Баян-Өлгийд, Дорнодод, Улаанбаатарын хаана ч бай интернет ашиглан хэрэгцээтэй мэдээллээ авах боломжтой. Хэл сурахад, бизнесээ эхлэхэд, шинийг санаачлахад, сэтгэлгээгээ өөрчлөхөд, өөрийгөө хөгжүүлэхэд хэн ч танд саад болохгүй. Та хичээвэл зорьсондоо хүрнэ. Ийм л итгэл үнэмшилийг монгол хүн бүр тархиндаа бат суулгаж, ядуу зүдүү, бусдаас дутуу гэсэн ойлголтоо таягдан хаявал таны амьдрал дээшилнэ, орлого нэмэгдэнэ, цаашлаад “Улс маань” улам хүчирхэгжинэ, хөгжинө .


МОНГОЛ БАХАРХАЛ, МӨРӨӨДЛИЙГ ЯАЖ БИЙ БОЛГОХ ВЭ?

Бүтээж, хийж, оролдож байгаа хүн бүр хөгжиж байдаг. Юу ч хийхгүй байгаа хүн шүүмжлэхээс хэтэрдэггүй. Хүн хийж бүтээж байгаагаасаа урам авч, амжилттай болвол түүгээрээ бахархахын зэрэгцээ өөрөө төлөвшиж, илүү том зорилгод тэмүүлдэг. Тийм болохоор та өөрөө л Монголчуудын бахархал, мөрөөдлийн “хэрмийг” бүтээнэ. Залуустаа хандаж хэлэхэд монгол маягаар бизнес хийнэ гэдгээ мартах хэрэгтэй. Дэлхийн стандартыг л дагая. Тэгвэл зардал хэмнэнэ. Ингэснээрээ бизнес чинь амжилтанд хүрнэ. Дэлхийд нэгэнт бүтээсэн дугүйг Монгол маягаар угсрах гээд хүч, хөрөнгө, оюунаа шавхаад байх хэрэггүй. Үүний оронд илүү бүтээлч зүйлд хүчээ зарцуулаасай л гэж хэлье.


ХӨГЖЛИЙН ГАРЦ БУЛАНД ХЭНИЙГ ОРУУЛАХААР САНАЛ БОЛГОХ ВЭ?

“Сант” сургуулийн захирал З.Энхмөнх АНУ-ын Массачусетын Технологийн их сургууль, Стэнфордын Их сургуулийг дүүргэсэн, 2012 онд Массачусетын Их сургуулийн дэлхий даяар хэрэгжсэн цахим сургалтыг Монголд анх нэвтрүүлсэн юм. Тэр залууг “Хөгжлийн гарц” буландаа урьж ярилцвал олон шинэлэг санаа дэвшүүлэх байх гэж бодож байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.