Эдийн засаг


Хаан , Ард даатгал компаниудын даатгалын хэлбэр хувиргадаг шид

3 жил, 2 сар TIMES.MN

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Даатгалын компаниудыг шалгаад орон сууцанд амьдардаг айл өрхөөс даатгалын мөнгө хэмээн СӨХ-гоор дамжуулан авдаг байсныг илрүүлсэн. Албадан авч байгаа энэхүү даатгалыг уг нь иргэд сайн дураар төлөх хуультай. Хэдийгээр нэг өрхөөс 1000-1500 төгрөг авч байгаа ч гэлээ энэ нь орно сууцанд амьдардаг айл өрхөд үржүүлэхээр хэдий хэмжээний тоо гарахыг та төсөөлдөө.

Энэхүү мэдээллийн дараа байрныхаа айлуудаас даатгалд хамрагдсан уу, ямар даатгалын компанид даатгуулсан бэ гэдгийг асуухад мэдэхгүй гэх. Цөөн тооны хүн СӨХ-ны мөнгөн дээр авдаг. Ямар даатгалын компанийг мэдэхгүй гэж байв. Тэгэхээр айл өрхүүд даатгалд хамрагдсанаа мэдэхгүй, мэдсэн нь аль даатгалын компанид мөнгө төлөөд байгаагаа ч мэдэхгүй байна. Аливаа асуудал үүсэхэд СӨХ-тэй ярина гэж байна. Тэгэхээр даатгалын компанитай хамтарч ажилласан, гэрээ хийсэн СӨХ, орон сууцны контор иргэдийн гомдлыг даатгалын компанид уламжилдаг гүүр гээд ойлгосон бололтой.

Эндээс харахад иргэд даатгалыг байх ёстой, албан журмынх нь гэж ойлгож байгаа бололтой. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолд сайн дурын даатгал гэж заажээ. Сайн дурын даатгалын албан журмынх болтол нь хувиргаж чадсан даатгалын компаниудын амьдраад байгаа бас нэг эх үүсвэр энэ бололтой юм.

Ингэж хардах үндэслэл болгож ШӨХТГ-аас өгсөн тоо баримтыг дурдая:

Нийслэлийн хэмжээнд орон сууцанд амьдардаг 147752 айл байдгийн 90419 нь төрийн өмчийн буюу орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт,  57333 өрх нь хувийн 52 компанид  харьяалагддаг аж. Мөн  147752 өрхийн талаас илүү хувь нь даатгалд хамрагддаг гэж байгаа.

 “Хаан даатгал”  компанитай гэрээ хийж иргэдийг хохироосон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар нь төрийн өмчийн үйлдвэрийн газар бөгөөд 90419 өрхийг хариуцдаг байна. Гэрээний үндсэн дээр  Хаан даатгал компани 2013 онд 552.6 сая, өнгөрөн жил 190.4 сая, энэ  онд 269.1 сая төгрөг, нийт  тэрбум гаруй төгрөгийг төвийн зургаан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвөөр дамжуулан хууль бусаар авсан байжээ.


Харин Ард даатгал компани хувийн орон сууцны нийтийн аж ахуйн 52 компаниар дамжуулан  2013 онд 115.5 сая, өнгөрсөн жил 117.5 сая, энэ жил 13.5 сая төгрөг, нийт 246,5 сая төгрөгийн орлого олж, иргэдэд хохирол учруулсан байна. Шалгалтын явцад даатгалын компаниуд нэг айлаас мөнгө давхардуулан авдаг нь ч илэрсэн байна. Иргэн Улаанбаатар даатгал компанид даатгуулсан байлаа гэхэд Хаан даатгал, Ард даатгал компанид давхар даатгал төлдөг гэсэн үг.Тэгэхээр иргэдээс даатгалаа мөрөөрөө авахгүй бүр давраад хоёр гурваараа даатгалын мөнгийг давхар авч байсан байгаа юм.

Одоо даатгалын компаниуд ШӨХТГ-ыг буруутган худал мэдээлэл тараасан хэмээн заргалдаж байгаа сурагтай. Нэгэнт хэрэглэгч, иргэдийнхээ төлөө ажиллах, дуугарах ёстой газар хийхээ хийсэн. Хар хууль иргэдийн талд уу, мөнгөтэй даатгалын компанийн талд үйлчлэх үүү гэдгийг харах үлдэж байна.

 



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.