TIMES Ярилцлага


С.Болормаа: “Ачтан” эмнэлэг амбулторийн үзлэгийг төлбөргүй хийж байна

3 жил, 10 сар TIMES.MN
“Ачтан” клиникийн  эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Анагаах Ухааны Доктор С.Болормаатай ярилцлаа.


Ачтан”  эмнэлэг эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм байна. Хэр хугацаанд үргэлжлэх бол?

-“Ачтан” эмнэлэг  15 жилийнхээ ойн босгон дээр  12 дугаар сард  амбулторийнхоо  үзлэгийн төлбөр болох 20 мянган төгрөгийг  100 хувь чөлөөлөөд үнэ төлбөргүй, ор хоногийнхоо эмчилгээний  төлбөрийг 50-60 хувиар хөнгөлөлттэйгээр ард иргэддээ тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Цаашдаа амбулаторийн эмчийн үзлэгийн болон лаборатори шинжилгээний төлбөрийг улсын эмнэлэгүүдэд олгодог шиг Нийгмийн даатгалын сангаас  олгож, санхүүжүүжилтийг нь шийдвэл бид бүхэн ард иргэддээ дээрх үйлчилгээнүүдийг төлбөргүй үзүүлэх боломжтойгоо Эрүүл мэндийн яаманд уламжилж хүсэлт тавиад байна. Хувийн хэвшлийн эмнэлэг хэрхэн ажиллаж, улсын эмнэлгүүдийн ачаанаас үүрэлцэх боломжтойгоо харуулахын  тулд энэ сард төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг.

Гуравдугаар шатлалын улсын эмнэлгүүдэд  амбулаторийн эмчийн үзлэгийн төлбөрт 15 мянга, лаборатори шинжилгээний төлбөрт 55 мянгыг  Нийгмийн даатгалын сангаас өгдөг. Энэ асуудлыг шийдчихвэл цаашдаа “Ачтан” эмнэлэг дээрх тусламж, үйлчилгээг  ард иргэддээ үнэ төлбөргүй хүргэх боломжтой болох юм.

-Өнгөрсөн баасан гаригт Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар 3-р эмнэлэг болон “Ачтан” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх тухайгаа уламжилсан байх. Ямар хариу өгсөн бэ?

-2015 оны 12-р сарын 11-ны өдөр “Ачтан” клиникийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад явлаа. Бид хүсэлт тавихад “Сүүлийн гурав, дөрвөн жилийн тоо баримт, судалгаан дээр үндэслэсэн  албан бичиг  ирүүлээрэй, шийдэхийг хичээнэ” гэсэн. Ер нь үе үеийн сайдуудад  энэ асуудлаа тавьсаар ирсэн. Эмнэлгийн үйл ажиллагаатай ирж танилцдаг, асуудлыг ярилцая гэдэг ч өнөөг хүртэл  шийдээгүй л байгаа. Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар  хүн арддаа  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, ачааллыг бууруулах талаар зоримог шийдэл гаргана гэдэгт итгэж байна даа. 

-Шадар сайд 3-р эмнэлэгт ажиллаад залгуулаад хаяа дэрлэн орших “Ачтан”  эмнэлэгт ирсэн. Ачаалал хэр байгааг,  хувийн хэвшлийнхний хүч, бололцоо, чадварыг ашиглах боломжтойг ажиглаж, харьцуулалт хийсэн байх аа?

-Харин тийм. Удахгүй бидний асуудлыг шийдэж хариу өгнө гэж найдаж байна.

-Улсын эмнэлгүүдийн ачаалал хэтийдсэн  үед харин ч шийдэх нэг гарц. Ийм боломжоо ашиглабал хөрөнгө мөнгө хэмнэх, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, чирэгдлийг бууруулахаар юм биш үү?

-Тэгэлгүй яахав. Улсын эмнэлгүүдийн өглөө авсан шинжилгээний хариу  нэг хонож эсвэл  хоёроос гурав хоногийн дараа гардаг юм билээ.  Тэгвэл Манай “Ачтан био лаборатори” л гэхэд нэг цагт 300 хүний шинжилгээний хариуг  иж бүрнээр нь гаргах хүчин чадалтай, орчин үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн байгаа. “Ачтан-био лаборатори”  Герман, Японы өнөр хүчин чадал бүхий бүрэн тоноглогдсон анализатор аппаратуудтай юм. Шинжилгээний хариуг өндөр түвшинд гаргах бололцоотой учраас дараалал, чирэгдэл үүсэхгүй. Улсын эмнэлэг ачаалал, дугаарлалт ихтэй байдаг. Тэгэхэд  манай эмнэлэг 3 цагийн дотор л эмчийн үзлэг хийгээд, оношлоод хариуг нь тэр дор гаргаж өгөх учир иргэддээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх нэг гарцыг  нээж буй юм.

Хувийн хэвшлийнхний бүтээн босгосон, бий болгосон туршлага, ур чадвар, бололцоог ашиглаад хамтран зүтгэж байж л Монгол Улсын эрүүл мэндийн салбараа хөгжүүлнэ шүү дээ. Түүнээс энэ нь улсынх, тэр нь хувийнх гэж зааглаад, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах бололцоотой алхамыг хэрэгжүүлэхгүй хойшлуулмааргүй л санагддаг.

 Улсын эмнэлэг ачааллаа дийлэхгүй, хэвтэж эмчлүүлэх ор олдохгүй, дугаарлалт ихтэй, иргэдийг чирэгдүүлж байхаар  манай эмнэлэг рүү тодорхой хэсгийг яагаад шилжүүлж болохгүй гэж. Мэргэжлийн чадварлаг баг хамт олонтой, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, хангалттай боловсон хүчинтэй, орон байрны асуудал  шийдэгдсэн учраас 3-р эмнэлэг болон клиникийн бусад эмнэлгүүдийн ачаанаас үүрэлцээд явах бололцоо байна.

 

-Танай эмнэлгийн хувьд цаашид үргэлж үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийдэг болчихвол ачаалал маш их нэмэгдэж таараа. Үүнийг даах боловсон хүчин, тоног төхөөрөмж хангалттай юу?

-“Ачтан” эмнэлэг өнөөдрийн байдлаар 300 ортой, амбулаторийн 15 кабинет,  хэвтэн эмчлүүлэх 11 тасагтайгаар,  улсын хэмжээнд 32 төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 3-р шатлалын хувийн эмнэлэг юм.  Манай эмнэлгийн нийт  үйлчлүүлэгчдийн 70-75 хувь нь хотын, 25-30 хувь нь хөдөө орон нутгийн, 2-3 хувь нь гадаадын иргэд байна. Өнөөдөр манайх 200  гаруй ажиллагсадтай. Эдгээрээс  эмч 70,  сувилагч 110, эмзүйч 9, инженер техникийн ажилтан 14, үйлчилгээний ажилтан 36,  бусад 40 гаруй мэргэжилтэн,ажилтнууд  эрүүл энхийн манаанд зүтгэж  байна. Манай эмнэлгийн нийт эмч нарын 50 гаруй хувь нь эмчийн болон эрдмийн зэрэг цолтой тухайлбал Анагаахын Шинжлэх Ухааны Доктор 5, Анагаах Ухааны Доктор 7, Магистар 9, Эмчийн тэргүүлэх, ахлах зэрэгтэй 14 байна. Нийт сувилагч нарын 40 гаруй хувь нь сувилагчийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй.

Хоол боловсруулах эмгэг судлал, бөөр-дотоод шүүрэл, зүрх судас, уушиг, мэдрэл, мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс засал, хүүхэд, эмийн бус эмчилгээниий төв, эмэгтэйчүүд, нүд-чих хамар хоолойгээр төрөлжиж хэвтэн эмчлүүлж байна.

Дүрс оношлогооны тасаг нь рентген, компьютер томографи, өнгөт хэт авиа, уян дуран, зүрхний хэт авиа, тархины допплерографи, тархи, зүрхний цахилгаан бичлэгийн кабинеттай.

“Ачтан био лаборатори” нь Япон, Герман улсын орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, клиник, биохими, иммунологи, бактериологи, дотоодшүүрэл, вируслоги  гэх мэт чиглэлээр шинжилгээнүүдийг маш богино хугацаанд  хийж өдөрт үйлчилж байна.

Нөхөн сэргээх эмчилгээний тасаг нь гэрэл цахилгаан, ус-тос-шавар эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ, зүү төөнүүр, хануур,  сэтгэл заслаар үйлчилгээг үзүүлдэг.

Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх орны хүчин чадлын хувьд аваад үзэхэд улсын хэмжээнд 3-рт ордог. Тодруулбал улсын 1-р төв эмнэлэг 550, улсын 3-р төв 450, Ачтан эмнэлэг 300 ортой. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс багаж тоног төхөөрөмж, хүний нөөц,  өвчтөн хүлээн авч хэвтэн эмчлүүлэх орны хүчин чадал гээд олон үзүүлэлтээр тэргүүлэх зэргийн хувийн хэвшлийн хамгийн анхны клиникийн эмнэлэг. 


2013 онд Эрүүл мэндийн яамны 158 дугаар тоот тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн 10 хороо, Хан-Уул дүүргийн бүх хорооны  250 мянга гаруй иргэдэд мэс заслын яаралтай болон төлөвлөгөөт үйлчилгээг хөнгөн шуурхай чирэгдэлгүй, мэргэжлийн өндөр түвшинд, төлбөргүй  үзүүлж байна. Энэ хугацаанд дээрх хороодын иргэдэд нийтдээ 2000 орчим яаралтай болон төлөвлөгөөт хагалгааг хийгээд байна.

-Үзлэгийг төлбөргүй хийх болсноос хойш ачаалал нэмэгдэж байна уу?

-Зорьж ирж эрүүл мэндийн тусламж,үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж байна.  Хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо ч эрс ихэслээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд  200 ор дүүрчихээд байна. Амбулторийн тасаг нь  өглөө 9 цагаас оройны 16.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үзлэг, үйлчилгээ үзүүлж байна.

-Ор хоногийн төлбөрийг хэдэн хувиар бууруулж байгааг сонирхож болох уу?

-Өдрийн 60 мянган төгрөгийн үнэтэй өрөөний төлбөр 25 мянга, 4 ортой 40 мянган төгрөгийн өрөө 18 мянган төгрөг болж хөнгөлөлт үзүүлж байна.

-Улсын гуравдугаар шатлалын эмнэлэгт  нэг хүнд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр гэж улсаас хэр хэмжээний мөнгө шилжүүлдэг юм бэ?

-Өвчнийхөө оношоос шалтгаалаад янз бүр. Харилцан адилгүй гэсэн үг.  Жишээлбэл, цусны даралт ихсэх өвчтэй хүн улсын эмнэлэгт 7-10 хоног хэвтэн эмчлүүлэхэд Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгөх ерөнхий санхүүжилт нь 300.000 төгрөг байдаг юм билээ.  Гэтэл манай эмнэлэгт тухайн оношоор хэвтэн эмчлүүлээд гарахад 169 мянган төгрөгийн төлбөртэй байх жишээний. Ийм зөрүүтэй. Заримынх нь  манайхаас өндөр байхад, бас хямдхан нь ч бий. Гэхдээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа  чанар, хүртээмж, орчин нөхцлийг харьцуулахад хувийн хэвшлийнх илүү байдаг. Манай эмнэлгийн хэвтэн эмчлүүлдэг өрөөнүүдийн тохижилтын хувьд аваад үзэхэд дотроо ариун цэврийн өрөөтэй, ванн, душтай, зурагт, хөргөгчтэй. Өдрийн 3 хоолтой гэх мэтчилэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд гарах бодит өртөг зардлыг тооцон үүний үндсэн дээр эмнэлгүүдийг санхүүжүүлсэнээр иргэдийг эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа хувиасаа төлбөр төлөхгүй байх нөхцөл бүрдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх сайн талтай.

-Хэрвээ улсын клиникийн эмнэлгүүдэд олгодог санхүүжилтийг  танай эмнэлэгт олгохоор боллоо гэвэл нарийн мэргэжлийн үзлэг, үйлчилгээг ч төлбөргүй үзүүлэх үү?

-Тэгэлгүй яахав. Манай эмнэлэг энэ 15 жилийн хугацаанд нийт улсын хэмжээнд 32 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн.

Үүнээс тодруулж хэлбэл, улсын 3-р эмнэлэг мэдрэлийн  мэс заслын тасагтай. Хувийн хэвшлийнхнээс манай эмнэлэг анх 2007 онд  Мэдрэлийн мэс заслын тасаг нээсэн. Ардын эмч А.Нота тэргүүтэй мэдрэлийн мэс заслын баг хамт олон улсын 3-р эмнэлгийн дээрх тасгийнхантай  адилхан тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна Монголд эмчилдэггүй  тархины хавдаруудыг анагаах  болсон шүү дээ.  2012 онд Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар 33 өвчин Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй гэсэн жагсаалт гаргасан байдаг. Эдгээр өвчнүүдийн 8 нь мэдрэлийн мэс заслын өвчин. Үүний 3-4 өвчнийг нь заавал гадагшаа явахгүй, Монголдоо буюу “Ачтан” эмнэлэг оношилж, мэс заслын аргаар эмчилж, олон хүнд амьдрал бэлэглэж байна. Ардын эмч А.Нота тэргүүтэй мэдрэлийн мэс заслын  баг хамт олон тархины хүнд мэс заслуудыг амжилттай хийсээр ирсэн. Тодруулж хэлбэл, тархины гурав, дөрөвдүгээр ховдлын хавдар, суурь хэсгийн хавдар, тархины баганы бүтцийн хавдар, тархины мэдрэлийн сонсголын хавдарыг оношилж мэс заслын аргаар эмчилж байна.

Манай эмнэлгийн хэтийн төлөв гадагшаа чиглэж байгаа урсгалыг зогсоож, ард иргэдийнхээ мөнгийг хэмнэе, Монголдоо оношилдог, эмчилдэг болоё, эрүүл мэндийн үйлчилгээг шинэ шатанд гаргая гэсэн том зорилт дэвшүүлээд ажиллаж байна даа 2016 онд багаж, тоног төхөөрөмж, техникийн томоохон шинэчлэл хийж, 128 зүслэгтэй компьютер томографи, ангиографи, MRI аппарат зэргийг суурилуулахаар төлөвлөөд байна.

Д.Дэлгэр 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.