Аналитик


Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-аас хоёр гишүүн гарын үсэг зуржээ

4 жил TIMES.MN

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо  19 болж УИХ-д өргөн барих нь гэсэн мэдээлэл тархлаа. Энэхүү бичигт АН-аас УИХ-ын гишүүн Х.Баттулга зурсан бололтой байна. Энэ талаар өчигдрийн бүлгийн хурал дээр ч яригдсан гэх. Х.Баттулга ганцаараа бүлгийнхээ шийдвэрийг зөрсөн биш бололтой. Учир нь  дахиад нэг гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурсан гэнэ. Энэ нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг үү, Н.Алтанхуяг уу  хэмээн хардацгааж байгаа аж. Шударга ёс эвсэлд харьяалалтай, УИХ-ын гишүүн Г.Уянга ямар ямар гишүүд гарын үсэг зурсныг одоогоор нууцалж буй. Удахгүй өргөн барихаар зэхэж байгаа гэнэ.   

МАН-д ч тэр, Шударга ёс эвсэлд ч гэсэн энэ Засгийн газрыг унагах бодолтой гишүүд цөөнгүй бий.  Харин АН-ын бүлэг нэг цул байж чадвал Ч.Сайханбилэгийн суудал бат. Харин бүлгээс нь гишүүд нь ийнхүү онцгойрч, багийн тоглолтонд зангигдахгүй бол засгаа хөмөрч мэдэх талтай.

"Н.Алтанхуягийн Засгийн газрын үед ч ийм л байсан, одоо ч тийм л байгаа. Бүлэг гэдэг бол намын гишүүдээс бүрддэг. АН-ын бүлэг бол засгийн эрхийг барьж байгаа намын бүлэг. 

УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа. Энэ бүлгийг бүрдүүлдэг гишүүд АН-ын нэр нүүрээр сонгуульд орж, ялалт байгуулдаг учраас намын дүрмээ барьж, мөрдөж ажиллах үүрэгтэй.  Өнөөдөр сонгууль ойртож байгаа учраас энэ үүргээ илүү сайн мэдэж байгаа гэж бодож байна. Бүлэг шийдвэрээ гаргасан байхад бүлгийн шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцно гээд эхнээсээ хариуцлага тооцоод эхэлчихсэн. Энэ арга хэмжээ явна. Зохион байгуулалттай, тодорхой үзэл бодлоо нэгтгэх гэж намд харьяалагддаг болохоос хэн нэг хүний шахалт шаардлагаар намд орж ирээгүй гэж бодож байгаа. Тийм учраас шийдвэрүүдийг хүндэтгэж дагах үүрэгтэй.


Чадахгүй бол намаас гарах ёстой. Бүлэг дээр гишүүдэд ярьсан хэлсэн зүйл бий. Дүрмээ л дагаж ажиллана. Үзэл санаа нийлэхгүй байж болох ч олонхио дагадаг ардчиллын үнэт зүйл байдаг. Ганц нэг хүний тоглолт сонин биш. Ерөнхий сайдыг өргөн бариагүй байна. Барьсны дараа хэн зурав, яагаад зурав гэдэг асуудал яригдана. Зурсных нь төлөө хариуцлага тооцно гэж ярихгүй, харин албажаад ирвэл асуудлыг ярина. " гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар сануулга өгч буй.

Гэвч түүний сануулгыг дагах эсэх эргэлзээтэй болж ирлээ. Огцруулах бичигт Женкогоос эхлээд гарын үсэг зураад эхэлбэл, цаашлаад Н.Алтанхуяг, түүний фракцынхан нэгдвэл Ч.Сайханбилэгт шаанс үгүй болно. Хэрвээ Ч.Сайханбилэг огцорвол засаг тарахаас гадна АН-ынхны хооронд зодоон улам ширүүснэ. Хариуцлага тооцох гэсэн алхам нь зарим нэгийг өрх тусгаарлаад гарахад ч хүргэж мэдэх юм.

Х.Тэргэл  

 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.