Аналитик


Төсвийн мөнгөөр угжуулдаг эрх танхи дэд, орлогч нараас салъя

3 жил, 11 сар TIMES.MN

Хямрал гэдэг үг хэлэхээс зайлсхийсэн улстөрчид, эрх баригчид эдийн засгийн хүндрэл үүссэн. Хямрах болоогүй хэмээн мэдэгдэж байв. Жил гаруй хугацаанд ингэж аргалсаар байтал төсвийн бүхий л дансаа хаахаас өөр аргагүй байдалд хүрэв. Өвдөлтийг ясанд нь тулгав гэдэг шиг хямралыг эцсийн цэгт нь хүргэж байж сая л нэг төсвийн тодотголоо өргөн барьж, төрийн албаны орон тооны асуудлыг хөндлөө.

Сангийн сайд Болорын хэлж буйгаар ирэх оноос дэд сайдгүй байх асуудал хөндөгдсөн гэв. Мөн зарим эх сурвалжийн хэлж буйгаар агентлагуудыг хумж тоог нь цөөлөх тухай ч яригдаж байгаа аж. Оройтсон ч гэсэн сүүлийн үед сонсогдоогүй сонсголонтой мэдээлэл байлаа. Төрийн данхайсан бүтцийг иргэний нийгмийн байгууллага, иргэд, улстөрийн зарим намынхан шүүмжилсээр ирсэн. Бялуу хуваалт ингэж таараад байгаа болохоор эвсэл, түншлэл хийж буй улстөрийн намынхан чихнийхээ хажуугаар өнгөрүүлсээр ирсэн.

Хатуухан хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөр угжуулж суудлын бөглөөс болж байдаг дэд сайд, орлогч дарга, чиглэл үүрэг нь давхцдаг агентлагуудыг эртхэн цомхотгох байсан юм. Улстөрийн намын нэрээр хоосон тэжээлгэж хаяа телевиз, сонин, сайтаар ухаалаг маягтай ухаан муутай яриа өгч суухаар  хувийн хэвшилд ажиллаж ачааны хүндийг үүрч үзэх хэрэгтэй. Өнөөдөр салбарын сайд нар дэд сайдтай, газар хэлтэс нь орлогч даргатай, агентлагууд орлогч даргатай, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд бүгд дэд захирал, орлогч даргатай. Дэд, орлогч гэх албан тушаалаар улстөрчид нэгнээ шагнадаг, бялуу хуваалцдаг, үнэлж зардаг жишгийг таслах цаг болжээ. Угжны хүүхдүүд шиг амьдарсаар ирсэн орлогч, дэд гэх сэтэр зүүсэн, зүүхийг хүссэн нөхөд өөрсдийгөө төрийн ачаанаас үүрэлцсэн, их ажил амжуулдаг хэмээн хамгаалах байх.


Арга ч үгүй, юу ч хийхгүй, хариуцлага хүлээгээд байхгүй ч хангамж эдлэн сул цалин зооглочихоод явах нь их л таалагдсан байгаа. Бас болоогүй дараагийн сонгуульд өрсөлдөхөд төрийн алба хаасан сэтэр нэмнээс болдог. Ийм амттай, зөөлөн суудлаас буухыг хүсэх хэн байх билээ. Засгийн газарт өөрчлөлт орох, огцрох бүрт том цүнхээ барин төрийн ордноор гүйдэлтэй болдог нөхдүүд дэд сайд, агентлагийн орлогч даргын суудлыг эзэлдэг. Өнөөдөр ч Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дэд сайдын төлөө, агентлагийн даргын суудлын төлөө далд тулаан эцэстээ тулсан. Өрсөлдөөн ширүүсэж эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, тэнэг мангартаа тулаад байсан сураг ил болсон. 

Төрийн нэртэй агентлаг, газар, сургууль, сургалтын төвд дэд захирал, орлогч дарга гэдэг шагналын суудал бий. Адгийн наад зах нь мэргэжлийн сургалтын коллежүүд хүртэл дэд захиралтай. Энэ бүх суудлыг цомхотгоод, хангамжийг нь хэмнэвэл төсөвт хэчнээн тэрбум төвлөрөх вэ?






Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.